Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

ДАВАЛГАА БА САВАЛГАА

Posted by bolod on November 11, 2012

Удахгүй орон нутгийн сонгууль болох гэж байна. Сонгуультай холбоотойгоор сонгуульдагсад идэвхжээд эх оронч үг унагаад эхэлж. Ер нь орон нутгийн сонгуульд нэг онцлог бий. Орон нутгийн сонгууль УИХ-ын сонгуулийн дараагаар хагас жил хүрэхгүй хугацаанд болдог бол орон нутгийн сонгуулиас хагас жил гарангийн дараагаар Ерөнхийлөгчийн сонгууль болдог онцлогтой. Энэ нь намуудын хувьд дараагийн сонгуулийн тактикийг тодорхойлох сунгаа, шар тайлалт болох нь элбэг. Яагаад гэвэл иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд иргэд биш намууд өрсөлддөг учраас үр дүн нь иргэдэд төдийлөн хамаатай бус намуудад түлхүү хамаатай байдаг юм.

Сонгуулийн дүн ямар гарах бол гэж үнэндээ намууд л санаа зовж байгаа болохоос жирийн иргэд тэр болгон тоохгүй. Угаасаа орон нутгийн сонгуулийн ирц тэр бүр хангалттай байдаггүй. УИХ-ийн сонгуулиас ямагт л доогуур ирцтэй болдог. Энэ жил ялангуяа өвлийн эхэн сар гаргаж сонгууль болж байгаа болохоор ирц буурах нь дамжиггүй. 2008 оны сонгуулийн дараагаар сонгогчид сонгуулиас дайжсан байсан болохоор хэд хэдэн тойрог дээр ирц хүрэхгүй байх явдал гарч байсан. Харин энэ жил намууд жагсаалтаар зарим төлөөлөгчдийг тодруулах тул тэр нь сонгуулийн ирц буурахад нөлөөлж магадгүй л юм. Гэхдээ ямар ч гэсэн сонгуулийн ирц хүрчих байх гэж найдаж байна.

Дээр хэлсэн санаагаа үргэлжлүүлье. УИХ-ын сонгуулийн дараа 6 сар хүрэхгүй хугацаанд орон нутгийн сонгууль болдог болохоор орон нутгийн сонгуулийн дүн нь УИХ-ын сонгуулийн дүнгээс ерөнхийдөө хамаармал байдаг. Тухайлбал 1996 оны УИХ-ын сонгуулийн дараагаар болсон орон нутгийн сонгуульд тухайн үед МАХН ялалт байгуулж байсан санагдана. Улмаар 1997 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН амжилттай оролцсон байдаг. Үүнийг тухайн үед улс төр судлаачид савалгаа гэж нэрлэж байсан бөгөөд сонгогчдын санал ч нэлээд савалгаатай байсан юм. 2000 оны УИХ-ын сонгуулийн өнгийг чухам энэ орон нутгийн сонгууль тодорхойлсон гэж дүгнэх хүмүүс ч байдаг. Гэхдээ 2000 оны УИХ-ын сонгуулийн дараагаар дахин ийм савалгаа болоогүй. Учир нь сонгогчид саналаа эргэлтгүй нөгөө тийш чиглүүлчихсэн байсан болохоор савалгаа 2000 оны орон нутгийн сонгууль байтугай, 2001 оны ерөнхийлөгчийн сонгууль хүртэл үргэлжилсэн. Дөнгөж 2004 оноос л савлагаа буурч, тэнцвэрт байдал руу дөхөж эхэлсэн байдаг.

2012 оны сонгууль савалгаа мөн үү? Сонгуулийн хууль өөрчлөгдсөн учраас 2008 оны сонгуулийн дүнг 2004 он болон 2000 оныхтой шууд харьцуулах боломжгүй. Гэхдээ савалгаа биш тэнцвэрт дөхөж байсныг 2004 болон 2008 оны сонгуулиар харж болохоор байсан. Сонгогчдын санал аль нэг намыг онилохоос илүү хүн рүү чиглэж эхэлсэн байдаг. Харин 2012 оны сонгуульд намуудын жагсаалтаар сонгох тухай заалт оруулж ирснээр сонгуулийн дүнд намын рейтинг дахин нөлөөлж эхэллээ. Энэ нь дор хаяж 33%-ийн нөлөөлөл байгаа нь эргэлзээгүй. Сонгуулийн хуульд пропорциональ элемент оруулж ирснээр АН-д гарцаагүй ашигтай туссан бөгөөд дээрээс нь нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг УИХ-ын сонгуультай хамт явуулах болсноор тэдэнд давуу байдал бий болгосон.

Яагаад АН-д ашигтай байсан бэ? АН-н рейтинг үнэндээ нэг их өндөр байгаагүй. (2012 оны сонгууль хүртэл гол тоглогч нь хуучнаар МАХН байсан бол 2012 оны сонгуулийн өмнөхнөөс АН гол тоглогч болсон байлаа. Тиймээс тайлбараа АН-г голлуулан хийе) Гэхдээ МАХН сонгуульд оролцох болсноор АН-ын гол өрсөлдөгч МАН-ын саналыг хуваалцаж эхэлсэн. Энэ үеэс л АН улс төрийн хувьд нэгдүгээр тоглогч болох боломж бүрдэж эхэлсэн. Нэгэнт намын рейтингээр тэргүүлж эхэлсэн учраас намын жагсаалт гээч нь тэдэнд ашигтай байлаа. Хоёрдугаарт нийслэлд АН эртнээс давуу байдалтай болсон байлаа. Тэртээ 2004 оноос л АН нийслэлд хамгийн их дэмжлэгтэй болсон байв. Гэтэл энэ давуу талыг нь баталгаажуулах гэсэн шиг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг хамт явуулах шийдвэрийг тухайн үеийн УИХ-аас гаргачихсан. АН ч нийслэлд олсон давуу талаа ашиглахын зэрэгцээ УИХ-ын сонгуулийн сурталчилгаа нь орон нутгийн (нийслэлийн) сонгуульд нөлөөлж, орон нутгийн сонгуулийн сурталчилгаа нь ч УИХ-ын сонгуулийн дүнд нөлөөллөө. Өөрөөр хэлбэл резонанс үүсгэж, улмаар АН нийслэлд үнэмлэхүй давуу тал олсон байна. Үүнд нь 2012 оныг хүртэлх нийслэлийн удирдлагын урагшгүй байдал, муу нэр хүнд дөгөө болж, нийслэлд нэр дэвшсэн Бат-Үүл баатар ч туг болсон биз.

Харин энэ байдал 2012 оны орон нутгийн сонгуульд яаж нөлөөлөх вэ? Сонгуулийн дүн давалгаалах уу? савалгаалах уу? Таамаглаж байгаагаар нийслэлд л лав савалгаа болохгүй, харин давалгаа болно. Хотын удирдлагыг нэгэнт АН авчихсан учраас өнөөг болтол хийсэн ажлын рейтинг АН-д наалдаж байна. Хэдийгээр дүүрэг хороонд байгаа гишүүд нь өмнөх сонгуулийн нөхдүүд байгаа ч тэдний хийсэн болгон аль намынх гэдгээс үл хамааран өнөөгийн нийслэлийн удирдлагын нэрээр хаяглагдаж байгаа. Дээрээс нь хотын машины бөглөрлийг багасгасан, зөвшөөрөлгүй барилгуудын ажлыг зогсоож, цэгцлэхээр оролдож байгаа, хотын төвийн замын нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийн хэрэгслийг давуу эрхтэйгээр хөдөлгөөнд оролцуулж байгаа, гэр хорооллын иргэдэд хямдралтай нүүрс олгож эхэлсэн зэрэг нь түүнд ойрын хугацаанд сайн нэрийг авчраад байгаа билээ.

Харин хөдөө ямар байгаа бол давалгаа юу савалгаа юу? Ямартай ч энэ удаад савалгаа болохгүй байх магадлалтай байна. Орон нутагт санаачлага дийлэнхдээ МАН-д байгаа боловч УИХ-ын сонгуулийн дүнгийн нөлөө өнөө болтол буураагүй, давалгаалсаар байна гэж таамаглаж болно. Савалгаа болбол лав л энэ удаад биш, магадгүй 2016 онд магадгүй л юм.

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: