Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

БИД АМЬД ХҮМҮҮС

Posted by bolod on September 8, 2012

Зунжин номын дэлгүүрээр олигтой сонин байсангүй. Харин саяхан номын дэлгүүрээр шагайтал Айн Рэндийн шинэ ном орчуулагдаад хэвлэгдсэн байна. “Бид амьд хүмүүс” гэдэг нэртэй. Энэ нь түүний анхны бүтээл ажээ. Өмнө нь Айн Рэндийн хоёр ч роман монгол хэлнээ орчуулагдан гарсан билээ. Анхных нь болох “Эх сурвалж”-ийг философич, доктор С.Батчулуун, хоёр дахь нь болох “Атлантын нуруу тэнийв” зохиолыг Ж.Нэргүй орчуулсан санагдана.

Айн Рэндийн бүтээлүүдийн оргил нь “Атлантын нуруу тэнийв” хэмээх бүтээл мөн хэмээн судлаачид дүгнэдэг юм билээ. “Эх сурвалж” бүтээл нь чухам энэ “Атлантын нуруу тэнийв” хэмээх зохиолыг бичих бэлтгэл, дадлага болсон гэж ярьдаг. Тэгвэл энэ удаад орчуулагдаж гарсан “Бид амьд хүмүүс” зохиол нь анхных гэдэг утгаараа ч, “Эх сурвалжийн” өмнө бичигдсэн гэдгээрээ ч дараа дараагийн зохиол бичигдэх урьдчилсан бэлтгэл болсон гэж хэлж болох нээ. Нэг үгээр хэлбэл зохиолч, “Бид амьд хүмүүс” бүтээлээр эхэлж, “Эх сурвалжаар” бие халаагаад, “Атлантын нуруу тэнийв” зохиолыг бичсэн байх нь.

Утга зохиолын хувьд ч юм уу, эсвэл философи, үзэл баримтлалын хувьд ийнхүү шат ахисан гүнзгийрсэн байж болох л юм. Гэхдээ мэргэжлийн хүний нүдээр харахад тийм байж болох. Жирийн уншигчийн нүдээр харахад эдгээр зохиолуудыг энэ нь илүү, тэр нь дутуу гэж хэлэхэд үнэндээ хэцүү билээ. Гурван бүтээл гурвуулаа, хоорондоо огт хамаагүй өөр өөр үйл явдлыг харуулах боловч, хоорондоо ямар нэгэн юмаар салшгүй холбоотой мэт сэтгэгдэл төрнө. Эх сурвалж ч тэр, Атлантын нуруу тэнийв зохиол ч адил, Бид амьд хүмүүс ч ялгаагүй. Зохиолын баатарууд бүгд л тухайн нийгэмдээ гадуурхагдсан, нийгмийн олонх гишүүдээс эрс өөр, гэвч өөрийн гэсэн бодолтой хүчирхэг бие хүмүүс ажээ.

Нэг талаас уран зохиол боловч нөгөө талаас философийн бүтээл. Уран барилга, төмөр зам, металлургийн салбарын тухай ном юм шиг боловч хувь хүний дотоод хүч чадлын талаарх бүтээл. Уран барилгач, төмөр замын эзэн, металлургич нарын тухай мэт боловч бүгд л бүтээгч хувь хүмүүсийн тухай ном. Эдгээр мэргэжлүүд нь зохиолын баатруудынхаар (зохиолчийнхоор) худлаа хэлдэггүй мэргэжлүүд ажээ. Тиймээс л тэд энэ мэргэжлийг сонгож авахаас өөр аргагүйд хүрдэг бололтой. Тийм мэргэжилтэй хүн л зохиолын гол баатар баж болохоос биш өөр хүн зохиолын баатар байж таарахааргүй юм. Айн Рэндийн зохиолд жишээ нь Түүхэй хэмээх нийтлэлчийн дүр гардаг л даа. Гэхдээ Түүхэй гэдэг нь хэвлэлээр дамжуулан, мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтийн санаа бодлыг удирдаж байгаа гэдэгтээ итгэдэг өчүүхэн хүний дүр. Юу ч хийж бүтээдэггүй боловч үг хэлээр л бүхнийг удирдахыг санаархдаг хүний дүр. Харин худлаа хэлдэггүй мэргэжилтэй зохиолын гол баатрууд үйл хэргээрээ хэн болохоо батлан харуулцгаадаг юм.

Гурван зохиол гурван өөр бүтээл боловч гурамсан бүтээл гэж ч хэлж боломоор санагдана. Хоорондоо шууд хэлхээ холбоо байхгүй ч яах аргагүй холбоотой, бие биенээс урган гарсан, зохиолчийн хатуу байр суурийг илтгэн харуулсан бүтээлүүд билээ. Эдгээр зохиолуудыг уншихад уйтгар төрөх мэт боловч дагаад маш их эргэцүүлэл төрүүлдэг бүтээлүүд.

Шинэ ном хэвлэгджээ. Унших номтой боллоо.

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: