Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

ШУУД “АРДЧИЛАЛ”

Posted by bolod on September 27, 2012

“Шууд ардчилал” нэртэй сургалт болжээ. Ерөнхийлөгч санаачилж, ерөнхийлөгчийн ивээл доор зохиогдож, ерөнхийлөгчийн урилгаар Швейцариас мэргэжилтнүүд уригдан ирж, ерөнхийлөгчийн шууд оролцоотойгоор, ерөнхийлөгчийн баг зохион байгуулж, ерөнхийлөгч ерөнхийлөн найруулжээ. Бүхэлдээ гол дүрд нь ЕРӨНХИЙЛӨГЧ ерөнхийлжээ. Үнэхээр ерөнхийлж байгаа бол болж л байна. Худлаа наанаа ерөнхийлж байгаа бол харин хэцүү дээ. Ерөнхийлөгчийн шоу биш биз. Хоёр жилийн настай “шууд ардчилал” байх вий. Хэрэв шоудаж байгаа бол шоудаагүй нь дээр. Нийслэлийг нүүлгэнэ, ногоон хэрэм энээ тэрээ гээд л түүний ерөнхийлсөн олон ажлын араас орвол харин утгагүй юм болно. Маш хэрэгтэй олон санаачлагыг улс төрчид авч давхиад, буруу зөрүү үйлдээд сүүлд нь авч ч болохгүй хаяж ч болохгүй зүйл болгох нь олонтаа.

Швейцарийн туршлага нь бол харин авууштай юм билээ. Орон нутгийн төсвийн эрх мэдлийг жинхэнэ утгаар нь иргэддээ өгчихдөг, иргэд нь бүх асуудлуудаа нээлттэй хэлэлцэж шийдвэрлэдэг гэнэ. Иргэдээр нээлттэй ил тод хэлэлцүүлж байгаад хязгаарлагдмал төсвөө юунд хэрхэн зарцуулахаа шийддэг. Энэ нь бүх иргэдийн тэр дундаа цөөнхийн саналыг ч гэсэн сонсдог давуу талтай. Дутагдал нь бүх хүний саналыг сонсож, асуудлыг тал талаас нь хэлэлцсээр байгаад цаг хугацаа их алддаг юм байна. Гэхдээ бүх хүн саналаа тусгасан, бүгдээрээ хэлэлцсэн учраас, дараа нь буруу зөрүүгийн тухай ярих шаардлагагүй, ихэнхдээ зөвддөг, сэтгэл ханамж өндөр байдаг ажээ. Дагаад иргэдийнх нь оролцоо, ухамсар ч дээшилдэг, идэвх сэргэдэг, зан үйл нь өөрчлөгддөг, бүхэлдээ нийгмийн сайн сайхан байдалд эерэгээр нөлөөлдөг байна. (Энэ талаар зөндөө их юм ярьж болно, гэвч товчилъё.)

Төсөв бол нийтийн өмч. Тиймээс төсвийг нийтийн зорилгын төлөө, олон нийтийн тусын тулд тэдэнд нээлттэй байлгаж, ил тод мэдээлж, хамтран хэлэлцэж, тэдний хараа хяналт дор зарцуулдаг байх ёстой. Өнгөрсөн жил батлагдсан төсвийн тухай шинэ хууль нь энэ чиглэлд хийгдсэн шинэ алхам, эерэг өөрчлөлтийн эхлэл гэж ойлгогдож байлаа.

Гэхдээ ерөнхийлөгчийн ярьж байгаа шууд ардчилал болон АН-ынхны ярьж үйлдэж байгаа хоёрын хооронд зарчмын зөрүү гарч магадгүй. Шууд ардчилал болон төлөөллийн ардчилал хоёр ялгаатай гэж хэлж болох л юм. Гэхдээ шууд ардчилал бодит байдал дээр хэрхэн хэрэгжих нь энэ удаагийн орон нутгийн сонгуулиас ихээхэн хамаарна. Нэг талаас ерөнхийлөгч, шууд ардчиллын зарчмыг нэвтрүүлнэ хэмээн Швейцарийн туршлагыг ярьж байна, төрийн зарим эрх мэдлийг орон нутагт шилжүүлнэ хэмээн мэдэгдэж байна. Нөгөө талаас иргэдийн төлөөлөгчдийн хуралд намууд хүч түрэн орж ирэх гэж байна. УИХ-аас баталсан орон нутгийн сонгуулийн тухай хууль нь ерөнхийлөгчийн ярьж байгаагаас зарчмын ялгаатай байна.

Хэрэв иргэдэд эрх мэдлийг жинхэнэ утгаар өгөх гэж байгаа бол “иргэдийн төлөөлөгчдийн” сонгуулиас намууд савраа татчих хэрэгтэй байгаа юм. Иргэдийн төлөөлөгчдийн хурал нэртэй мөртлөө тэнд намууд нэр дэвшүүлээд явчихаж байгаа нь “иргэдийн” гэдэг утгыг зүгээр л арчаад хаячихаж байгаагаас ялгаагүй. Орон нутаг дахь эрх мэдлийг нэмэгдүүлж, тэнд иргэд шууд ардчиллыг хөгжүүлнэ гэж нэг талдаа яриад, сонгуулийн хуулиа болохоор намуудаас хамааралтай хийчихээр хоорондоо авцалдаатай гэж ойлгогдож байна уу? Наанаа гоё үг хэлж байгаа боловч цаагуураа иргэдийн нэрээр намууд л орон нутгийн эрх мэдлийг хуваарилж авч байгаа харагдаад байна. АН уг нь ардчилсан гэсэн нэртэй.

Анги нийгмийн засаг гэдэг адилхан ч юм уу даа, гэж Р.Чойном бичжээ. Өчигдрийг хүртэл “Удирдлагын академи”, “Намын дээд сургууль”-ийн зүй ёсны үргэлжлэл байлаа. Өнөөдөр шууд ардчилал сургалтад, иргэд нэртэй намын ажилчдыг бэлтгэж байна. Өчигдөр иргэн байсан Бурмаа өнөөдөр эрх баригч болчихоод орон нутгийн сонгуулийн хуулийн төсөл санаачлан батлуулж байна. Гэхдээ эрх баригчдын эрх ашгийг хамгаалсан хуулийн төсөл боловсруулсан гэж хэлж болно. Түүний буруу ч гэж юу байхав. ТЭР одоо эрх баригч, ТЭР одоо намын гишүүн, ТЭР одоо “иргэн” биш. “Иргэн” Бурмааг “ууршуулчихсан”. Одоо эрх баригч Бурмаа гэж харин цоо шинэ хүн бий. Эрх баригч Бурмааг цоо шинээр бүтээж байна. Түүний боловсруулсан хуульд иргэний эрх ашиг гэх зүйл бараг л алга. Боддоо, иргэдийн төлөөлөгчдийн хуралд намууд жагсаалтаар хүнээ сонгуулаад байхаар үүнийг иргэдийн төлөөлөгчдийн хурал гэж нэрлэж болох уу? Намуудын төлөөллийн хурал гэж нэрлэвэл илүү зохино. Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас намуудыг зайлуулах тухай хэдэн жил ярьсан ч, ардчилагчид яг эсрэгээр иргэдийн төлөөлөгчдийн хуралд намын жагсаалтаар сонгогдох хуулийн төсөл боловсруулаад батлуулчихлаа.

Шог зохиолч, нийтлэлч Цэнддоогийн “манай сумын намууд” гэж нэг шог бий. Шоглоомтой нь энэ шог сумын амьдралд жинхэнэ утгаараа бууж ирэх гэж байна. Намууд, намын эрх баригчид саяхан л хатуу гишүүнчлэлээс татгалзах санаачлагыг гаргаж, дэмжицгээж эхэлсэн. Тэр дундаа АН-ынхан бүр ч чанга дугарч байсан. Гэтэл эсрэгээр орон нутаг дахь намын байгууллагыг бэхжүүлэх зорилгоор, орон нутаг дахь намын эрх мэдлийг дээшлүүлэх зорилготой хуулийг боловсрууллаа. Үр дүнд нь намууд гишүүнчлэлийн хойноос хөөцөлдөхөөс хаашаа зайлах билээ. Намуудын нэр хүнд унаж, иргэд олон нийт намаас дайжаад зугтаад байхад, тэд тэгэхээс тэгэх гэж намд элсэхийг албадаж, намаар л дамжиж бүх ажил хөдөлдөг механизмыг санал болгож байна. “Нам бол манай эрин үеийн оюун ухаан, нэр төр нандин чанар мөн” гэж хашгирах л дутуу байна.

Орон нутагт намууд байхгүй бол болохгүй гэнэ. УИХ-ын сонгуультай нэгэн ижил зарчмаар боловсруулсан гэнэ. Гэтэл УИХ бол хууль тогтоох институци, харин ИТХ бол орон нутгийн өөрөө өөрийгөө удирдах байгууллага. Зарчмын ялгаатай хоёр институцийг нэг загвараар цутгах гэж муйхарлаж байна. Орон нутагт намууд оролцосноор илүү хариуцлагатай болох юм гэнэ. Энэ логикийг цааш нь хөөвөл, бүх албан газруудад намын байгууллагуудыг байгуулах шаардлоагатай болно. Цаашилбал өрх гэрт намын гар хуруу шургалах шаардлагатай болж эхэлнэ. Өөрөөр хэлбэл намын сүлжээг хязгааргүй сунган татаж, намын эрх мэдлийг тэлж, намын гар хуруу гэр бүлийн асуудал, төлөвлөгөө норомын биелэлтэд ч нөлөөлдөг хуучин бүтэц рүүгээ шилжих нь. Өрх гэр бүрт, албан байгууллага хамт олон бүрт, хороо хорин сум баг бүрт намаас томилогдсон комиссар ажилладаг болох шаардлага тулгарна. НАМ ЧАМАЙГ ХАРЖ БАЙХ БОЛНО. Чи намаас гадуур хэнч биш болж, намчлагдах болжээ. Ардчилагчдын заасан замаар намчирхах уу?

 

Advertisements

3 Responses to “ШУУД “АРДЧИЛАЛ””

  1. Агваандоржийн Саруул said

    Тайлбарын уншлаа. Энэ нийтлэл өөрөө маш улс төржсөн, ойлгохоос илүү шүүмжлэх гэсэн санаатай юм байна. нэгэнтээ УИХ нь ч, Засгийн газар нь ч, ИТХ-ууд нь ч, иргэд нь ч “Иргэний оролцоо”-г хэрхэн бодит болгох талаар өнгөрсөн жилүүдэд юу ч хийсэнгүй учраас Монголд хэн нэгэн институц энэ нүсэр асуудлыг бодлогын чанартай авч явахгүй бол хэн ч үүнийг хийхгүй, хийе гэж санаа тавьсан ч үгүй болохыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Энд бичиж байгаа хүн өөрөө иргэний оролцооны талаар ямар зүйл санаачилсан бол? Иймэрхүү шүүмжлэл тавьаг хүмүүс замаас аваад захаар дүүрэн. харин санаачлаад хийж байгаа, ард түмнээс шууд сонгогдсон ерөнхийлөгч иргэдийн эрх мэдлийг хуульчилна гэж яриад байхад намуудыг ч хутгаад, асуудлаа ойлгохгүй байгаад гүнээ маш гүнээ харамсаж байна. Нийтлэлч нар өөрсдөө хамаг асуудлыг хутгаад байгаа нь үнэхээр гйахаш төрүүлж байна.

    • bolod said

      Миний бичсэнийг буруу ойлгосон бололтой. “Шууд ардчилал”-ын зарчмыг, ерөнхийлөгчийн санаачлагыг би бүрэн дэмжиж байгаа, гэхдээ энэ тийм амархан бүчтих ажил биш учраас битгий няцчихаасай, буцчихаасай гэсэндээ анхааруулж, өөрийн эргэлзээгээр эхэлж байгаа царай нь тэр. Харин орон нутгийн сонгуульд намууд квотоор нэр дэвшүүлж байгааг би эсэргүүцэж байгаа юм. Квотоор байтугай, намаас нэр дэвшүүлж өрсөлдөхийг ч эсэргүүцэж байсан, эсэргүүцсээр ч байх болно. Түүнтэй эсрэгцүүлж, ерөнхийлөгчийн санаачлагыг хөндсөн юм.

    • bolod said

      Би нийтлэлч биш блогчин. Гэхдээ Нийтлэлчид бүх юмыг хутгаж хаядаг нь харин үнэн шүү. Хүлээн зөвшөөрч байна.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: