Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

Archive for the ‘БОЛОВСРОЛ’ Category

Монголын боловсрол

АЖИЛ ХАЯЖ БОЛДОГ МЭРГЭЖИЛ

Posted by bolod on December 15, 2011

Багш нар ажил хаяж байна. Багш нар ажил хаяж байгаатай холбоотойгоор нэг их мораль ярьдаг хүмүүс ТВ-ээр дүүрэв. Багш нар хувиа бодож болохгүй л гэнэ. Үүргээ ухамсарлах ёстой л гэнэ. Түмний олон хүүхдийг хохироож болохгүй л гэнэ. Шавь нартаа буруу үлгэр үзүүлж байна ч гэх шиг. Олон мянган сурагчдаасаа ичих хэрэгтэй ч гэх шиг. Зарим төрчингүүд, хэрэв багш нарын цалинг 1 сарын 1-нээс нэмбэл шууд инфляци гэж мэдэмхийрэв. Өөрсдөө төсвөө өчнөөн алдагдалтай, хэт аварга баталчихаад, бэлэн мөнгөний олон амлалтаа төсөвт суулгачихаад инфляцийг нэг оронтой тоонд барина гэж ичих ч үгүй худлаа бурж байснаа, багш нарын цалин нэмэх асуудал яригдмагц инфляцаар айлгаж байна. Инфляцийн бурууг шууд багш нарт тохох гээд бэлдэж байна. Read the rest of this entry »

Posted in БОЛОВСРОЛ, Социал хөдөлгөөн | 4 Comments »

БОЛОВСРОЛЫН САЛБАР “20” ЖИЛД

Posted by bolod on October 4, 2011

Орчин цагийн боловсролын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ой болж байна. Өчигдөр боловсролын сайд ойн хурлаа хийж, “гавьяатнууд” -аа шагнав. Боловсролтой нэр холбогдсон олон олон гавьяатнууд шагнагдаж, ядаж л “90 жилийн ойн медаль” –аар энгэрээ мялаав. 90 жил болсон юм болохоор эрх биш гавьяатнууд байж л таараа, эрх биш ахиц дэвшил байж л таараа. 90 жилийн түүхэн урт хугацаанд харвал ахиц байлгүй яахав. Гэхдээ сүүлийн 20 жилд гэж хараад ахиц дэвшил байгаа юу үгүй гэдгийг ярьвал шал өөр яриа. Read the rest of this entry »

Posted in БОЛОВСРОЛ, Цанхаархал | 3 Comments »

ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГ

Posted by bolod on May 18, 2011

Таван жилийн өмнөөс л “энэ байдлаараа удахгүй БҮХ оюутнуудыг стипендтэй болгох юм байна” хэмээн шүүмжлэн бичиж байснаа санаж байна. Өнөөдөр, тэрчлэн бүх оюутанд стипенд олгох тухай ярьцгааж эхэллээ. УИХ-ын гишүүд, оюутнуудад цалин олгох асуудлыг хуугаараа дэмжиж, эсэргүүцэх “зүрхтэй” амьтан тэр дунд нь нэг ч алга даа. Өрөвдөлтэй гэдэг нь. 150000 оюутны саналыг цааш нь түлхчих вий гэж эмээхдээ, улстөрчид асуудалд бодитоор хандаж чадахгүй, ирэх жилийн сонгуульд хэрхэн оноо авах вэ гэдэг байдлаар хандаж байна. Популистууд, сонирхлын зөрчилтэйгүүд нь шүүрч давхиад гол дүрд тоглохыг хичээж байгаа бол шүүмжлэгч байр суурьтай байгаа нь, “стипенд өгөх нь зөв, гэхдээ…” гэсэн байдлаар л саналаа маш сулхан илэрхийлцгээж байна. Ганц энэ асуудлаар биш, бүх асуудалд сонгуулиар баримжаалан хандаж эхэллээ. Саяхан л бүх намын дарга нар “Санамж бичигт” гарын үсэг зурцгаагаад л “2012 оны сонгуульд мөнгөний амлалтаар өрсөлдөхгүй” гэцгээн тохирцгоогоод байсан санагдана. Худлаа даа, гэж бодож амжаагүй байхад л оюутнуудад сар бүр 70000 төгрөгийн стипенд олгох тухай асуудлыг ярьж эхэлж байна. Улстөрчид ийм л байдаг. Read the rest of this entry »

Posted in БОЛОВСРОЛ | 10 Comments »

БИ БОЛОВСРОЛЫН “ТЭРГҮҮНИЙ БИШ” АЖИЛТАН

Posted by bolod on January 29, 2010

Монголын багш нарын баяр дөхөж байна. Боловсролын салбарынхан шилдэгүүдээ шалгаруулж тодруулж, баяраа тэмдэглэж эхэллээ. Боловсролын салбарт ажиллаж, бүхнийг хүүхдийн төлөө зориулж байгаа жинхэнэ шилдэг тэргүүний ажилтан, сурган хүмүүжүүлэгчид зөндөө, тааруухан сулхан нь ч мэдээж бий л байх. Ийм хүнд нөхцөлд, ийм шударга бус нийгэмд, тийм бага цалинтайгаар, тийм үнэнчээр эсхүл тэсвэртэйгээр ажилласаар байгаа “багш дор мөргөмү”. Read the rest of this entry »

Posted in БИ . . ., БОЛОВСРОЛ | Tagged: | 3 Comments »

ОЛИМП ХИЙГЭЭД ОЛИМПИАД

Posted by bolod on December 30, 2009

Энэ бичлэгийг 2008 оны эхээр бичсэн юм. Блогтоо оруулж амжаагүй юм байна. Одоо оруулчихъя.

Эрдэмтэн зохиолч Л.Түдэв гуайн “Ухаан” хэмээх зохиолын эхэнд “Биеийн бөхөөр нэгийг ялна, Ухааны бөхөөр мянгыг ялна” гэсэн ардын мэргэн үг бичээтэй байдаг. Чингис хаан ч хэлсэн юм уу хэн ч хэлсэн юм бүү мэд. Өнөөдөр хүмүүс энэ үгийг хэлэх их л дуртай болжээ. Гэхдээ энэ үгийг хэлэхийн тулд л хэлэх нь хангалттай биш байна.

Саяхан “Олимп хөгжил сан” ч билүү нэг юм байгуулагдаад нээлтээ хийгээд сүр болоод байх юм. Зорилго нь 2008 онд Бээжинд болох Олимпод эртнээс бэлдэх, Олимпоос болж өгвөл урьд өмнө авч үзээгүй алтан медалиа авах, ядвал ганц хүрэл ч болов авах явдал ажээ. Олимпоос манай тамирчид медаль авбал хэн хүнгүй л баярлана. Алт авчихвал түүнээс сайн юм гэж хаана байх вэ? Ерөнхийлөгч хүлээн авч уулзана. УИХ дарга, Ерөнхий сайд, тус тус хорооны дарга түшмэдүүд бүгд л хөл нь газар хүрэхгүй. Тамирчин маань ч амжилтынхаа шагналд овоо хэдэн сая төгрөг хармаална. Монгол улсын маань нэр хүнд дэлхийн тавцан дээр өсөж бид нүүр бардам алхах болно. Read the rest of this entry »

Posted in БОЛОВСРОЛ | Tagged: , | 4 Comments »

КУРСИЙН АЖИЛ, СУРГАЛТЫН ЧУХАЛ БҮРЭЛДЭХҮҮН ХЭСЭГ БОЛОХ НЬ

Posted by bolod on April 29, 2009

Өнөөгийн нөхцөл байдал

Өнөөдөр их дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрт курсийн ажил гэсэн нэр бичигдэж, оюутны заавал хийж гүйцэтгэх ажлын нэг болсон байдаг. Гэвч курсийн ажлыг хэлбэрийн төдийд бичүүлэх байдал газар авч байгаа нь курсийн ажлын үр өгөөж ач холбогдлыг бууруулж, тэр хэрээр курсийн ажилд хандах оюутны хандлага хүнийсч, курсийн ажлын чанарыг бууруулж, энэ битүү цикл нь сургалтын чанар буурах нэг хүчин зүйл болж байгаа гэж дүгнэж болно. Социологи нийгмийн ажлын салбарын хувьд ч байдал бараг ижил түвшинд байгаа гэж ойлгож болно. Сургалтын төлөвлөгөөнд тусгаснаар бол Социологид ч тэр НА-д ч тэр гурван удаа курсийн ажил бичүүлэхээр заасан бий. Ямар ч гэсэн 1-3 дугаар курстээ оюутан ямар нэгэн байдлаар курсийн ажил бичиж хамгаалсан нэр зүүж байгаа. Курсийн ажил бичүүлдэг, бичүүлж байсан багш нарыг буруутгах гээгүй. Энэ нь хувь хүнтэй холбоотой гэхээсээ илүүтэй сургалтын технологитой холбоотой. Их сайн удирддаг багш нар бий. Гэхдээ энэ нь нэг хүнээс хамааралтай учир сайн биш багш таарчихвал яах ёстой вэ? Өнөөдөр курсийн ажил бичүүлж, хамгаалуулж байгаа технологийн хувьд дутагдалтай хэд хэдэн зүйл байна. Read the rest of this entry »

Posted in БОЛОВСРОЛ | 6 Comments »

БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН МУХАРДАЛ

Posted by bolod on May 26, 2008

БСШУЯ-ны сайд асан П.Цагаан 2005 оны хавар МУИС-ийн төгсөлтийн баярт оролцож үг хэлэхдээ: “Өнөөдөр та бүхэн мэргэжил эзэмшин, диплом өвөртлөн гарч байгаад баяр хүргэе, гэхдээ та бүхэн ажилгүйчүүдийн эгнээнд элсэж байна” хэмээн үг алдсан.

Яамны сайд нь МУИС-ийг Монгол улсын урдаа барих Их Сургууль гэж бодож төгсөлтийн баярт оролцсон байх л даа. Гэхдээ тэрээр ийнхүү санамсаргүй үг алдахдаа Монголын дээд боловсрол болохгүй байна, өөрийнх нь толгойлж буй яамны бодлого алдагдсан байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм. МУИС-ийг төгсөгчид ажилгүйчүүдийн эгнээнд шилждэг юм бол бусад сургуулиуд ямар бол, ер нь их дээд сургуулиуд яагаад байна гэсэн асуулт хүн бүрт төрөх болжээ. Түүнээс хойш боловсролын яамны сайд хэдэнтээ солигдлоо, байдал бахь байдгаараа. Их дээд сургуулиудын захирлууд жил бүр л сургалтын төлбөрөө бага багаар нэмж (нэмэх ч гэж дээ, инфляцийн хойноос хөөж), тэгэх бүртээ оюутнуудын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарна. Аргаа барахдаа яамны сайд, төр засгийн удирдлагадаа учирлах боловч цаадуул нь харин ч элэг барих яанзтай. УИХ-ын дарга байгаад ноцтой алдаа гаргаж буусан Ц.Нямдоржтон, төлбөрөө нэмэх гэсэн захирлуудын үндэслэлийг ч сонсолгүй “Төлбөрөө нэмэхгүй байж чадахгүй байгаа бол улсын байрыг суллаад зайлаарай, өөр бага төлбөртэй хувийн сургуулиудыг оронд нь оруулна” хэмээн мундагдсан гэдэг. Боловсрол тэргүүлэх салбар энэ тэр гэж нүүрэн дээрээ ярьж нэг гараараа ганц нэг компьютер мэтхэнийг бэлэглэх мөртлөө нөгөө гараараа боловсролын салбарыг боомилж байгаа ийм төрийн түшээдтэй хойно боловсролын салбар яаж өөдлөх вэ дээ.

Өнөөдөр Монголд, улсын болоод хувийн, гадаадын хөрөнгө оруулалттай болон дотоодын 180 гаруй их дээд сургуульд 130000 орчим оюутан суралцаж нэг жилд л 25000 гаруй оюутан дээд боловсролын диплом өвөрлөн төгсөж байна. Одоогийн байдлаар их дээд сургуулиудын оюутан элсүүлж авах гэсэн эрэлтийг ЕБС төгсөж байгаа хүүхдүүдийн тоо бүрэн хангаж чадахааргүй түвшинд хүрлээ. Харин их дээд сургуульд суралцагчдын энэ давалгаа, төгсөгчдийн энэ их нийлүүлэлтийг хөдөлмөрийн зах зээл шингээж чадаж байна уу, их дээд сургууль төгсөгчид ажил олгогчдын эрэлтээс давж байна уу, эсвэл ажил олгогчдын тавих шаардлагыг хангаж чадахгүй байна уу гэдэг нь судлууштай асуудал болжээ. Энэ нь боловсролын талаар төрөөс баримтлах бодлого буруу болохыг л харуулж байна. Харамсалтай нь боловсролын салбарын энэ хямрал, дампуурлыг одоо заслаа гэхэд хор урхаг нь дор хаяж арван жил үргэлжилдэг муу үр дагавартай бөгөөд эртхэн засаж өөрчлөхгүй бол цаг алдах тусам уламч дордох билээ.

Дээд сургуулиуд төлбөртэй юу? Төлбөртэйгөөр барах уу? Өндөр төлбөртэй хэмээн хэн ч гэсэн уулга алдана. Гэхдээ эргэцүүлээд үзье.

1. Бакалаврын түвшинд нийт суралцагчдын 50 орчим хувь нь л төлбөртэй суралцдаг. Төрийн албан хаагчийн юм уу малчин өрхийн хүүхэд, нэн ядуу болон 3 хүүхэд нь зэрэг суралцдаг шалтгаанаар төрөөс төлбөрөө гаргуулна. Түүнчлэн хөнгөлөлттэй зээлд хамрагддаг нь ч багагүй жин дардаг. Иймэрхүү жишгийг төрийн өмчийн бүх л сургуулиуд дээр харж болно. Дүгнэвэл нийт суралцагчдын 50 хүрэхгүй хувь нь төлбөртэй суралцдаг, талаас илүү хувь нь төлбөргүй буюу төлбөрийн зөрүү хэмээх цөөхөн төгрөгний төлбөрийг төлөөд үнэгүй сурдаг болох нь харагдаж байна.

2. 2004 онд төрийн сангийн хөнгөлөлттэй зээлээр суралцагчдын зээлийг бүгдийг нь хүчингүй болгосныг тооцвол хөнгөлөлттэй зээл нь цаашид ч хүчингүй болох магадлалтай. Иймэрхүү улс төрийн шийдвэрүүд нь сургалтын төлбөр гэдэг зүйлийг бүр ч үнэгүйдүүлж байгаа юм.

3. Харин төлбөрийн хэмжээ хэр өндөр вэ гэдгийг дараах тоогоор жишээлэн харъя. Өнөөдөр улсын болоод хувийн их дээд сургуулиудын сургалтын төлбөр ойролцоогоор 350 мянгаас 600 мянгын хооронд хэлбэлзэнэ. Энэ нь ам долларт шилжүүлбэл 300-500 орчим доллар болж байна. Улаанбаатар хотод амжиргааны баталгаажих доод түвшинг 60100 хэмээн Статистикийн төв газраас шинээр тогтоон баталжээ. Энэ тоог 10 сараар үржүүлбэл 601000 төгрөг болох юм. Дүгнэн үзвэл өнөөдрийн манай их дээд сургуулиудын сургалтын төлбөр амьжиргааны баталгаажих доод түвшингийн орчимд л эргэлдэж, түүнээс ч доогуур орсон байна. Төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг нэмж сая гаран төгрөгөөр тогтоожээ. Улсын их дээд сургуулиудын сургалтын төлбөр нь төрийн өндөр албан тушаалтны хагас сарын цалинтай л тэнцэх аж.

4. Оюутнуудын боловсролтой холбоотой зардлуудыг тооцож үзвэл дотуур байр болон, хажуу өрөө, байр хөлсөлсний зардал жилд дунджаар 45000 төгрөг, сургуулиас гадуурх бусад сургалтын зардал 210000, ном сурах бичгийн зардал 61500, зэрэг байна. Дүгнэлт нь: Эдгээр зардлуудыг тооцон үзвээс оюутнууд сургалттай холбоотой зардалд сургалтын төлбөрөөсөө илүү их зардал гаргадаг, нийт ахуйн хэрэгцээний заардлыг тооцвол сургалтын төлбөрийн эзлэх жин дөрөвний нэгд ч хүрдэггүй ажээ. Гурван жилийн өмнө судалж үзэхэд сургалтын зардал нийт зардалын гуравны нэгтэй тэнцэж байсан бол өнөөдөр дөрөвний нэгд хүрэхээ байж.

5. Төлбөртэй хувийн дунд сургуулиудын сургалтын төлбөр жилд доод тал нь 500 ам доллар байна. Мянга гаран ам доллар, бүр 3000 ам долларын төлбөртэй сургуулиуд ч байгааг та бид мэднэ. Хувийн цэцэрлэгүүдийн хувьд сарын төлбөр нь 50 доллараас эхлээд 200, бүр 300 доллар ч хүрдэг. Yүнийг 10 сараар үржүүлээд их дээд сургуулиудын сургалтын төлбөртэй харьцуулж үзнэ үү. Дүгнэвэл сургалтын төлбөрийн хэмжээ цэцэрлэгээс эхлэн дээд сургууль хүртэл буурдаг урвуу хамааралтай ажээ. Өөрөөр хэлбэл өнөөдөр Монголд, сургуулийн өмнөх боловсролыг дээд боловсролоос 6 дахин, дунд боловсролоос 3-4 дахин илүү үнэлж байна. Хамгийн үнэгүй боловсрол бол дээд боловсрол юм байна.

6. Сүүлийн хоёр жилд тэтгэвэр тэтгэмж, түүнтэй зэрэгцэн төрийн байгууллагуудын цалин харьцангуй нэмэгдсэн. Гурван жилийн өмнө дээд сургуулиудын сургалтын төлбөр төсвийн байгууллагын ажилтны 6 сарын цалинтай тэнцэж байлаа. Өнөөдөр 2-3 сарын цалинтай л дүйцэх болж. Цалингийн доод түвшин гурван жилийн өмнө 60000 байсан бол өнөөдөр 90000 төгрөг болжээ. Цалингийн доод хэмжээгээр харьцуулахад л сургалтын төлбөр хоёр дахин хямдарчээ. Дүгнэвэл сургалтын төлбөр нэмэгдээгүй төдийгүй, харин ч эсрэгээр харьцангуйгаар хямдарч, 2-3 дахин буурсан гэж дүгнэж болохоор байна. Сургалтын төлбөрийг бизнесийн салбарынхны орлого зарлагатай харьцуулах ч аргагүй учир дандаа төрийн байгууллага, төсвийн ажилчдын цалин тэтгэвэртэй харьцуулахад ийм байна. Үнэндээ сургалтын төлбөр нь дунд зэргийн ганзгын наймаачны лангууны түрээстэй илүү ч үгүй дутуу ч үгүй яг тэнцэнэ.

Төрийн өмчийн их сургуулиуд ба төрийн оролцоо. Өнөөдөр Улсын гэгдэх сургуулиуд нь улсаас нэг ч төгрөгний дэмжлэг татаас авдаггүй, цэвэр оюутнуудын төлбөрөөр амьдарч байна. Энэ талаараа бусад бүх хувийн дээд сургуулиудтай адил. Олон улсын жишгээс үзвэл их дээд сургуулиудын санхүүжилтийн 40 хүрэхгүй хувийг сургалтын төлбөр эзэлдэг бол манай орны хувьд 99 хувийг дан сургалтын төлбөр эзэлж байгаа юм. Улсын Их сургууль гэж ямар сургуулийг хэлдэг юм бэ. Улсын гэдэг нь цол нь юм уу, өмчийн харьяалал нь юм уу, зэрэглэл түвшин нь юм уу. Боловсролын байгууллагууд ашгийн бус байгууллага байх ёстой боловч өнөөдрийн байдлаар Улсын их сургуулиуд нь төрийн сангийн дансанд мөнгө хөрөнгө төвлөрүүлэх аж ахуйн нэгж-Улсын Yлдвэрийн газар шиг харагдах боллоо. Боловсрол ашгийн бус гэдэг утгаараа оюутнуудын төлбөр болон бусад арга хэмжээнээс олсон орлогыг 100 хувь сургалт болон үйл ажиллагаанд зарцуулан оршин тогтнох учиртай. Энэ талаараа хувийн сургуулиудаас давуу тал байна уу гэдгийг харъя

1.Хувийн сургуулиуд төлбөрөөр цугларсан мөнгийг захиран зарцуулах эрхтэй бол УИС-ууд хязгаарлагдмал эрхтэй.

2. Хувийн сургуулиуд төлбөрөө жилийн эхэнд цуглуулж төвлөрүүлдэг бол төрийн өмчийн сургуулиуд бүтэн жилийн турш цувуулж авна. Дээр нь төлбөрийн дийлэнхийг бүрдүүлдэг төрийн сангийн төлбөр, сургалтын жил дуусахын өмнөхөн л хэл амтайгаар хагас дутуу шилжиж орж ирдэг. Багш нар хичээлээ зааж дуусчихаад, одоо та нар төлбөрөө төлөөчээ гэж оюутнуудаасаа гуйх нь халаг болно.

3. Төлбөрийн хэмжээг хязгаарлаж дээрээс нь тогтоож өгнө. Дэлхийн зах зээлд тааруухан нэг сургуулийн хэлний курсийн жилийн дундаж төлбөр 6000 ам доллар байхад Монголд УИС-иудын жилийн төлбөр ердөө л 300-500 ам доллар. 15-20 дахин бага үнэ. Та дунд зэргийн чанартай, англид үйлдвэрлэсэн гутал 100 ам доллараар авдаг бол монголын, дээд зэргийн чанартай гутлыг 5 доллараас илүүгүй үнээр зар гээд шахаад байвал хэн гутал хийж зовлогоо зовоохыг бодох юм бэ. Иймэрхүү байдлаар УИС-иуд дөнгөж л амь зогоож нэр хүнд нь жилээс жилд унаж байгаа. Зориуд бодлогоор ингэж унагаж байгаа гэж үзэх хүмүүс ч бий. Бүх улсын их сургуулиудын удирдах зөвлөлийн гишүүд бараг бүгдээрээ хувийн сургуультай байдаг нь ёс шиг. Тэд хувийнхаа сургуулийг бодох уу улсын сургуулийг бодох уу гэдэг нь асуулт байхгүй тодорхой биз.

4. Төлбөрөө нэмж чадахаа байсан захирлууд ямар замаар орлогоо нэмэгдүүлэх вэ гэхээр элсэлтийн хэмжээг нэмж, оюутныхаа тоог олшруулдаг. Нэг ангид дунджаар 20 оюутан, нэг багшид дунджаар 15 оюутан ноогддог байсан бол ингэснээр нэг ангид 30-35 оюутан, нэг багшид 20-25 оюутан ноогдох жишээтэй. Төлбөр, санхүүжилтийн хувьд нэг удаа асуудлаа шийдлээ гэхэд сургалтын чанар эрс муудна. Одоогийн байдлаар ийм байдлаар оюутныхаа тоог нэмэгдүүлж эх үүсвэрээ нэмэгдүүлсэн сургуулиуд 2-3 ээлжээр хийчээллэж байна. Өглөө 8 цагт хичээл заасан багш, орой 16 цагт хичээлээ хэр зааж байгаа бол. 20 хүнд заадаг байсан хичээлийг 35 хүнд заахад үр дүн нь сайжрахгүй нь ойлгомжтой.

5. Оюутны тоог яамнаас хязгаарлана. Элсэлт нэмж санхүүжилтийн эх үүсвэрээ бүрдүүлдэг замыг нь хаачихаж байгаа юм. Зөв л дөө гэхдээ өөр гарах гарцыг нь зааж өгөхгүйгээр зүгээр л боомилж болохгүй. Yнийг дээрээс тогтоосноор, үнэ мэдээлэл зөөдөг гэсэн чанарыг үгүй болгож байгаа бол оюутны тоонд хязгаарлалт хийснээр эдийн засгийн хөшүүргийг нь хураагаад авчихаж байгаа юм. Төрөөс баримталж байгаа бодлого нь төрийн сургуулидад хэрхэн нөлөөлж байгааг зөвхөн төлбөртэй холбогдуулан эдийн засгийн өнцгөөр авч үзэхэд ийм бөгөөд бусад олон хүчин зүйлийн талаар мөн судалж, ярьж болох билээ.

 Yнэгүй юм үнэгүй байдаг.

1. Сургуулиуд аль болох элсэлт их авахыг чухалчилж буй учраас элсэлтийн шалгалтын босго оноог доошлуулах, аль эсвэл элсэгчдэд илүү амар хялбар байлгах зорилгоор шалгалт авах тест гэх мэт хөнгөн хэлбэрүүдийг голлон хэрэглэдэг. Элсэлтийн шалгалтыг сургуулиуд өөрсдөө авахаа больж аль сургуульд хэн суралцаж болохыг Боловсролын Үнэлгээний Төв гэх тестийн алба шийддэг болсон. Энд хүний мөнгөөр хүнд бэлэг худалдаж авах хүнийссэн сэтгэл зүй үйлчилнэ. Шалгуур сул байх нь боловсролын зэрэглэлийн ач холбогдлыг алдагдуулдаг сөрөг үр дагавартай. Үүнийг өнгөрсөн хаврын математикийн шалгалтын дүн, шалгалтын явц, хэл ам бэлээхнээ гэрчилнэ. Ном ёсоор бол шаардлага хангахуйц мэдлэг боловсролтой хэсэг нь л дараагийн буюу ахисан түвшинд суралцах эрх эдэлнэ. Гэтэл энэ зарчим Монголд хэдийнээ алдагдсан. Мөнгө төлж л чадаж байвал баклавар, магистрантур цаашлаад бүр докторантурт ч суралцах боломжтой. Yүнд тухайн суралцагчийн мэдлэг чадвар гол биш болжээ.

2. Мэдээж хэрэг дийлэнх сургуулиуд санхүүгийн гачаалалтай холбоотойгоор элсэгчдийн чанарыг бус төлбөрийг нь гол болгож элсүүлсэн учраас төлбөрийг нь алдахгүйн тулд тухайн элсэгчдийг бүрэн бүтэн төгсгөх буюу төгсөлт их байлгах бодлого барьдаг. Энэ байдал нь дахин, нөхөн шалгалтын хэлбэрүүдийг бий болгож буйгаас илэрхий харагдана. Сургуулиудын дотоод дүрмэнд хангалтгүй суралцсан, тухайн түвшний болзол биелүүлээгүй оюутнуудыг сургуулиас хасах тухай заалт байдаг ч зүгээр л тунхаглалын шинжтэй. Дийлэнх болсон идэвх султай оюутнуудыг шахах, хяналтын механизм сул учраас энэ маягаар оюутнуудын идэвхгүй байдал газар авахад хүргэдэг. Мөн идэвхтэй цөөнх хэсэгт чиглэсэн урамшуулал бага байдаг нь тэдний суралцах идэвхийг нь өрнүүлж чаддаггүй.

3. Сургуулиуд санхүүгийн бололцоо муу тул багш нарын цалин бага, хийсэн ажлыг нь урамшуулах механизм сул байдаг. Yүний уршгаар багшлах гэдэг нь багш нарын хувьд үндсэн ажил биш болно. Учир нь хийж хийж авсан цалин нь амьдрал ахуйд нь хүрэлцээтэй байж чаддаггүй. Тиймээс багш нар арга буюу орлогын бусад эх үүсвэрт анхаарал тавих болдог байна. Энэ байдал нь багш нар цалингийн урамшуулалгүй сургалт, үйл ажиллагааны хэлбэрүүдэд тоомжиргүй хандаж, өөр давхар ажил хийж нэмэгдэл орлого олоход хүргэдэг. Нийтийн тээврийнхэн, цахилгаан станцийнхан, нүүрсний уурхайнхан хэн ч байсан бүтээгдэхүүнийхээ үнэд санаа зовж, хийсэнтэйгээ дүйцэхүйц цалин авахын тулд тэмцэж үгээ хэлж үр дүнд хүрч чаддаг бол багш нарт ийм чадвар байхгүй, ёстой л сонгодог Е бүлгийн идэвхгүйчүүд болно.

4. Бага төлбөр төлсөн оюутан бага зэргийн үйлчилгээ авч түүндээ сэтгэл ханадаг учир сургалтын чанарыг дээшлүүлэх талаар хяналт тавьж, шаардлагаа өндөрсгөх сонирхолгүй байдаг. Бараг төлбөргүй /бага/ учир тэгсгээд явж байгаад нэг диплом өвөртөлчихөд нэг их гарзгүй ажээ. Эцэг эх нь ч гэсэн үнэтэйхэн дамжааны мөнгө төлчихсөн учир түүнийхээ араас нэхэл дагал болж, юу болж байна, сургуулиуд юу зааж байна, манай хүүхэд юм сурч байна уу гэхээсээ хасагдсан, төгссөн эсэхийг л сонирхоно. Харин ч хэл амгүй сургуульд сурсан нэртэй “өдөр өнжүүлэхэд” явж байх нь ажилгүй, архи дарс ууж, хэл аманд өртчих вий гэж санаа зовох юмгүй амар байдаг гэнэ.

5. Төрийн сургуулиудын санхүүжилт нэгэнт хангалттай биш учир сургалтын чанарт анхаарал тавих ямар ч боломжгүй, сургуулиуд сургалтандаа нэмэлт хөрөнгө оруулж бараа үйлчилгээнийхээ чанарыг дээшлүүлэх боломж байхгүй ажээ. Багшлах боловсон хүчнээ бэлтгэх, сургалтын хөтөлбөрөө шинэчлэх боловсронгуй болгох зэрэг нь дараагийн шатны асуудал бөгөөд өнөөдрийг аргацааж хүлцэх л үлдэнэ. Ийм байдлаар бол төрийн сургуулиуд жил ирэх тутам уналтын байдал руу дөтөлнө. Yнэгүй учраас суралцагчид сурах сонирхолгүй, хяналтгүй, хяналтгүй сургалт чанаргүй, чанаргүй учраас нэр хүндгүй, ач холбогдолгүй бизнесийн сургалт зонхилдог, бизнес учраас аль болох бага зардлаар аль болох олон оюутныг төгсгөхөд чиглэнэ. Дүгнэвэл өнөөдөр төрийн өмчийн гэх их дээд сургуулиуд мухардлын байдалд орчихсон түүнээсээ гарах арга замыг нь төрөөс бодлогоор хаасан байдалтай байна. Энэ нь боловсролын салбарт сэдэл төрүүлэх бүтэц үгүй, нийгэмд гүйцэтгэх үүргээ гүйцэтгэж чадахгүй, ерөнхийдөө боловсролын салбар маань нийгмийн хариуцлагагүй байгаа гэсэн үг юм.

2006 оны 8 сарын 23

2008 оны 1 сарын 31

Posted in БОЛОВСРОЛ | Leave a Comment »

МОНГОЛЫН ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАР

Posted by bolod on May 19, 2008

Өнөөгийн нөхцөлд дээд боловсролын давуу тал, зэрэглэлийн үнэ цэнэ улам алдагдсаар байна. Тухайлбал, 1994-2006 оны хооронд нийт ажилгүйчүүд дунд дээд боловсролтой хэсгийн эзлэх хувийн жин 1.9-11.5 хүртэл нэмэгдсэн бол, гэмт үйлдэлд 2.1-5.9 хувь (1991-2000) мөн нийт ядуучууд дунд эзлэх хувь нь 8.7 -10.2 (1995-2002) хүртэл өсчээ. Дээд боловсролыг нэгэн зах зээл хэмээн үзвэл улс орны хувьд оршин тогтнолыг нь хангах хамгийн чухал болох энэхүү оюуны зах зээл дээр өдгөө 180 их, дээд сургууль, коллеж үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 125 нь хувийн, зургаа нь Монголд үйл ажиллагаа явуулж буй гадны салбар сургууль, 49 нь төрийн сургуулиуд байна. Бидний ажиглалтаар сургуулиуд дараах байрлал, байдалтай байна.

Хувийн дийлэнх сургуулиуд менежментийн хувьд үнийн өрсөлдөөний буюу харьцангуй бага төлбөртэй байх сонголт хийсэн тул маш бага зардлаар /Хямд ажиллах хүчин, чанар муу хэрэглэгдэхүүн/ сургалт явуулахыг эрмэлздэг. Энэ нь дагалдагчийн байрлал юм. Хувийн их, дээд сургууль, коллежийн мэргэжлийн баримжааг харахад нийт суралцагчдынх нь 83.5 хувь нь бизнесийн удирдлага, хууль зүй, хүмүүнлэгийн ухаан, нийгэм, эдийн засгийн ухаан, багш, сурган хүмүүжүүлэх ухаан зэрэг чиглэлээр суралцаж байна. Эдгээр мэргэжлийн хувийн сургуулиуд ихэсч байгаа нь сургалтын өөрийн өртөг багатай холбоотой. Гэтэл техник, технологи, баялаг, үйлдвэрлэл үйлчилгээний салбарт хувийн сургууль ховор байдаг. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд төдийлөн өсөхгүй байгаа нь сургалтын өртөг өндөртэй холбогдоно. 2001-2005 оны хооронд төрийн МСҮТ-үүд 30-33 болсон бол төрийн бус 2-2 байгаа юм. Хувийн их, дээд сургууль, коллежуудын тоо хэмжээ дэлхийд байхгүй рекордыг тогтоогоод байна. Тэдгээрийг 100 мянган хүн ам тутамд ногдох байдлаар нь гадаад улс орны хувийн сургуулиудын тоотой харьцуулж үзвэл Японоос 8 дахин, Энэтхэгээс 9 дахин, БНСАУ болон Индонезоос 10 дахин, Тайландаас 103 дахин их хэмжээтэй байна.

Хувийн дийлэнх сургуулийн сургалтын төлбөрийн хэмжээ төрийн болон гадны сургуулиудтай харьцуулбал бага байдаг. Зөвхөн төлбөрөөр амьдардаг ийм сургуулиудад дэлхийн жишигт нийцсэн чанартай сургалт явуулах санхүүгийн бололцоо байхгүй. Иймд бидний тодорхойлсон механизмууд сөргөөр үйлчилж сургалтын чанаргүйдлийг бий болгодог. Мөн хувийн дийлэнх сургуулиудын сургалтын чанар муугийн нэг баталгаа нь магадлан итгэмжлэлд хувийн 125 сургуулиас 55 нь буюу 44 хувь нь л хамрагдснаас харж болно. Мөн магадлан итгэмжлэлд хамрагдсан сургуулиуд ч чанартай сургалт явуулдаг гэх баталгаа байхгүй.

Дагалдагчдын байршил нь хувийн сургуулиудад ашигтай ч чанаргүй боловсрол нь оюутнуудад цаашлаад хямдхан ажиллах хүчин болж байгаа нь багш нарын амьдралд хортой тул нийт улс орны хэмжээнд авч үзвэл сөрөг нөлөөтэй байна. Төрийн сургуулиуд өөрийн сонгоогүй сонголт буюу менежментийн хувьд тодорхойгүй дундаж байрлалд байна. Төр нь өөрийн өмчийн сургуулиудын сургалтын төлбөрийг доод хэмжээнд барьж, чанарын дээд хэмжээг үзүүлэх ёстой хэмээн шахаж байгаа нь үнэ бага, чанар өндөр байх менежмент рүү хүчээр тулгажээ. Чанартай сургалт явуулахад санхүүгийн бололцоо чухал учраас төлбөр бага байх тохиолдолд энэ нь хэрэгжихгүй, зөрчилтэй бөгөөд тодорхойгүй байдлыг бий болгож байгаа юм.

2003 оноос хойш төр сургуулиуддаа санхүүжилт өгөхөө зогсоосон. Өмнө нь төрийн сургуулиудын тогтмол зардлыг төрөөс хариуцдаг байсан билээ. Адаглаад төрийн сургуулиудын менежментийн бие даасан бус байдал нь дотоод хариуцлагын тогтолцоог нь сулруулдаг тул сургалтын төлбөрөөс бусад орлогын эх үүсвэрт чиглэсэн зорилтот арга хэмжээг хангалттай авна гэхийн баталгаа байдаггүй. Эдгээр нь төрийн сургуулиудын өрсөлдөх чадварт цаашлаад чанаргүй сургалт нь нийт улс орны хэмжээнд сөрөг нөлөөллийг үзүүлж байна. Монголд байгаа гадаадын салбар сургуулиуд зах зээл дээрх тэргүүлэгчдийн байрлалыг сонгосон нь ажиглагдаж байна. Учир нь Монголын хувийн, төрийн аль ч сургуулиуд сургалтын чанарыг эрхэмлээгүй. Иймд чанартай боловсролын төлөө өндөр үнэ төлөхөд бэлэн сегмент орхигдож, хэрэглэгчид нь гадаад уруу гарч суралцах шаардлага тулгарч байсан бол өдгөө энэ сегментэд гадны 6 сургуулийн салбар үйл ажиллагаагаа явуулж байна. /Плехановын академийн эдийн засгийн салбар, Буриадын их сургуулийн салбар, Эрхүүгийн техникийн их сургуулийн салбар, Москвагийн энергийн институтын салбар, Казакстаны их сургуулийн салбар, Сингапурын Хартфорд институтын салбар зэрэг болно/. Эдгээр нь тэргүүлэгчид бөгөөд сургалтын чанарыг эрхэмлэж буй учир сургалтын төлбөр өндөр байдаг. Тухайлбал Сингапурын Хартфорд институтын салбар нь 2005 онд монголд үйл ажиллагаа явуулж эхэлсэн ч тус сургуулийн салбарт дипломын дээд болон бакалаврын түвшинд албан бус мэдээгээр 200 гаруй хүн хамрагдаж байна. Дипломын дээд боловсрол эзэмшихэд 2.5 жил. Төлбөр нь 9000 ам доллар. Харин бакалаврын төвшний жилийн төлбөр нь 6000 доллар болно. Энэ нь манай их, дээд сургуулиудын дундаж төлбөрөөс 15-20 дахин их хэмжээ юм. Ийм төлбөр төлөх чадвартай хэрэглэгчдээ Монголын боловсролын байгууллагууд алджээ.

Дүгнэвэл Монголын их, дээд сургуулиуд гадны сургуулиудтай өрсөлдөх чадваргүй байна. Хувийн, төрийн ялгаагүй бүх сургуулиуд зөвхөн сургалтын төлбөрөөр амьдарч байгаа. Сургалтын чанарт байгууллагын менежментээс шалтгаалсан санхүүгийн нөөц бололцоо чухал гэвэл өнөөгийн монголын ихэнх их, дээд сургуулиудын төлбөр нь дэлхийн жишигт нийцэх чанартай боловсрол олгоход хэтэрхий багадаж байна. Манай сургуулиудын төлбөр бага байгаа нь нэг талаас сургуулиудын стратегийн сонголт, нөгөөтэйгүүр энэхүү нийт улс орныхоо хөгжилд муу нөлөөтэй дагалдагч болон дундаж байрлалыг сонгох болсон нь дээд боловсролын тогтолцоог зохицуулах сайтар боловсрогдсон төрийн бодлого үгүйтэй холбоотой. Хэрэв төрөөс сургуулиудыг тэргүүлэгчдийн байрлал руу шахаж дараахь дөрвөн чиглэлээр бодлого хэрэгжүүлбэл Монголын сургуулиудын өрсөлдөх чадвар сайжирч, дээд боловсролын тогтолцоо эрүүлжих боломж бий. Үүнд:

1. Боловсролын зэрэглэлийн үнэ цэнийг дээшлүүлэх. 2005-2006 оны хичээлийн жилд их, дээд сургууль, коллежид 138019 оюутан суралцаж байгаа бол тусгай мэргэжлийн дунд сургуулиудад 23249 оюутан суралцаж байна. Энэ нь нийт мэргэжлийн боловсрол эзэмшигчдийн дөнгөж 14.4 хувь нь байна. Мэргэжлийн боловсролын энэхүү харьцааг эсрэгээр нь харгалзуулах нь зүйд нийцнэ. Дэлхийн хөгжингүй орнуудын практикаар бол 30:70 байх нь оновчтой ажээ. Иймд өнөөгийн мөрдөгдөж байгаа магадлан итгэмжлэлийн түвшин болоод нөгөө талаас элсэгчдийн босго оноо, шалгуурыг дээшлүүлэх хэрэгтэй. Шалгуурт тэнцсэн сургуулиуд л үлдэх болно. Ингэснээр өнөөгийн замбараагүй олон сургуулиуд бас чанаргүй олон дээд боловсролтонгуудын тоо, хэмжээ багасна.

