Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

ЯВГАН ХҮНИЙ ЗОВЛОН ИХ

Posted by bolod on October 7, 2012

Өнгөрсөн жил бороо хур элбэгтэй байлаа. Овоо ч устай бороо зунжин орлоо. Борооноос үүдээд олон асуудал гарч байгаагийн нэг нь явган зорчигчийн зовлон. Борооноор хамгийн их зутардаг нь явган зорчигчид юм байна. Ядаж байхад яг хэрэгтэй үед такси ч зогсохгүй, автобус ч олдохгүй. Бороо ороод зам усаар дүүрээд, хашлагаа халиад (саваа халиад мэлтэлзэнэ гэдэг шиг) ирэхийн цагт такси зогсоноо гэж гонж. Автобуснууд нь олдоноо гэж байхгүй. Ядахад буудал дээр хоргодчихоор саравч сүүдрэвч ч байдаггүй. Улаанбаатарт явган хүний зам гэхээр юм байдаггүй нь бороотой үед илүү эрс мэдэгдэнэ.

Бороотой үед явган хүний гэж нэрлэх замаар жоохон явж байтал танд хоёр төрлийн саад тулгарна. Эсвэл та усан хөшиг татсан саадыг нэвтлэн гүйх хэрэгтэй, эсвэл хаашаа ч явах гарцгүй нэлийсэн их усанд тулна. Барилгуудын усны хаялга ихэнхдээ яг явган хүний зам руу усаа хаялна. Их устай борооны үед энэ нь усан хөшиг татуулсан саадтай замын аялал шиг таны самбааг шалгана. Усан хөшиггүй байлаа гэхэд явган хүний зам тэр чигтээ усанд автчихсан байхад та хаагуур явах вэ? Таны өмнө хоёр сонголт байна. Эсвэл шууд ус туулах, үгүй бол өөр зам сонгох. Аргаа барсан явганчууд аргагүйн эрхэнд өөр замыг сонгоно. Тэр нь зүлгэн дээгүүр (тэр нь зүлэг гэхээсээ шавхай болчихсон байна) гарах, хайсан дээгүүр дэнжигнэх, авто замын боржур дээгүүр алхахаас өөр сонголт үлдэхгүй. Хайсан дээгүүр явбал хальтарч унах гэмтэй. Авто замын боржур бараадвал хажуугаар өнгөрөх машинууд ус үсчүүлэн, усаар шүршээд өнгөрцгөөнө. Зүлгэн дээгүүр явбал та шавар шавхай туучихаас өөр сонголтгүй. Шавар шавхай туучсаар нэг юм тойрлоо гэхэд дараагийн саад дахиад л гараад ирнэ. Хаана юу байгааг ёстой бурхан л мэднэ дээ. Их усан дунд таггүй тараншейны нүх хаана ч байж мэднэ.

Аргаа бараад Явган зорчигчид явган хүний зам гэх юмгүй ус туучин таваргацгаана. Зарим газар уртын харайгч шиг дээр дээр дэгдэн үсчиж, зарим газарт хашаанаас зүүгдэн сармагчин шиг дүүлж, зарим газарт циркчин аятай хашлага, хайс, мод чулуу дамжин тэнцэж ядан дэнжигнэцгээнэ. Өөрсдөдөө зориулж “нийслэлчүүд өвөлдөө уран гулгалтаар хичээллэдэг, зундаа уртын харайлтаар хичээллэдэг” гэсэн онигоо зохиочихож. Тэгээд тэгээд өөрийн эрхгүй явах газаргүй мухардахаараа ус туулахаас өөр аргагүй болж байгаа харагдана. Зарим сэргэлэн зорчигч хоёр хөлдөө гялгар уут углаад уячихсан баатарлаг туулж байгаа нь харагдана.

Аргаа барсан нийслэлчүүд бултаараа усны гуталжих аянд хамрагдаж байна. Энэ аян нь хэн нэг улс төрчийн санаачлагаар бус, харин урагшгүй улс төрчид, нийслэлийн удирдлагын ажилгүй арчаагүйн гайгаас болсон аргагүй байдлаас үүдсэн жам ёсны хэрэгцээнд тулгуурласан болохоор харин нэлээд далайцтай, өргөн хүрээг хамарсан аян болж байна. Усны гутлын наймааны шинэ төрөл үүсч, зарим нэг нь багахан ашиг олж, хотоороо хотлоороо усны гуталд татвар төлцгөөв. Усны гуталд төлсөн татварыг нийлүүлбэл овоо дориун мөнгөн дүн гарах нь баараагүй. Дийлэнх нь урагшаа гарсан энэ мөнгөний эдийн засгийн хохирол, алдагдсан боломжийн үнэ цэнийг харин хэн ч үнэлж чадахгүй.

Жолооны курст сурч байх үед “зам” гэж тодорхойлолтыг өгдөг байж билээ. Хэрвээ би андуураагүй бол зам гэдэгт, машин явахад зориулагдсан зорчих хэсэг, тусгаарлах зурвас, явган хүний зам зэргийг бүгдийг нь багтаасан байдаг. Өөрөөр хэлбэл замыг цогцоор нь ойлгодог. Харин одоо зам тавина, зам засна гэхээр зөвхөн хашлага сольж, зорчих хэсгийг хучихыг л ойлгоод байх шиг. Завсарт нь явган хүний зам гэсэн тэр хэсэг нь орхигдоод байдаг юм болов уу даа гэж анзаарагдаж байна. Зорчих хэсгийг ч яахав, хэрүүлтэй шүүмжлэлтэй, чанартай чанаргүй нэг юм хучаад байх шиг байна. Харин явган хүний замыг засахад л огтхон ч анхаарал хандуулахгүй байна.

Ядаж байхад энэ ядарсан явганчуудын (энэ нь явган пролетариудын гэдэгтэй бараг нэг утгаар ойлгогдоно) явган хүний зам нь нийтийн эзэмшлийн зам талбай гэдэг ангилалд багтдаг бололтой юм. Нийтийн эзэмшлийн гэхээр хэний ч мэдлийн бус гэдэг ойлголтын инерци хадгалагдсаар л байна. Хүүхдийн тоглоомын талбай, сургуулийн биеийн тамирын талбайнуудыг булааж дуусаад одоо явган хүний замуудыг мэрсээр байна. Зам өргөсгөх, засах болгонд явган хүний зам дотор талаасаа шахагдаж, барилга баригдаж өргөтгөгдөх тусам гадна талаасаа танагдсаар явган хүнд үнэндээ явах зам үлдсэнгүй. Явган хүн дандаа явган хүний замаар, явган хүний гарцаар гараад гэрээсээ ажил руугаа очих боломж байхгүй гээд хэлчихэд үнэндээ хэтрүүлсэн болохгүй. Машинтай шахалдан зорчих хэсгээр зүтгэж, арагшаа хялалзлан, урагшаа хулмалзан зүтгэцгээж байна.

Явган хүний замаас хумсалж барьсан энэ бүх өргөтгөл, өндөр өндөр барилгууд зөвшөөрөлтэй гэхэд эргэлзэж байна. Зөвшөөрсөн юм бол хэн гэдэг хүн ямар үндэслэлээр явган хүний замыг танаж зөвшөөрөл өгснийг шалгах шаардлагатай. Нийслэлд үнэндээ явган хүн явах байтугай сиймхий үлдсэнгүй. Зөвшөөрөлгүй барилгуудын нурааж байгаа шигээ зөвшөөрөлгүй өргөтгөлүүдийг ч цэгцлэх хэрэгтэй. Бүтээн байгуулалтыг эсэргүүцэж байгаа юм биш шүү. Бүтээн байгуулалт нь илүү эмх цэгтцэй, хууль номынхоо дагуу, хотын төвөөсөө гадагшаа тэлж, өргөжих тийшээ яваасай гэж хүсэж байна. Алийн болгон А зэрэглэлдээ шопротлох вэ? Тетрис шиг өрж дүүргэсэн өндөр үнэтэй өндөр өндөр барилгууд хотын захад баригдсан бол уг нь хот тэлээд, дэд бүтэц нь хөгжөөд зогсохгүй, нийслэлийн төвийн ачаалал буурч, замын түгжрэл буурах л байсан. Хотыг явган хүний замтай нь үлдээе.

Advertisements

3 Responses to “ЯВГАН ХҮНИЙ ЗОВЛОН ИХ”

  1. free-liver said

    Unen unen. deer ni yawgan hunii zamaa haagaad baahan yum zaraad zogschihno.

  2. free-liver said

    Tegeed yawj baital yawgan hunii zam hondlon neg tuslah mashin zam garaad irne. garstnii temdeg ch bhgui. mashinii ay ewiig olj zamaa garna.

  3. URban_Arch said

    таны энэ бичсэн зүйл яг ямар хэрэгтэй юм. Би уул нь зөв сэдвээр оновчтой зүйл бичсэн байх гэж бодсон яг үнэндээ юу ч олож харсангүй. энд тэндгүй сайтууд дээр байдаг л нэг хүмүүсийн сэтгэгдэл л юм шиг эээ.. юу ч гэх юм нийтлэл гэхэд арай ч амьдралгүй санагдаж байна. энэ бүхнийг хүн бүр л ойлгож мэдэж байгаа хамгийн гол нь зөв гарц л байх хэрэгтэй шүү дэээ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: