Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

Archive for the ‘Цанхаархал’ Category

УРД ХӨЛ НЬ БҮДРЭХЭД ХОЙД ХӨЛИЙГ НЬ ГУЯДАВ ГЭГЧЭЭР

Posted by bolod on December 14, 2011

Өнгөрсөн долоо хоногт Х.Тэмүүжин гишүүн “Төр ард түмнээсээ уучлалт гуйх ёстой” хэмээн нэлээд шуугиан тарилаа. 7 сарын 1-ний хэрэг явдлын үеэр 5 иргэний амь нас үрэгдсэнд төр буруутай. Тиймээс төр ард иргэдийнхээ амь насыг хамгаалж чадаагүйнхээ төлөө уучлалт гуйх ёстой хэмээн мэдэгдэж, байнгын хороогоор дэмжүүлээд, нэгдсэн хуралдаан дээр уначихлаа. Түүнээс болоод хэрүүл зөрчил болж, олны анхаарлыг ихэд татав. Саналыг нь Э.Мөнх-Очир нарын гишүүдийн орлцоотойгоор “унагасан” ч энэ зүгт олны анхаарлыг хандуулж чадлаа. Энэ л гэхэд өөрөө үр дүн. Цаашид сонгууль дөхөх тусам энэ нь эмзэг хөндүүр сэдэв байсаар байх болно. 7 сарын 1-ний хэрэг явдалтай холбоотойгоор Х.Тэмүүжин гишүүн ч гэсэн хохирсон, бараг 7 сар шахам УИХ-ын гишүүний бүрэн эрхээ эдэлж чадаагүй. Гэхдээ Д.Энхбат, Ц.Мөнх-Оргил хоёр ч гэсэн түүнтэй ижил сонгуулийн үр дүнг хүлээж зөндөө удсан санагдана. Тэд 7 сарын 1-ний үйл явдлын тухайд яагаад байр сууриа илэрхийлэхгүй, дуугүй байгаад байна. Яагаад ганцхан Х.Тэмүүжин л сөхөөд байна?… Read the rest of this entry »

Advertisements

Posted in 7 САРЫН 1, Цанхаархал | 1 Comment »

БОЛОВСРОЛЫН САЛБАР “20” ЖИЛД

Posted by bolod on October 4, 2011

Орчин цагийн боловсролын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ой болж байна. Өчигдөр боловсролын сайд ойн хурлаа хийж, “гавьяатнууд” -аа шагнав. Боловсролтой нэр холбогдсон олон олон гавьяатнууд шагнагдаж, ядаж л “90 жилийн ойн медаль” –аар энгэрээ мялаав. 90 жил болсон юм болохоор эрх биш гавьяатнууд байж л таараа, эрх биш ахиц дэвшил байж л таараа. 90 жилийн түүхэн урт хугацаанд харвал ахиц байлгүй яахав. Гэхдээ сүүлийн 20 жилд гэж хараад ахиц дэвшил байгаа юу үгүй гэдгийг ярьвал шал өөр яриа. Read the rest of this entry »

Posted in БОЛОВСРОЛ, Цанхаархал | 3 Comments »

АЖИЛ ХЭРГИЙН “ЗАГАСЧЛАЛ”

Posted by bolod on October 7, 2010

 Канад улсад хамтарсан Засгийн газрын тэргүүний хувиар анхны айлчлалаа хийсэн Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энэ удаагийн айлчлалаа  амжилттай өндөрлөж дэлхий дахинд өөрийн хүч, авьяас билгээрээ хүндлэгдсэн  мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга Ёкозуна Асашёорюу Дагвадоржийн үс авах,  зодог тайлах ёслолд оролцохоор Япон улсыг зорилоо”. гэх мэдээ хэвлэл мэдээллээр цацагдав. Үүнтэй зэрэгцэн, их аварга аргагүй нэр нөлөөтэй хүн юм даа, гэж бодтол их аваргын зодог тайлах ёслолын талаарх мэдээлэл тэгсгээд дуусаж, Сү.Батболдын Японд хийж байгаа айлчлалын талаарх мэдээ болоод явчихав. Гол мэдээ нь Асашёрю Дагвадорж зодог тайлж байгаа явдал, түүнд ерөнхий сайд оролцож байгаа явдал юм байна гэж миний хувьд ойлгож байсан. Спорт сонирхогчийн хувьд тэгж харахыг хүссэн ч байж магад. Харин манай хэвлэл мэдээллийнхний хувьд зодог тайлж байгаа явдал нь дайвар мэдээлэл, харин Сү.Батболд тэнд айлчилж байгаа нь гол мэдээлэл болж харагддаг аж. Улс төрчдийг сонирхох синдром юм уу даа. Read the rest of this entry »

Posted in Цанхаархал | 3 Comments »

“АМЕРИК” СУРГУУЛЬ

Posted by bolod on November 19, 2009

Гахайн нэртэй томуу тархаж байгаагаас болоод Засгийн Газар өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Түүнээс өмнө ерөнхий боловсролын сургуулиудыг хорио цээрийн дэглэмд шилжүүлсэн байлаа. Гэтэл Засгийн Газрын шийдвэрийг нэг сургуулийн удирдлага үл тоомсорложээ. Өндөржүүлэсн бэлэн байдал зарласнаас хойш бараг долоо хоногийн дараа байхаа, нэгэн сургууль хичээлээ явуулсаар байгаа талаар мэдээ гарав. Зайсанд байх гадаад эзэнтэй гадаад сургууль. “Америк” сургууль (Хэрвээ би эндүүрээгүй бол) нэртэй болохоор Монголын засгийн газрын шийдвэр хамаагүй гэж үзсэн бололтой. Гадны нэртэй бол “Турк” сургууль, Монгол Энэтхэгийн сургууль, Русская гимназия зэрэг сургуулиуд ч бас хорио цээрийг үл тоож болох аж.  Гэхдээ хаанахын хөрөнгө оруулалттай, хаанахын хэнбугай ч бай хамаагүй эзэнтэй байлаа гээд Монголын хууль дүрэм, журам дэглэмийг зөрчих эрхтэй бил үү? Эсвэл Монгол орон өчүүхэн учраас их гүрний том иргэн үл тоомсорлов уу? Усыг нь уувал ёсыг нь дагана гэж мэддэггүй юм болов уу? Тэр ямар том амьтан бэ? Хаанахын хэн бэ? Read the rest of this entry »

Posted in Цанхаархал | Tagged: , | 2 Comments »

ЖИНХЭНЭ ПАРЛАМЕНТ

Posted by bolod on August 21, 2009

А.Дюмагийн зохиолуудыг хүүхэд байхдаа мөн ч амтархан уншдаг байж билээ. Тэр дундаа “Шадар гурван цэрэг”, түүний үргэлжлэл болох “Хорин жилийн дараа” зэрэг зохиолуудыг бүр ч шимтэн уншдаг байлаа. Хэдэн удаа давтан уншсан тоогоо алджээ. “Хорин жилийн хойно” зохиол бараг 900 гаад хуудастай бандгар зузаан ном, би хоёрхон шөнө л уншиж дуусгаж билээ. “Арван жилийн дараа” зохиол 3 боть, Монгол хэлээр орчуулагдаагүй, зөвхөн орос хэлээр л байх, гэхдээ төв номын санд 1 ба 3 –р боть нь л байдаг байж билээ. Оросоор сайн ойлгохгүй хэрнээ л захиалан авч, гөрдөн уншиж дуусгасан. Би ямар орос сургууль мургуульд сурсан ч биш, ардын хүүхдүүдтэй адил жирийн монгол сургуульд сурсан. Бушуухан орчуулагдаж гараасай гэж мөн ч их хүлээсэн дээ. Тэгсгээд мартаж орхиж, юун ном момтой манатай нэгэн үе өнгөрсөн юм, Монголд. 20 гаран жил өнгөрсний эцэст монголоор орчуулагдаад гарчихсан байсанд, яамай даа гэж их л олзуурхсан сан. (Гэхдээ орчуулга нь ч тааруухан юм уу, зохиол нь ч сонирхолгүй юм уу, миний хүлээлтэд хүрээгүй) Read the rest of this entry »