2. Дээд боловсролын байгууллагуудын санхүүжилтийг сайжруулж, сургалтын чанарыг дээшлүүлэх. Сургалтын чанарыг дээшлүүлэх механизмуудыг хангахад санхүүжилт чухал байдаг. Гэтэл монголд төлбөрийн чадвартай элсэгчид цөөн. Гэхдээ үүнийг шийдвэрлэх боломж бий. Үүнд:

  • Төрийн сангийн зээл, буцалтгүй тусламжийн хөтөлбөрийг дээд боловсролын элсэлтийн шаардлагыг бүрэн хангасан, төлбөрийн чадавхгүй оюутнуудад чиглүүлэх. Дэлхийн банкны экспертүүд дараах дүгнэлтийг хийжээ. “Монголын сургалтын төрийн сангийн хөтөлбөрүүд нь сурах чадвартай боловч ядуу оюутнуудад чиглэгдэж санхүүгийн дэмжлэг үзүүлэх ёстой. Засгийн газрын тогтоолын дагуу төрийн албан хаагчийн хүүхдийн сургалтын төлбөр зэрэг нэмэгдсэнээр сургалтын төрийн сангийн санхүүгийн дэмжлэг гол зорилгоосоо хазайсан байна”.
  • Чадварлаг оюутнуудад олгодог дотоод болон гадаадын ашгийн болон ашгийн бус байгууллага, хувь хүмүүсийн нэрэмжит хандив, тэтгэлгийн тоог нэмэгдүүлэхэд чиглэсэн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх. Сүүлийн жилүүдэд иймэрхүү байгууллагуудын тоо хэмжээ нэмэгдэх болсон бөгөөд энэ талаар ном хүртэл гарсан байгаа.
  • Эдгээрээс өөр бусад хэлбэрүүдийг сайтар судлах хэрэгтэй. Боловсролын зэрэглэлийн үнэ цэнэ сэргэх тохиолдолд дээд боловсрол эзэмшигчдийн тоо 50 хүртэлх хувиар буурч, тэтгэлэгт хамрагдагчдын тоо хэмжээ багасаж, дээрх бодлогуудын хэрэгжих магадлалыг дээшлүүлэх болно.

3. Дээд боловсролын байгууллагуудын менежментийг сайжруулж, сургалтын чанарыг дээшлүүлэх. Сургалтын чанарыг харьцангуй дээшлүүлэх менежментийн арга нь нийт суралцагсчдын 67 хувийг төвлөрүүлсэн төрийн өмчийн сургуулиудад илүү хамаатай. Дараах хоёр арга замыг санал болгож байна. Үүнд:

  •  Төрийн сургуулиудыг менежментийн хувьчлалд оруулах. Өмнө хийгдсэн судалгаануудаас үзэхэд менежментийн хувьчлал хийгдсэн төрийн сургуулийн сургалтын чанар, төрийн мэдлийн сургуулиудаасаа харьцангуй илүү байв. Хэрэв удирдлагын оролцоо /төрийн/ хэвээр хадгалагдах тохиолдолд эдгээр сургуулиуддаа, төрөөс санхүүгийн бүрэн дэмжлэг үзүүлэх нь зүйтэй.
  • Стратегийн ач холбогдолтой гэгдэж буй сургуулиудын болон бусад төрийн өмчийн сургуулиудын ажиллах хэмнэлттэй нөхцөлийг хангах. Ингэхдээ боломжит нөхцөлүүдийг тооцож удирдлагыг нь нэгтгэх. Энэ тохиолдолд нэмэгдэл болон удирдлагын зардал нь багасна.

4. Иргэдийн тодорхой мэргэжил эзэмших, сурах, боловсрох эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх: Үүнд:  Хүссэн бүх хүн нийгмийн гарал, үндэс угсаа, нас, хүйс, хөрөнгө чинээ, орлогоосоо үл хамааран тухайн түвшний боловсрол эзэмшихээр шалгалт өгөх боломжоор хангах.

  • Элсэлтийн шаардлага хангасан тохиолдолд сурах эрхийг нь эдлүүлэх. /Санхүүгийн болон бусад дэмжлэгтэйгээр/
  • Чанартай сургалт явуулах санхүүгийн нөөц боломжтой ч сургалтын чанарыг алдагдуулж буй сургуулиудтай тэмцэх.
  • Их, дээд сургууль, коллежид тэнцээгүй болон ерөөс техник мэргэжил эзэмших хүсэлтэй иргэдэд тодорхой мэргэжил эзэмших бололцоог нь хангах үүднээс тусгай болон мэргэжлийн дунд боловсролыг хөгжүүлэх хэрэгтэй. Үүний үр дүнд нарийн мэргэжлүүд шаардагдсан ажлын байрууд ажилтнаар хангагдах бөгөөд цамаан ажилгүйчүүд ч багасах болно.

2006 оны 9 сарын 3

Ц.Болд, Г.Цогтбаатар /МХХ-ийн МСА-ы судлаач/

Posted in БОЛОВСРОЛ | Leave a Comment »