Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

Archive for the ‘Намын социологи’ Category

ШУУД “АРДЧИЛАЛ”

Posted by bolod on September 27, 2012

“Шууд ардчилал” нэртэй сургалт болжээ. Ерөнхийлөгч санаачилж, ерөнхийлөгчийн ивээл доор зохиогдож, ерөнхийлөгчийн урилгаар Швейцариас мэргэжилтнүүд уригдан ирж, ерөнхийлөгчийн шууд оролцоотойгоор, ерөнхийлөгчийн баг зохион байгуулж, ерөнхийлөгч ерөнхийлөн найруулжээ. Бүхэлдээ гол дүрд нь ЕРӨНХИЙЛӨГЧ ерөнхийлжээ. Үнэхээр ерөнхийлж байгаа бол болж л байна. Худлаа наанаа ерөнхийлж байгаа бол харин хэцүү дээ. Ерөнхийлөгчийн шоу биш биз. Хоёр жилийн настай “шууд ардчилал” байх вий. Хэрэв шоудаж байгаа бол шоудаагүй нь дээр. Нийслэлийг нүүлгэнэ, ногоон хэрэм энээ тэрээ гээд л түүний ерөнхийлсөн олон ажлын араас орвол харин утгагүй юм болно. Маш хэрэгтэй олон санаачлагыг улс төрчид авч давхиад, буруу зөрүү үйлдээд сүүлд нь авч ч болохгүй хаяж ч болохгүй зүйл болгох нь олонтаа. Read the rest of this entry »

Advertisements

Posted in Намын социологи, Сонгууль--2012, ЭРХ ЗҮЙ | Tagged: , | 3 Comments »

ЯЛГАРАЛ

Posted by bolod on January 10, 2012

Өвгөн эмгэн хоёр авдраа уудалж, бичиг баримтаа үзэж янзалж байж. Сайшаалын үнэмлэх, жуух, баярын бичгүүдээ үзэж. Гэтэл өвгөн нь гэрлэлтийн баталгаагаа барьчихаад л үзээд суугаад байх юм гэнэ. Эмгэн, чи юугий нь үзээд байдаг юм бэ, аль нааш нь далд хийе гэж. Өвгөн эргүүлж тойруулангаа, энэ тэдэнд гэрлэсэн гээд хугацаа нь байх юм, хэзээ дуусах нь байхгүй юм гээд үзээд байсан гэдэг. АН-ын дарга Н.Алтанхуяг гэнэтхэн мэдэгдэл хийж, сонгуулийн жил гарлаа, голд шахан бууя хоньчин хургачинд хоол болтугай, ууланд шахан бууя адуучинд нөмөр болтугай, гэчихэв. З.Алтай гишүүн АН-ынхныг тавлаж, та нар тэгээд салах л байсан юм бол эртхэн салчихгүй яасан юм бэ дээ гэтэл Гантөмөр гишүүн хариуд нь, харин яг салах цагтаа л салж байна гэж хариулж байна. АН ба МАН хоёрын гэрлэлтийн баталгаанд дуусах хугацааг нь заачихсан байсан бололтой. Яг цагтаа гэж байна. Read the rest of this entry »

Posted in Намын социологи, Сонгууль--2012 | 3 Comments »

НОГООН ОРОН ЗАЙ

Posted by bolod on October 26, 2011

Одоо Монголын улс төрд Ногоон нам дахин чухал хөзөр болж эхэллээ. Сүүлийн үед үе үехэн биш, байн байн анхаарлын төвд орох боллоо. Гэхдээ нөхцөл байдал өмнөхөөс ялгаатай байна.

Ногоон нам нэг удаа ашиглаад хаядаг хэрэгсэл биш болчихсон. 2004 оны сонгуулиас хойшхи иргэний хөдөлгөөнүүдийн оргилолттой зэрэгцэн, орон нутгийн уугуул хөдөлгөөнүүд олноор байгуулагдаж идэвхижсэн, өмнө байгуулагдсан байсан хөдөлгөөнүүд ч идэвхжиж, хүчээ сэлбэж, нэгдэж, резонанс үүсгэж, газар авч эхэлсэн. Эдгээр орон нутгийн уугуул хөдөлгөөнүүдийн дийлэнх нь гол усаа хамгаалах хөдөлгөөнүүд байлаа. Гол усаа хамгаалах уугуул хөдөлгөөнүүдийн шахалтаар ч гэх юм уу, түрэлтээр ч гэх юм уу, ногоон нам идэвхжихээс өөр арга байгаагүй. Ингэж идэвхжих явцад, ногоон намд нийгэмд танигдсан хэд хэдэн зүтгэлтэн элсчээ. Заримыг нь бодлогоор элсүүлжээ. Тухайн үеийн намын удирдлага намаа таниулж, ногоон үзлээ түгээхийн тулд ийм алхмыг хийсэн хэмээн ярьж байна. Үр дүнд нь Ногоон нам УИХ-д суудалтай ч болсон, Өмнөх хэний ч таньдаггүй, УИХ-д суудалгүй нам биш, олон хүнд танигдсан нам болчихсон. Read the rest of this entry »

Posted in Намын социологи | 5 Comments »

АЛЬ НЭГ НЬ БУРУУТАЙ

Posted by bolod on February 27, 2011

Сүүлийн үед Ногоон нам улстөрийн хүрээнд анхаарал татаж эхэлж байна. Ногоон нам ийнхүү анхаарлын төвд ороод ирэхтэй зэрэг тэдний дотоод зөрчил бас анхаарлын төвд орчихож байгаа юм. Эсвэл эсрэгээр, анхаарлын төвд орсон учраас тэдний дотоодод зөрчил гарч эхэллээ. Энэ нь дотоод гадаад ямар ч хүчин зүйлээр өдөөгдсөн байж мэднэ. Дотоод зөрчил нь нэг хэсэгтээ анхаарлыг татах, төвлөрүүлэх үүрэг гүйцэтгэдэг бол энэ нь хэт даамжрахаараа дотоод тэмцэл болон хувирч, хамаг хүч ресурсээ дотооддоо зарцуулж, гадагшаа хүч зарцуулж чадахгүй, улмаар нэр хүндээ алдаж сулрах аюултай. Ногоон нам ч энэ лайг тойрсонгүй дайрчих шиг. Read the rest of this entry »

Posted in Намын социологи | Tagged: | 1 Comment »

МОНГОЛЫН ГУРАВ ДАХЬ “ТОМ НАМ”

Posted by bolod on February 14, 2011

Манай нарны аймаг албан ёсоор 9 гаригтай, тэгснээ сүүлийн үед нэг гаригийг нь нарны системээс хаслаа ч гэх шиг сонсогддог. Гэхдээ нөгөө бага гаригуудын бүсийг үл тооцоод тэр. Бага гаригийн бүс гэж нэрлэдэг зурваст тоолж барахааргүй олон бага гариг, жижиг хэлтэрхийнүүд хөвж явдаг гэнэм.

Манай улс олон намын тогтолцоотой улс гэдэг. Дээд шүүхэд бүртгэлтэй 17 нам байгаа. Монгол хэдийгээр олон намын тогтолцоотой гэх боловч үндсэндээ хоёр намын тогтолцоотой ч гэж болохоор. МСДН, МАШСН тэгснээ Эх орон нам, МҮШН, БНН, АТН, ИЗН хамгийн сүүлд МНН улсын их хуралд суудалтай болсон. Эдгээр намууд УИХ-д нэр төдий л суудалтай байсан болохоос биш хэзээ ч бүлэг байгуулах тооны суудал авч байгаагүй, Үндэсний хэмжээний нам болж чадаагүй, улс төрд тогтвортой оршин тогтнож, төлөвшиж чадаагүй байна. Read the rest of this entry »

Posted in Намын социологи, УЛС ТӨР | 1 Comment »

НАМ ШИЙДЭХ ЁСТОЙ ГЭЖ ҮҮ?

Posted by bolod on April 27, 2010

2010 оны 3 сарын эхээр МАХН-ын Удирдах зөвлөлөөс шийдвэр гарган Сонгинохайрхан дүүргийн засаг дарга Ч.Сайханбаяр болон, Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Баярт нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухай мэдээ цацагдав. Энэ мэдээний талаар эргэцүүлэн бодож үзвэл Монгол орны засаглалын хямралын үндсэн асуултад хариулт олж болмоор санагдана.

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга болон иргэдийн хурлын дарга нар хоёул МАХН -ын гишүүд. Бараг л “томилогдсоноосоо” хойш л хоорондоо толхилцсон гэж хэлж болно.  Нэг талаас нь харвал МАХН, ажил хийдэггүй, хариуцлагагүй, албан тушаал булаацалдаж, талцаж муудалцсан гишүүддээ хариуцлага тооцсон, цаашид ийнхүү хариуцлага тооцох их ажил эхэлж байгаа юм байна гэж дүгнэж болохоор. Овоодоо муу МАХН, энэ даварсан хурган дарга нарыг ингэх цаг нь болсон. Одоо л МАХН намын гишүүдтэйгээ хариуцлага тооцож, чанд хатуу нам болох гэж байна. Шударга бус зүйлтэй тэмцэж, бузрыг зайлуулж, буяныг хураах нь. Цөвүүн цаг төгсгөл болж шинэ сайн цаг ирж байгаа нь энэ гэж үү? Гэхдээ ингэж дүгнэх нь, Засаг дарга нарыг намаас томилж байгааг, тэрчлэн ИТХ-ын даргыг намаас томилж байгааг зөвтгөсөн хэрэг болно. Нөгөө талаас нь харвал иргэдийн сонголтод Нам бүдүүлгээр халдаж байгаа гэж хэлж болно. Read the rest of this entry »

Posted in Намын социологи | Tagged: , | 1 Comment »

НАМЫН ҮҮР НАМАР ЦАЙЧИХСАН

Posted by bolod on April 18, 2010

Эргэн дурсахад. 2007 оны сүүлээр болсон МАХН-ын 25-р Их Хурлыг санаж байна. Яагаав нөгөө С.Баяр дарга хэлсэн шийдсэнээсээ эргэж буцаж, нэг зарчим ярьж нэг хариуцлага гэж толгой эргүүлж байгаад эрх мэдэл шаардаж, намын даргын суудлыг авмагцаа дайварт нь Ерөнхий сайдын албан тушаалыг булааж авдаг тэр хурал. Баяр ямар айхавтар улс төрч, ямар айхавтар дарангуйлагч болох нь тэгэхэд нэг харагдсан. Хариуцлага энэ тэр ярьж М.Энхболдыг баахан баалуулж байгаад намын даргыг амархан авчихсан, намын нэр хүнд энэ тэр гэж Н.Энхбаярыг баахан шүүмжлүүлж дараагийн лидер хэн болох гаргалгааг амархан гаргачихсан. Тэр өнгөн дээр нь хэн товойхыг өөрөө урьдчилаад сайн ойлгож байсан хэрэг. Намын дотоод ардчилал, нам доторх шинэчлэл энэ тэр гэж хүмүүсийн цөсийг хөөргөж байгаад баахан яриулсан. Read the rest of this entry »

Posted in Намын социологи | Tagged: , | Leave a Comment »

“НАМ” ХИЙГЭЭД НАМ

Posted by bolod on May 29, 2008

Социализмын үед л нам засагтаа үнэнч хүмүүс нам намайг мэднэ хэмээн үнэн сэтгэлээсээ боддог үйлддэг байлаа. Намын даалгавраар юуг ч хийж, намын илгээлтээр хаана ч очиж мэднэ.

Өдгөө өөрчлөгдсөн зүйл байна уу? Социалист нийгэмд ганцхан л намтай байдаг тул нийгмийн гишүүдийг намын гишүүн хийгээд нам бус хэмээн ялгаж болдог. Харин намын гишүүдийг дотор нь намын жирийн гишүүд хийгээд намын удирдлага гэж зэрэглэдэг байна. Орвэлийн 1984 зохиолд намын гишүүдийг намын гишүүд хийгээд ДОТООД намын гишүүн хэмээн ялгадаг шиг.  

Намын гишүүн гэсэн шошго нь тухайн хүний зэрэглэл, кастыг тодорхойлохоос гадна намын гал улаан батлах нь нийгэмд арай илүү тэгш эрх эдлэх батламж бичиг, бусдаас давуу хангамж боломж хүртэх путёвк, намын гишүүн гэдгийг нь байнга сануулах чойго зэрэг үүргийг давхар гүйцэтгэнэ. Нийгмийг нэг хэв загварт оруулж, нийгмийн гишүүдийг нэгэн төрлийн бүлэг болгон, адилхан үзэл бодолтой, ижилхэн материаллаг хангамжтай байлгахын тулд намын хатуу чанд үзэл суртал байхаас аргагүй. Монгол улс 1990-ээд оноос хойш нэр төдий олон намын тогтолцоонд шилжсэн боловч өнөөгийн манай намууд хаалттай нийгмийн, эсвэл Орвэлийн 1984 –т гардаг шиг намын бүтэц зохион байгуулалтаас өөрчлөгдсөнгүй юу дээ.

Нам намайг тэжээнэ

Нам нь улс төр бизнесийн бүлэглэл болсон учраас мөнгөний ихэнх нь намын сүлжээгээр урсдаг болов. Хоёр нам эдийн засгийн гол салбаруудыг хуваан авч, колончлон атгасан тул ДОТУУР намуудаас гадуурх бизнес хийх боломж бараг үгүй. Намаар л дамжиж хоолонд хүрдэг амьдралын үндсэн хэв маяг тогтох шинжтэй. Хоолонд хүрээд зогсохгүй намын харьяаллаар дамжуулан нийгмийн баялгаас зувчуулдаг, шамшигдуулдаг, шимдэг сордог болжээ. Намуудын хүчний тэнцвэр нь улс төрийн гэхээсээ илүүтэй бизнесийн бүлэглэлүүдийн хүчний харьцаагаар тодорхойлогдоно. Хоёр намын хооронд үзэл суртлын гэхээсээ илүүтэй зах зээлээ булаацалдсан колончлон хуваах тэмцэл явагдаж байна.

Нам намайг хамгаална

Идэж ууснаа шингээхгүй бол идэхийн хэрэг юу билээ. Шударгаар нэгэнт их хэмжээний мөнгө олох боломжгүй тул илүү тэгш эрх эдлэхээс өөр аргагүй болно. Илүү тэгш эрхээрээ илүү жоохон идсэнийг нь иргэний нийгмийнхэн авлига, албан тушаалын хэрэг, төсвийн мөнгийг зувчууллаа, төрийн албыг зарлаа, татвараас бултлаа, хууль зөрчлөө гэмт хэрэгтэн боллоо гээд баалаад байхаар яах гэхэв намаа л бараадаж, намынхаа хормой доогуур шургахаас аргагүй. Эцэст нь нам нэртэй гэмт хэргийн бүлэглэл болох тал руугаа хазайлаа. Одоо манай намууд нам биш мафи, синдикат бүлэглэлүүд боллоо хэмээн амтай бүхэн шуугиж, сонин бүхэнд бичиж байна.

Нам миний амьдрал

Намгүйгээр амьдралаа төсөөлөх аргагүй хүмүүс нийгэмд бий болов. Нам дамжихгүйгээр, нам нийлэхгүйгээр, сэм хуйвалдахгүйгээр улс төрөөр бөөлжихгүйгээр амьдарч чадахаа байсан хүмүүс, намаар далайлгаж, намаар айлгаж хоол олж иддэг хэсэг, намаа зарж, намдаа зарагдаж ашиг олдог бизнесүүд, намаа дэмжин сонгуульд өрсөлдөж, сонгуулийг Соёолонгийн уралдаан шиг үзэж ханамж авдаг, сонгуулиар баримжаалан амьдардаг намын фанатикууд төрөв, ялгарав. Намаар далайлган бусдыг дээрэнгүйлэх, бусдыгаа бороохойдох мэргэжил бий болов. Намаас нь салгачихвал сахил санваараа алдсан лам шиг, хөнгөлүүлсэн хурга шиг, эрэг дээр хаягдсан жараахай шиг ангалзах хүн олон. Амьдралын зорилгоо намаар дамжуулан харж буй тул нам бол тэдний хувьд амьдрал нь.

Нам гишүүнээ мэднэ

Намын бодлого гэх нэрийн дор намууд гишүүдээ үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь боогдуулж байна. УИХ-ын гишүүн хичнээн өөр үзэл бодолтой байсан ч хамаагүй намын бүлгийн шийдвэрийг сөрөх эрхгүй болох нь олон зүйл дээр батлагддаг. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л АН сонгуулийн пропорциональ системд шилжих асуудал дээр Э.Бат-Үүл гишүүнийг нухчин дарж авлаа. УИХ-ын гишүүн бүх ард түмний элч, эсвэл ядахдаа тухайн тойргийн сонгогчдын элч биш, намын эрэг шураг, кнопчин төдий болж байна. УИХ-д нууцаар санал хураалт явуулдаг байсан практикийг халж, илээр санал хураалт явуулдаг болсон нь цорын ганцхан зорилготой. Энд ардчилал, шударга ёс, үндэсний эрх ашиг энэ тэр огтхон ч хамаагүй. Намууд зөвхөн гишүүдээ, тэдний саналыг л хянаж байхыг хүссэн хэрэг. УИХ-ын гишүүд нь хууль тогтоогч, санаачлагч эрх бүхий субъект парламентач биш, ердөө л намын хувьд УИХ гэж нэрлэгдсэн талцааны нэг санал төдий ажээ. Тиймээс УИХ-ын гишүүдийг НАМ мэднэ.

Нам бүлгээ мэднэ

Үндсэн хуулинд ч байхгүй намын бүлэг зөвлөл гэх бүтэц, УИХ-ын гишүүдийн саналыг багцална. Удирдах зөвлөл, зөвлөлдөх хороо зэрэг нь намыг төлөөлнө. Тэд намын гишүүдийг төлөөлөх хэрээр намын гишүүдээ мэднэ. Удирдах зөвлөл, зөвлөлдөх хороогоо намын дарга нь атгана. Намын даргын үгнээс зөрвөл сонгуульд нэр дэвших эрх нь төдийгүй, улс төрийн карьер нь төгсгөл болно. Тэгэхээр намыг намын дарга мэднэ.

Нам, Засгийг мэднэ

М.Энхсайханы засгийн газрыг огцруулах цаад шалтгаан нь Ц.Элбэгдоржийн засгийн эрх мэдлийг өөртөө авах гэсэн хүсэлд байлаа. Тиймээс л сонгуульд ялсан намын дарга нь ерөнхий сайд болох ёстой гэсэн үндэслэлээр өөрийн намын засгийн газрыг огцруулж тэрээр ерөнхий сайд болж байсан билээ. 2007 онд түүх давтагдав. МАХН-ын Засгийн Газрын ерөнхий сайдыг МАХН хурлаараа авч хаяв. МАХН-ын шинэ дарга С.Баяр “Би намын дарга болсон учраас намаа сонгуульд ялуулахын тулд бүхнийг хийнэ. Бүх хариуцлагыг би хүлээнэ. Гэхдээ энэ хариуцлагыг хүлээлгэхийн тулд үүнтэй тэнцэх хэмжээний эрх мэдлийг минь надад өгөөч” хэмээн МАХН-ын 25-р Их Хурлын төлөөлөгчдөөс хүсэв. Хүсэл нь ч илбэт цурхайн тушаалаар ёсоор боллоо. Засгийн газрыг томилохыг ч нам мэднэ, засгийн газрыг огцруулахыг ч нам мэднэ. Засгийн газрын насыг нам тодорхойлно. М.Энхсайханы, Ц.Элбэгдоржийн, Ж.Наранцацралтын, М.Энхболдын гээд огцорсон Засгийн Газруудын төөргийг нам л шийдэж байв. Засгийг НАМ мэддэг юм.

Нам Монголыг мэднэ

Гэтэл байтлаа намын дарга нар Монголыг мэдэх гэнэ. Стратегийн орд газруудын 51%-ийг Монголчууд мэднэ, монголын тал мэднэ, төр мэднэ гэхчлэн ялгаатайгаар янз бүрээр тайлбарлаж байгаа ч 51 –ээс дээш хувь гэдэг дээр хоёр намын дарга нар анх удаа зөвшилцлөө. Бид үндсэн эрх ашиг дээрээ санал нэгдэж зөвшилцлөө. Одоо бүх юм ОК, Монголын тал хожно. Бид нэгдсэн шийдэлд хүрлээ хэмээн хоёр намын дарга бөөрөө нийлүүлж байгаад мэдэгдэл хийв. Гэхдээ байз. Энэ хоёр л зөвшилцөөд 51-ээс дээш хувийг эзэмших шийдэлд хүрсэн юм бол, ингэж шийдэгдэхгүй байсны шалтгаан нь ч мань хоёрт байжээ дээ. Энэ хоёр л хоорондоо хувааж авах асуудал дээрээ тохиролцохгүй байснаас энэ асуудал гацаж байсан гэж ойлгогдож байна. Монголын баялагийг хоёр намын дарга мэддэг юм байна. Монголын төр гэдэг чинь намын дарга нар юм биш биз.

Нам чамайг мэднэ

Жирийн иргэн, мөрөөрөө ажлаа хийгээд явж байгаа ажилчинд цалингаас өөр илүү харах зүйлгүй хонгийн хоолны төлөө ажилласаар. Монголыг тэжээж хувцаслаж байгаа жирийн ганзагын худалдаачин хэдэн төгрөг олох гэж өдөр шөнөгүй зүтгэж, хоногийн 18 цаг ажиллаж, нялх хүүхдээ гэрт нь хоолтой хоолгүй цоожлон орхиж зүтгэцгээнэ. Хэнээс ч гуйхгүй, амьдралаа аваад явж байгаа жирийн малчин, тариаланч, ажилчин, багш, эмч, ганзагачин худалдаачин, мянга мянган жирийн иргэд өөрийн амьдралыг болгоод зогсохгүй, төрийг нуруундаа үүрч явна. Энэ дундчуул дээр л монголын нийгэм тогтож байгаа. Тэгэх тусам тэдэн дээр хамаг ачааг овоолно. Нам гэдэг чинь би байгаа юм хэмээн цээжээ дэлдэх хэдхэн хүнийг чухамдаа тэд л тэжээдэг. Гэтэл тэд нь эсрэгээрээ тэжээгчдээ мэдэх гэнэ. Нам солигдвол засаг солигдоно, Засаг солигдвол дарга солигдоно. Дарга солигдвол ажлын багаа бүрдүүлэх нэрээр ажилчид нь солигдоно. Энэ гинжин урвал хаа хүрч зогсдог бол. Чухам цөмийн гинжин урвал шиг эцэс төгсгөлгүй үгрэлжилж нийгмийн эд эс болгонд хүрч үйлчилж манаач жижүүрээс эхлээд бүх ажилчин албан хаагчдад, цэцэрлэгийн хүүхдээс авахуулаад тэтгэврийн хөгшдийг хүртэл хамрана. Нам чамайг ч мэднэ. Би нам бус хэмээн хичнээн хашгичивч тэртээ тэргүй намын буулганд орно. НАМ ЧАМАЙГ ХАРЖ БАЙНА.

Дотоод нам 

Манай өнөөгийн намууд маань социалист нийгмийн үеийн намын бүтэц зохион байгуулалттай, гишүүнчлэлтэй, үзэл сурталтай, нам гэсэн нэртэй бүлэглэлүүд болжээ. Намуудын удирдах байгууллагыг улс төрийн товчоо, удирдах зөвлөл, зөвлөлдөх хороо гэж ямар ч гоё нэр өгч өөр өөрөөр нэрлэсэн ялгаагүй. Нам нэрээр хоол олж идэж ахиуц ашиг хүртдэг хэсэг нь энэхүү ДОТООД намууд ажээ. Сонгуулийн үр дүнд ашиг хүртдэг 2000 орчим хүн л байдаг хэмээн хоёр намын дарга зэрэгцэж суугаад зөвшилцөж, толгой дохилцож байсан сан. МАХН, АН –ын жирийн гишүүдийг би огтхон ч буруутгасангүй. Тэд гэмт хэрэгтнүүд огтхон ч биш, авлигачид, бузар булай, садар самуун, ёс бусын үүр уурхай ч биш. Гагцхүү энэ ДОТООД намын хоёр мянга нь л улс төрөөр бөөлжиж, улс төрөөр амьдарч, улстөрждөг ажгуу.

Нам гэж юу юм бэ?

1. Бид намын тухай олон тодорхойлолтыг мэдэх боловч үзэл бодлоороо нэгдсэн гэсэн үгийг огтхон ч анхаарч байсангүй, зөвхөн зохион багуулалттай засгийн эрхийн төлөөх бүлэг, бөөгнөрлийг л ойлгож иржээ. (Бидэнд үзэл бодол мөрийн хөтөлбөр бий юу? Ч.Тамир)

Манай намууд өөрсдийгөө ямар нэгэн үзэл баримтлалтай мөрийн хөтөлбөртэй гэж тунхаглах боловч өөр хоорондоо ерөөсөө ч ялгарахаа байсан байна. Баабар нэгэнтээ монголын намуудыг зүүний намуудын овоолго хэмээн дүгнэсэн санагдана. Үйл ажиллагаагаар нь дүгнэлт хийвэл үнэхээр бүгд л зүүний бодлоготой намууд байгаа учир өөр хоорондын үзэл бодлын, зарчмын ялгаа, өрсөлдөөн үгүй зөвхөн засгийн эрхийн төлөөх эцэс төгсгөлгүй тэмцэл, сэм хуйвалдаан, нам нийлэлдээн болжээ.

Доктор Батчулуун, либертари үзлээс бүгд хулгайлж байна гэжээ. Хэлж ярьж байгаагаас нь онолдож байгаагий нь сонсоход үнэхээр л бараг бүгдээрээ либертари үзэлтэй ч юм шиг. Гэхдээ яг сонгууль дөхөөд ирэнгүүт социалист амлалт нь онолын дүгнэлттэй нь зөрөлдөж ердөө л популизм үлдэнэ. Либертари үзэлтэй социалистууд гэх гаж улс төрчид өнөөдөртөө намуудыг бүрдүүлж байна. Тодорхой хэвшмэл үзэл баримтлалгүй, аль таалагдсанаа ярьдаг ёлкны тоглоом шиг үзэл бодолтой, мөнгө өгнө тараана гэсэн амлалт голдуу мөрийн хөтөлбөртэй дандаа зүүнтнүүд үлджээ. Өөрөөр хэлбэл Монголын нийгэмд үзэл бодлын өрсөлдөөн үгүй болж, оюун санааны орон зай хоосорч эзгүйрсэн байна. Энэ бол гарцаагүй улс төрийн тэргүүлэх хүчний орон зай үгүйлэгдэж байгааг харуулах юм.

2. Итгэл үнэмшлээрээ нэгдэж нам байгуулж чадахгүй буй тул эрх ашгаараа нэгдэж бүлэглэл бөөгнөрлийг үүсгэв. Эрх ашиг гэдэг нь нийгмийн аль нэг бүлэг давхаргын эрх ашиг юм уу дийлэнх олонхын эрх ашиг гэхээсээ илүүтэй нийгмийн өчүүхэн хэсгийнхний хувийн явцуу эрх ашиг, бүлэглэлийн ашиг сонирхлыг илэрхийлэх болсон тул нийгмийн бааз суурьгүй болж, намаас дайжих үзэгдэл гаарлаа. МАХН амлалтын бодлогоороо нийгмийн доод давхаргынхан, ядуучуудын саналыг булаагаад байгаа байдал нь бусад намуудын атааг хөдөлгөж, уралдан амалж, өрсөлдөн мөнгө тарааж, булаацалдан халамжлахаар тачаадаж байна. Ядуучуудын төлөө, иргэдийнхээ төлөө, нийгмийн сайн сайхны төлөө гэх арга хэмжээнүүдийн эцсийн үр ашиг нь нийгмийн цөөнх хэсэгт оногдож, нийгмийн баялгийг ДАРГА ангийнханд л хүртээж, баялгийн хуваарилалтыг улам шударга бус болгосоор байна. Энэ дүйвээнд нийгмийн дунд ангийнхан, дунд давхаргынхны эрх ашиг ор хоосон орхигдож, завсарт нь гоожлоо. Хамаг хүнд ачааг нуруундаа үүрч байгаа нийгмийн дунд давхаргынхан, жирийн багш эмч, инженерүүд, жижиг дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, малчид тариаланчдын эрх ашиг хохирч байгаа нь тэдний эрх ашгийг илэрхийлэх нийгмийн институц байгуулагдах зайлшгүй хэрэгцээг тодорхойлно.

3. Нам гэсэн ойлголтыг МАХН ба АН -аар төлөөлүүлэн ойлгох болсон тул нам гэхээр ийм л заваан юм байдаг гэсэн сэтгэлзүй нийгэмд бүрджээ. Намуудыг шинэчлэх, дотоод ардчиллыг сайжруулах, үзэл бодлын индэр болгох, шударга өрсөлдөөний талбар байлгах механизм, зарчим, хүсэл эрмэлзэл аль аль намын эрх баригчдад байхгүй болжээ.

Улс төрийн НАМ гэсэн ойлголт XXI зуунд шал өөр утга агуулгатай болж байна. Тиймээс шинэ зууны нам гэсэн ойлголттой яв цав таардаггүй юмаа гэхэд дөхөж очих, шинэ зууны цоо шинэ, ёс суртахуунтай, зарчимтай, бүтэц зохион байгуулалттай, үзэл баримтлалтай, дунд давхаргынхны эрх ашгийг илэрхийлсэн ШИНЭ нам үүсэн байгуулагдах эрэлт хэрэгцээ, орон зай, цаг хугацаа, хүлээлт Монголын нийгэмд бүрдсэн байна.

2008 ОНЫ 4 САРЫН 1

Posted in Намын социологи, УЛС ТӨР | Leave a Comment »

ЭКСТРЕМУМ ЦЭГ

Posted by bolod on May 26, 2008

1932 оны сонгууль АНУ-д шинэ эргэлтийн жил болсон гэдэг. 1860-1932 оны хооронд бүгд найрамдахчууд ерөнхийлөгчийн эрх мэдлийг 56 жил атгасан бол, ардчилсан намынхан 16 жил атгажээ. Харин 1932-1980 онд ардчилсан намынхан энэ эрх мэдлийг 32 жил, бүгд найрамдахчууд 16 жил барьсан байна. (М.Фридман, Р.Фридман, “Хувь заяагаа сонгох нь”, УБ., 2001.  х74) Энэ өөрчлөлт нь зөвхөн улс төрийн хүрээнд явагдаагүй, намуудын хүчний харьцаанд гарсан өөрчлөлтөөр ч хязгаарлагдаагүй ажээ. Сонгогчдын улс төрийг үзэх үзэл бодол хийгээд иргэдийн нийгэм эдийн засгийн үнэлэмжийн хувьд чухамдаа зарчмын өөрчлөлт гарсан гэдэг. Монголд дээрхтэй адил эргэлт болж өнгөрсөн гэдгийг судлаачид янз бүрээр хэлж дүгнэж байна. Энэ өөрчлөлт нь “Их эвслийн” засгийн газрыг огцруулж, “Yндэсний эв нэгдлийн” гэх засгийн газрыг байгуулсантай ойролцоогоор давхцан эхэлсэн юм.

Шинэ хандлага. Эдийн засаг, нийгэм, улс төрийн бүхий л хүрээнд цоо шинэ хандлага бий болж байна. МАХН түүхэндээ бараг анх удаа ээлжит бус Их Хурлаа хийж намын даргаа авч хаяв. МАХН –ын Засгийн Газар анх удаа огцорлоо. М.Энхболдын нэр түүхэнд хамгийн азгүй ерөнхий сайдын нэр болж үлдэнэ. Түүнийг намын шийдвэрээр, өөрийнх нь намынхан огцруулсан билээ. Анх удаа МАХН-аас сонгогдсон УИХ-ын даргыг огцруулав. Үндсэн Хуулийн Цэц анх удаа эрх баригчдын эсрэг шийдвэр гаргалаа. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд л анх удаа МАХН-ын гишүүд авлига албан тушаалын хэргээр шийтгэгдэж шоронд орлоо. МАХН-ын хариуцлагатай албан тушаалтан нь МАХН авлига авсаныг албан ёсоор хүлээн зөвшөөрөв. Дараагийн гишүүдийн нэр бузар булайтай хутгалдан сонин хэвлэлээр бичигдэж байна, авлигатай тэмцэх газарт шалгагдаж, шүүхэд дуудагдаж байгаа гэнэ. МАХН -ынхан анх удаа хариуцлага алдсан хэргээр огцордог, албан тушаалаасаа буудаг болов. МАХН анх удаа ард түмнээсээ уучлал гуйлаа. Хэлмэгдүүлэлтийн төлөө ч тэр, Хонгорынхныг хордуулсныхаа төлөө ч тэр. Тэд дуртайдаа тэгсэн гэж үү? Үгүй. Энэ шинэ хандлага биш гэж үү? Цаашид ч ажлаа хийж чадаагүй бол хэнбугай ч огцрох ёстой, огцруулж болдог юм байна гэсэн ойлголт нийгэмд нэгэнт бүрдлээ. 

АН анх удаа иргэдээ сонсдог болов. Сонгогчдоосоо тасарснаа тэд хүлээн зөвшөөрлөө. АН иргэний баримжаатай улс төрийн хүчин байх болно хэмээн мэдэгдэв. Төр нь иргэддээ үйлчилдэг байх ёстой хэмээн сургав. Төрд иргэний хяналтыг нэмэгдүүлнэ хэмээн амлав. “Монголд одоо зүүний бодлого ч хэрэггүй, барууны бодлого ч хэрэггүй. Монголд одоо ЗӨВ бодлого л хэрэгтэй” хэмээн мэдэгдэв. Буруу бодож байжээ. Алдаагаа хүлээн зөвшөөрөв. Сайн дураараа юу? Үгүй. Хоёр нам хоёулаа иргэний хөдөлгөөнүүдийг хүлээн зөвшөөрч, тэдний тэмцлийг анзаарч, хэлсэн ярьсныг нь давтаж, мөрийн хөтөлбөртөө тусгаж, хэрэгжүүлж эхэллээ. Энэ шинэ хандлага биш гэж үү? Төр засагт нөлөөлж болдог юм байна гэдгийг Иргэний хөдөлгөөнүүд батлан харууллаа. Иргэний нийгмийнхэнтэйгээ хамтран ажиллана, хандралцана, иргэний нийгмийнхэн минь бидэнд туслаач хэмээн тэд ч зуйрах болов. Иргэн гэдэг вангаас сайхан нэр ч юм уу.

Татварыг буурууллаа, НДШ-ийг багасгав, хүүхдийн мөнгийг өгсөн, шинэ гэр бүл мөнгөө авч байгаа, цалин өссөн, тэтгэвэр тэтгэмж нэмэгдсэн, удахгүй Эрдэнийн хувь хүртээнэ хэмээн улс төрчид ам уралдуулан амлаж байна. Гэвч иргэд үүнд итгэлгүй хандаж байгаа. 4 жилийн өмнө 10000 төгрөг өгнө гэхээр авна гээд уралддаг байсан бол одоо 50000 төгрөг өгнө гээд байхад тэрүүгээр чинь яах юм бэ гэх хүмүүс олширчээ. Өгсөн мөнгө нь аманд ч үгүй хамарт ч үгүй дуусч засаг өгсөн нэртэй, иргэд авсан нэртэй л үлдэнэ. Инфляци угаасаа өгсөн мөнгийг нь эргүүлээд идчихээд байгааг хүн бүхэн ойлгож ярих болжээ. Өөрөөр хэлбэл халамжийн бодлогод хүн бүхэн эргэлзэнгүй хандаж байна.

Оюу толгой, Таван толгой гээд дэлхийд өрсөлдөх ашигт малтмалын том хэмжээний ордууд олноор нээгдэв, цаашид ч үргэлжлэн нээгдэнэ. Уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхол нэмэгдэж, Монгол улс геополитикийн хувьд сонирхлын бүс болж байгаа нь Монголын нийгэм улс төрийн амьдралд ч нөлөөлөх боллоо. Оюу толгой, Таван толгойн асуудал, тогтвортой байдлын гэрээ нь улс төрийн шийдлээ хүлээж байна. Гадаадын томоохон компаниуд төдийгүй дэлхийн хүчирхэг гүрнүүдийн ашиг сонирхол Монголд орж ирэхтэй зэрэгцэн Монголчуудын ашиг сонирхол, үндэсний ухамсар сэргэж надад ямар хүртээлтэй вэ гэхээсээ илүүтэй Монголд ямар ашигтай вэ хэмээн харж хүлээж байна.

Уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэхтэй зэрэгцэн байгаль экологийн асуудал хурцаар тавигдах болов. Цианит натри, мөнгөн усны хордлогыг дурдахаа больё. Олон зуун гол горхи, хэдэн мянган булаг шанд хатаж ширгэж, хатааж ширгээжээ. Уулыг нурааж усыг эргүүлчихээд нөхөн сэргээлт хийсэнгүй, хөсөр хаяв. Дэлхийн цаг уурын дулааралттай энэ нь хавсран нөлөөлж, эргэж нөхөгдөшгүй хохирол учрууллаа. АЛТ, УС хоёрын нэгийг сонгох дээрээ тулж иржээ. Ер нь энэ байдлаараа бүтэхгүй нь гэсэн мэдрэмж хүн бүрт төрж байна.

Намуудын рейтинг хийгээд улс төрийн шинэ хүчний орон зай. “Их эвслийн” засгийн газрыг огцруулсан үеэс эхлэн АН-ын рейтинг түүхэндээ анх удаа МАХН-ынхаас өндөр гарч, энэ хоёр намын хувьд хүчний харьцаа ойролцоогоор тэнцсэн билээ. Хэдийгээр 1996 онд Ардчилсан Холбоо эвсэл сонгуульд ялж байсан боловч АН-ын рейтинг дангаараа МАХН -ынхаас дээр гарч байсан удаагүй юм. Хоёр намын рейтинг шалдаа буусан байдал 2 жил орчим үргэлжилж, хоёр нам хоорондоо нэлээд толхилцсоны эцэст учраа олж эвийн гэрээ байгуулах шиг боллоо. М.Энхболдын Засгийн Газрыг огцруулж С.Баяр МАХН-ын дарга, ЗГ-ын ерөнхий болсноос хойш хоёр намын хооронд элдэв толхилцоон болсонгүй, ямар ч гэсэн илэрхий зөрчил гарч нийгмийн сэтгэлзүйг савлуулсангүй. Үр дүнд нь намуудын рейтинг бага багаар өсөж байна. Энэ нь сонгууль дөхөж байгаатай ч холбоотой. Гэхдээ голлон С.Баярын хувийн нэр хүндээр ЗГ-ынх нь нэр хүнд тодорхойлогдож, дагаад намынх нь нэр хүнд дахиж унасангүй. Иргэд, сонгогчид С.Баярт үхтлээ итгэж, түүнийг л эцсийн горьдлого хэмээн харж эхлэв. МАХН-ын нэр хүнд ийнхүү ганцхан хүний нэр хүндээс ихээхэн хамааралтай болсон нь энэ нам институциональ шинжээ алдаж буйг харуулна. МАХН-ын рейтинг өсч буй нь ч түр зуурынх байх магадлалтай. Үүлэн чөлөөний нар хурц… энээ тэрээ гэдэг дээ.

Одоогоор хоёр намын рейтинг тогтвожиж бага багаар өсөж магадгүй байдалтай байна. Гэхдээ АН-ын рейтинг МАХН –ынхаас үл ялиг өндөр байдлаа хадгалсан хэвээр. Энд тэндхийн судалгааны дүнгүүд харилцан адилгүй гарч байгаа боловч үндсэн дүгнэлт нь ерөнхийдөө ижил. Хоёр намын рейтинг их л ойролцоо байгаа, мөн бага багаар (одоохондоо тун ялихгүй) өсөх хандлагатай байгаа явдал юм. Хэрэв ийм байдалтай байвал АН –ын зүгээс МАХН руу дайралгүй энэ байдлаараа үргэлжлүүлээд байвал хүчний харьцаа хэвээр хадгалагдаад байх боломжтой. Тэртээ тэргүй АН-ын оролцоогүйгээр МАХН-ын нам доторх үл ойлголцол, сөргөлдөөн нь тэдний хамаг хүчийг барж байна. Гадагшаа тэмцэх нь битгий хэл дотоод тэмцлээ зохицуулж чадахгүй байгаа учир С.Баярын хувьд гадаад талдаа эв найрамдлыг л хичээх болно.

Намуудын нэр хүнд сүүлийн хоёр жилд урьд өмнө байгаагүйгээр унасан нь улс төрөөс хүнийсэх хандлагыг бий болгосон. Хоёр намд тууштай үнэнч хатуу электоратуудын тоо эрс буурчээ. Хоёулаа адилхан луйварчид, один чёрт гэх хандлага хүчтэй болж байна. МАХН ба АН-ынхныг нэг шуудайд хийж балбах явдал нэмэгдэх болов. Тэд өөрсдөө ч өөрөөр байж чадахгүй байна. Энэ хоёр намын алийг нь ч сонгохгүй гэсэн байр суурь хүчтэй сонсогдох боллоо. Намын харьяаллаар дамжуулан “бор халзан хонь” ч байсан сонгодог байсан үе өнгөрчээ.

Хоёр нам нийлээд нийлээд улс төрийн огторгуйг бүрэн хянаж чадахгүй байна. Шинэ хүчний орон зай онгойсон хэвээр 40 гаруй хувийг эзэлсээр байна. Сонгогчдын дор хаяж гуравны нэг нь хоёр намыг сонгохоос зайлсхийх болжээ. Сонгуулийн өрсөлдөөн хоёр намын хооронд голлон өрнөдөг байсан бол өрсөлдөгч гуравдагч тал гарч ирэхээр айлгаж, хүчний тэнцвэрийг алдагдуулж эхэллээ. Тэнцвэрийн байдал алдагдвал шинэ нөхцөлд тэнцвэр тогтох болно.
 Хуучин улс төрчид ба шинэ үеийнхэн. Энэ жилийн сонгууль нь хүчний харьцааг өөрчлөх эгзэгтэй үед болоод зогсохгүй үе солигдох процессийн эрчимжилттэй давхцаж буй тул ихээхэн эгзэгтэй болж байгаа юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичигдэж яригдаж байгаагаас ажиглахад МАХН ба АН -уудын “үеэ өнгөрөөсөн хууччуул” бүгд УИХ-д дахин нэр дэвших сонирхолтой төлөвлөгөөтэй байгаа ажээ. Тэд үүнийгээ парламентийн тогоонд чанагдсан, туршлагажсан гэдгээрээ зөвтгөж байгаа боловч улс төрийн нас нь нэгэнт гүйцэж буй тул ирж яваа цагийн аясыг яаж ч болох билээ. Арга нь барагдаж бачимдахдаа алдагдсан үеийнхэн, завсардсан үеийнхэн гэхчлэн олон онол, таамаглал дэвшүүлцгээж байна. Арван хоёр жилийн өмнө “Намайг сонго, бид чадна” хэмээн гуйж байсан нөхдүүд “Бид дахиад арван жил төр баримаар байна” хэмээн тулган шаардах болов. Яг үнэндээ “алдагдсан” гэх үеийнхэн байраа тавьж өгөхгүй хэтэрхий удаан зууралдсанаас болж, тэр хэрээр шинэчлэл, улс орны хөгжил удааширч, хойч үедээ саад болж байгаагаа тэд ухаарахгүй байна. Түрүүлж гарсан чихнээс сүүлд ургасан эвэр урт гэдэг.

Улс төрчдөд “улс төрийн нас” гэсэн нэг ойлголт байдаг хэмээн улс төр судлаачид ярьж бичдэг. Энэ нь ойролцоогоор 10-12 жил. Зөвхөн улс төрчид ч гэлтгүй ямар ч мэргэжлийн хувьд ер нь хэн ч байлаа гэсэн хувь хүний хувьд ч гэсэн мэргэжлийн хувьд ч гэсэн өсөлт, оргил үе, гудайлтын үеүүд байдаг байна. Төрсөн бие түлбэрэх, түмэн амьтны хуультай. 

Өнөөгийн улс төрчид “лидерүүд” бүгд л 1990 –ээд оноос эхлэн өөрсдийн карьерийг эхэлсэн бөгөөд тэдний чадавх одоо шавхагдаж байна гэж ойлгож болно. Аль ч намын лидерүүдийн хувьд 10-аас дээш жил болсон “хугацаа нь дууссан” улс төрчид олон. Тэд улс төрийн энэхүү тогоондоо дассан, эрх мэдэл хэмээх амттай зүйлээс салж чадахаа больсон байдаг. Тиймээс дахин дахин сонгогдох, улс төрд үлдэхийн тулд бие биенийг хамгаалах дархлаа ч юм уу даатгалын систем ч юм уу маягийн юмыг бий болгодог. Энэ байдал нь газар авсаар өнөөгийн төрийн ядуу, чадваргүй байдалд хүргэж байна.
 УИХ-д сонгогдож чадаагүй байсан ч тэд Яамны дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, эсвэл Yндсэн хуулийн цэц, Yйлдвэрчний эвлэл, Олон нийтийн радио телевиз, Хөрөнгийн бирж, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Төмөр замын хэрэг эрхлэх газарт, ямар нэг эрх мэдэл бүхий албан тушаалд очдог, үгүй ядаж л зөвлөх болох жишээтэй. Хувийн хувьсгалын бизнесийг нь тооцохоо больё. Тэд мөнөөх даатгалын системийн буянд эрх мэдлийн хүрээнээс холдсонгүй, сэтэртэй мал шиг.

Албан тушаалын томилгоо нь аль чадвартай гэхээсээ илүү аль найдвартай манай талын, манай бүлгийн гэх шалгуураар хийгддэг. Тэр нь бүр хэтрээд өв залгамжлуулдаг, гэрээслэдэг, бэлэглэдэг болсон. Учир нь дараа нь өөрийн нь ээлж ирэхэд бас даатгалын баталгаа болох учраас тэр. Намуудын дэргэдэх залуучуудын байгууллагуудын нэр хүнд буурч байгаа байж магадгүй. Нам дотроос нь дараагийн үеийнхэн нь тодрохгүй төрөхгүй байж болно. Энэ нь залуучуудын буруу биш, ахмадуудынх нь алдаа. Залуучуудад нь карьер хийх боломж нь хаалттай, шалгуур нь шударга бус учраас луйварчин төрөх шалгуураар өөр хэнийг шалгаруулах билээ.

Хойчийг залгамжлагчид нь өвсөнд ороовч үхэр тоож идэхгүй, өөхөнд хучивч нохой тоож шиншихгүй болсон бол бурууг нийгмээс биш нам дотроосоо л хайвал үр дүнтэй. Тэрнээс шинэ үеийнхэн гарч ирэхгүй байна хэмээн залуучууд руу бурууг чихэж боломгүй.

Багцын онол гэж байдаг, нийгэмд лидерүүдийг багц багцаар нь төрүүлдэг гэх үзэл бий ч арай ч өнөөгийн парламент шиг хунз хунзаар нь төрүүлдэггүй юм. Нийгмийн бүхэл бүтэн нэг үеийнхнийг бусдаас нь илүү хэмээн танил тал харж тал тохой татаж, алтан үеийнхэн хэмээн магтаж, алдагдсан үеийнхэн гэхчлэн тодорхойлж, дараа үеийнхнийг нь гутаан доромжилж, завсардсан үеийнхэн хэмээн хочилж үе хооронд нь зөрчилдүүлэх нь угаасаа утгагүй төдийгүй боломжгүй билээ. Цаг нь ирэхээр цасан дороос ч яргуй цухуйдаг. Борог өвс хэдий өтгөн ч шинэ ургаж буй ногоонд халхлагдан бүдгэрнэ.

Шинэ эргэлтийн үе. Дээрхээс дүгнэвэл 2008 оны сонгууль бол шинэ эргэлтийн үе байх тун ч болзошгүй экстремумын цэг ажээ. Сонгогчдын улс төрийн үзэл бодол хийгээд нийгэм эдийн засгийн үнэлэмжид зарчмын өөрчлөлт гарч байна. Энэ өөрчлөлтийн хүлээлт, хэрэгцээг намуудын үзэл баримтлал, бодлого, зарчим хангаж чадахгүй байна. Нам доторх өөрчлөлт, шинэчлэлтийн хурд нийгмийн өөрчлөлтийг гүйцэхгүй хоцрогдож, гологдох болжээ. Үүнтэй давхцан үе солигдох процесс эрчимжиж, зэрэгцэн хүчний харьцаанд өөрчлөлт гарч байгаа нь сонгуулийг тун ч эгзэгтэй болгож байна.

Гэхдээ энэ нь улс төрийн шинэ хүч байгуулагдаж чадах эсэхээс ерөнхийдөө хамаарна. Хоёр намтай эн тэнцүү өрсөлдөх хүчтэй, зохион байгуулалт сайтай улс төрийн цоо шинэ хүчин үүсэн бүрэлдэж, үзэл баримтлалаараа ч тэр, үйл хэрэг эрч хүчээрээ ч тэр, зарчим, ёс суртахуунаараа ч тэр ялгарч итгэл төрүүлж чадвал сонгогчдын санал эргэхэд бэлтгэгдсэн гэж дүгнэж болно. Гэхдээ энэ нь ийм эргэлт гарцаагүй гарна гэсэн хатуу дүгнэлт биш. Ийм өөрчлөлт гарч болох тохироо бүрдсэн байна гэдгийг л хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл 2008 оны сонгууль бол эргэлтийн цэг байж болох экстремум цэгүүдийн ердөө л нэг нь билээ.

2008 оны 2 сарын 29

Posted in Намын социологи, УЛС ТӨР | Leave a Comment »

УЛС ТӨРИЙН ШИНЭ ХҮЧНИЙ ОРОН ЗАЙ

Posted by bolod on May 26, 2008

Иргэд улс төрийн нөхцөл байдлыг хэрхэн үнэлж байна. Сүүлийн хоёр жилийн турш хийгдсэн судалгаануудын дүнгээс харахад иргэдийн талаас илүү хувь нь улс төрийн нөхцөл байдлыг хямралтай байна хэмээн дүгнэсээр байна.

Тухайлбал, 2007 оны намар МУИС-ын Социологийн тэнхмээс эрхлэн явуулсан судалгаанд хамрагдагсдын 63,3% нь өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг хямралтай хэмээн дүгнэжээ. 46,3% нь МАХН ба АН хоёрыг бие биенээсээ ялгарахаа больсон гэдэг дүгнэлттэй санал нэгдэж байна. Намуудыг нэг шуудайнд чихэж буруутгах үзэл иргэдийн бараг тул хувийг хамарчээ. Сонгогчдын 45-50% нь ер нь энэ хоёр намаас нүүрээ буруулсан байгаа нь бидний сүүлийн хоёр жилд хийсэн судалгаануудаас болон бусад судалгааны байгууллагуудын хийсэн судалгааны дүнгээс харахад батлагддаг. Янз бүрийн үзүүлэлтээр, янз бүрийн асуултаар, цаг хугацааны хувьд ялгаатайгаар олон талаас нь өөр өөр аргаар судалж үзэхэд 45-50 орчим хувь нь эрх баригч хоёр намыг байнга буруутгасан, тэднээс нүүр буруулсан, итгэл үзүүлэхгүй, муу дүн тавьсан байдал харуулж байна. Нийгмийн сэтгэл зүйд намуудыг үл тоох үзэл хатуу бүрэлдэн тогтжээ.

Өнөөдрийн байдлаар төр засагт өгөх иргэдийн үнэлгээ урьд урьд үеэсээ хамгийн доогуур түвшинд байна. 40-өөс дээш хувь нь ЗГ (42,8%), УИХ (47,2%) –д муу гэсэн дүн тавьж байна. Ийм байдал урьд нь хэзээ ч гарч байгаагүй юм. Энд дахиад л 45-50 орчим хувь нь үл итгэх, үгүйсгэх хувьтай байгааг харж болж байна. Хамгийн гол нь УИХ, ЗГ-ын үйл ажиллагааг сайн гэж үнэлсэн хувь тун ч бага, арван хувьд ч хүрэхгүй байгаа нь маш хангалтгүй үнэлгээ болох юм.

Монголын нийгэмд зарчмын шинжтэй өөрчлөлт хийх хэрэгтэй байна гэж судалгаанд оролцогчдын 63,9% үзэж байна. Дөнгөж 11,4% нь тэгэх шаардлагагүй гэж хариулсан байгаа юм. Иргэд сонгогчид санал нэгтэйгээр энэ төр засгийг шүүмжилж, сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байна. Нийгмийн харилцаанд, тэр дундаа төр засгийн удирдлагын түвшинд өөрчлөлт хийх шаардлагатай, улс төрийн ялзарсан харилцааг эрүүлжүүлэх зарчмын шинжтэй өөрчлөлтийг хүсэж байгаа нь хүсэхгүй байгаагаасаа 5,5 дахин давуу байгаа нь нийгмийн өөрчлөлтийг Монголын нийгэм тэр чигтээ хүлээж байгааг харуулах үзүүлэлт мөн.

Өнөөдөр засгийн эрх барьж буй нам хүчин Өнөөгийн Засаглалын хямралыг шийдвэрлэж чадна гэж иргэд итгэхгүй байна. Судалгаанд хамрагдагчдын 50,5% нь тэдэнд үл итгэж, дөнгөж 15% шийдвэрлэж чадна хэмээн итгэл үзүүлжээ.

МАХН болон АН, улс төрийн шинэ хүчин хийгээд өөр ямар нэг эвсэл ч юм уу хамтарсан хүчин энэхүү хямралыг шийдвэрлэж чадна гэж үзэгсэд бараг тэнцвэртэйгээр тал талд хуваагджээ. Түүнчлэн иргэний хөдөлгөөнүүдэд итгэх итгэл ч гололтгүй өндөр байгаа аж. Харин парламентад суудалтай бусад жижиг намуудад энэ тал дээр төдийлөн итгэхгүй байна. Энэ нөхцөл байдал нь өнөөдөр Монголын улс төрд улс төрийн тэргүүлэх хүчин үгүйлэгдэж, итгэл даах улс төрийн цоо шинэ хүчний орон зай бий болсоныг дахин баталж байна.

2005 оны намар Эрүүл Нийгэм Иргэний Хөдөлгөөн байгуулагдсаны дараахан судалгаа хийж үзэхэд тэднийг судалгаанд оролцогчдын 51% нь дэмжиж, ийм хөдөлгөөн байгуулагдсаныг зөв гэж үзэж байв. Иргэний Холбоог байгуулсны дараагаар хүн болгон Иргэний Холбоог дэмжиж байгаа юм шиг санагдаж, Иргэний Холбоог дэмжигчдийн хувь СантМарал төвийн судалгаагаар 63% -тай (хэрвээ би андуураагүй бол) гарч байлаа. Гэвч энэ хөөс дарагдаад, эхний сэтгэл хөдлөл дарагдаад ирэх үед аль алиных нь хувь бодит байдал руугаа дөхөж буурсан байдаг. Энэ зүй тогтлыг бусад бүх хөдөлгөөн хийгээд шинээр байгуулагдаж буй намуудын хувьд харж болох юм. Үүнийг, эрх барьж буй болон эрх барьж байсан хоёр намын рейтинг унаж, намаас дайжих явц эрчимжихтэй зэрэгцэн итгэл хүлээлгэх шинэ улс төрийн хүчнийг эрж хайж байгаа үйл явц хэмээн таамаглаж болох юм.

Хэнд итгэх вэ? Улс орны хувь заяатай холбоотой асуудлаар намуудад илүү итгэж байна гэж 19% нь хариулсан бол хөдөлгөөнүүдэд илүү итгэж байна гэж 14,1% нь хариулжээ. Нийгэмд хөдөлгөөнүүдийн нэр хүнд нөлөө намуудтай өрсөлдөх түвшинд хүрснийг энэ дүнгээс харж болно. Гэхдээ харамсалтай нь алинд нь ч итгэхгүй байна гэж 29,6% нь хариулсан байгаа нь улс төрөөс залхсан хүнийссэн байдлыг дахин баталж байна.

Нам ба хөдөлгөөнүүдийн үйл ажиллагааг гурван баллаар үнэлүүлж, үнэлгээний дунджаар байр эзлүүлэхэд намууд, хөдөлгөөнүүдийн ард жагсаж байлаа. 

 Нам, хөдөлгөөн Үнэлгээ 
Дундаж  Байр 
Ард Түмний Нам   1.91   IV 
Ардчилсан Нам   2.05   I  
Бүгд Найрамдах Нам   1.67   Y  
ИЗ-БНН   1.91   III 
МАХН  1.98   II 
Үндэсний Шинэ Нам   1.60   YI 
Эх Орон Нам   1.56   YII 
ЭНИХөдөлгөөн  2.26   I  
Үндэсний Соёмбо   1.89   YI  
Иргэний Холбоо  2.04   IY 
Ахмадын Чөлөөт Холбоо   2.00  
ММГШороо  2.25   II 
ИШШүүх  1.85   YII  
Экологийн хөдөлгөөнүүд   2.05    III 

Иргэдэд үнэлэгдсэн байдлаараа хөдөлгөөнүүд намуудыг хол орхиж, бараг бүх хөдөлгөөн намуудтай харьцуулахад харьцангуй өндөр үнэлгээ авсан байна. Хөдөлгөөнүүдийн нэр хүнд унасан гэсэн дүгнэлт алдаатай бололтой. Иргэд хөдөлгөөнүүдийг үнэлсэн хэвээр тэр дундаа намуудаас илүү үнэлсэн хэвээр байна. Харин Иргэний Хөдөлгөөнүүд өөрсдөө үйл ажиллагаагаа саармагжуулж, хүчээ тарамдуулсан нь тэдний эрчийг буурсан гэж ойлгогдоход хүргэжээ.

Хөдөлгөөнүүдийг нэгдэх хэрэгтэй (27.7%), зохион байгуулалтаа сайжруулах хэрэгтэй (41,7%), нам болох нь зөв (6,5%) хэмээн нааштайгаар хүлээн авч байгаа нь судалгаанд оролцогчдын дийлэнх хувийг эзэлж байна. Энэхүү нааштай байгаа иргэд нийт судалгаанд хамрагдагчдын 76%-ийг эзэлж байгаа нь тун өндөр үзүүлэлт болно. Хөдөлгөөнүүдийн бүтэц зохион байгуулалт цаашдын амжилтад ер нь л судалгаанд оролцогчид санал нэгтэйгээр санаа зовж, тэднийг дэмжиж байгаа нь энэ байдлаас харагдаж байна. Нэгдүгээрт. Хэрэв эдгээр хөдөлгөөнүүд нийлж нэгдсэн хүчийг бий болгож чадвал, Хоёрдугаарт, зохион байгуулалтаа сайн хийж зохион байгуулалттай хүчин болж чадвал, Гуравдугаарт, тууштай шударга байж, байр сууринаасаа буцахгүй бол иргэд хөдөлгөөнүүдийг дэмжихэд бэлэн ажээ. Энэ зорилт Иргэний Хөдөлгөөнүүдийн өмнө тулгарч байгаа бөгөөд энэ нь хэнээс ч биш зөвхөн өөрсдөөс нь л хамаарах юм.

Иргэний Хөдөлгөөнүүд нам байгуулбал та дэмжих үү гэсэн асуултад 29,2% дэмжинэ хэмээн хариулж байна. Ямар ч гэсэн ерөнхийдөө зөв шинэ нам байгуулагдвал сонгогчдоос дээд тал нь 29%-ийн дэмжлэг авах орон зай байгаа гэсэн үг. Гэхдээ маш шаргуу ажиллаж байж, асар их хүч хөдөлмөр зарцуулж байж ийм амжилтад хүрэх нь одоохондоо онолын хувьд л боломжтой юм.

Хөдөлгөөнүүдийг сонгуульд оролцох хэрэгтэй хэмээн судалгаанд хамрагдагсдын 35,7% нь зөвлөсөн байна. Ямар ч гэсэн сонгогчдын гуравны нэг нь тэднийг оролцоосой хэмээн дэмжиж, хүлээж байгаа юм байна гэж ойлгож болохнээ.

Иргэний хөдөлгөөнүүд эвсэл байгуулж сонгуульд оролцвол маш их дэмжигдэнэ гэж 9,8% хариулжээ. Энэ 10 орчим хувь хөдөлгөөнүүдийн хармааны оноо болох юм. Цаашилбал нэлээд дэмжигдэх байх гэж 31% нь хариулсан байгаа нь боломжит зах зээлийг тодорхойлно. Тиймээс хөдөлгөөнүүд хэрэв нэгдэж, нэгдсэн нэг блок болж чадвал дор хаяж 10% цаашилбал 40 хүртэлх хувийг ч авах боломж байгаа хэмээн сонгогчид үнэлж дүгнэж байна. Гагцхүү энэ бололцоог ашиглаж чадах эсэх нь эргэлзээтэй юм даа.

Дүгнэвэл, сонгогчдын 45-65 хувь нь өнөөгийн УИХ, Засгийн газар, “том” гэгдэх улс төрийн намуудад итгэл алдарч залхсан, нэг үгээр хэлбэл улс төрийн нөхцөл байдалд сэтгэл дундуур байгаа аж. Нөгөө талаас 25-40 % нь шинэ улс төрийн хүчнийг эрж хайж, тэдний эрх ашгийг төлөөлөх субъектийг хүсэн хүлээж байна. Өөрөөр хэлбэл Монголын улс төрд шинэ хүчний орон зай бий болсныг харуулна. Гэхдээ энэ дэмжлэг нь хүлээлтийн хэмжээнд л байгааг хэлэх хэрэгтэй. Энэ хүлээлтийг хангах улс төрийн шинэ хүчин өнөөг болтол бүрэлдээгүй байсаар л.

2007 оны 11 сарын 20

Posted in Намын социологи, Социал хөдөлгөөн, УЛС ТӨР | Leave a Comment »