Posted in Хэрүүлийн чанартай, Цанхаархал | Tagged: , | 2 Comments »

ДАХИАД Л ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ЖАГСААЛ

Posted by bolod on August 23, 2008

Зөвшөөрөл авсан уу? Энэ удаад цагдаа жагсав. Дүрэмт хувцастайгаа, мөрдэсээ гялалзуулан жагсав. Цэрэгжсэн улс болохоор зохион байгуулалт сайтай, юунаас ч үл шантарч, ухарч няцашгүйгээр, мөр зэрэгцэн, эгээ л хөл тавьж парад хийлгүйгээр жагсав. Тэд ч бас хүн юм болохоор жагсах цуглах, эвлэлдэн нэгдэх, үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй л байлгүй яахав.

Гэхдээ тэд зөвшөөрөл авсан болов уу? Зөвшөөрөлгүй жагсаал цуглаан хийлээ хэмээн бусдыг чирч гулдран баривчилж, бороохойдож, буудан тараадаг улсууд өөрсдөө зөвшөөрөл мөвшөөрөл гэлгүй цуглаан хийж, их жанжныхаа талбайд жагсаж байлаа. Хэрэв тэд зөвшөөрөлгүй жагсаал цуглаан хийсэн бол өмнөх жишгээр тэднийг хөөж тараах ёстой, зохион байгуулагч, турхирагчдыг нь баривчлах ч ёстой бизээ. Гэтэл тарааж хөөх, баривчлах ёстой улсууд нь өөрсдөө жагсаж байгаа учир энэ удаад тэднийг тараах, хөөх субъект үгүй байлаа. Ямар ёс журам дуудалтай биш, тэд нь ч дунд нь байсан юм билүү хэн мэдлээ.

Дүрэмт хувцастайгаа жагсаж байна гэдэг нь албан үүргээ гүйцэтгэж байхдаа жагсаж байсан болж таарлаа. Үүнийг нөгөө талаас нь харвал тэд зүгээр л ажил хаясан байна гэж ойлгож болно. “Хэрэв бидний шаардлагыг хүлээж авахгүй бол бид дараа дараагийн эрс шийдэмгий арга хэмжээг авч цагдаагийн ажил хаялтыг ч зохион байгуулна. Цагдаа нар хэдий ажил хаях эрхгүй ч гэсэн…” Яг ингэж хэлж байх мөчдөө тэд үнэндээ ажил хаялт хийж байгаагаа ухаарч байгаа болов уу? Хэрэв аль нэг эмнэлгийн эмч нар цагаан халаадтайгаа талбай дээр цуглаад, 7 сарын 1 –ний үймээний үеэр ТВ -д ярилцлага өгснийхөө төлөө ажлаасаа халагдсан нэгдүгээр эмнэлгийн эмч нарыг эргүүлэн ажилд нь авахгүй бол бид ажил хаялт зарлана хэмээн мэдэгдэж байвал та үүнийг цуглаан гэж үзэх үү ажилт хаялт гэж нэрлэх үү?

Харамсалтай нь энэ үеэр Баяр сайдын үүрэг даалгаврыг хэн ч биелүүлсэнгүй, ойшоосонгүй. Жагсаал болгон дээр байдаг сайн дурын операторууд, цагдаагийн мөрдэстэй зураглаачид алга байлаа. Уг нь тэд бүх зүйлийг дүрсжүүлж баримтжуулах “үүрэгтэй” сэн. Бүгдийг сайн бичсэн биз, бүгдийг нь сайн баримтжуулсан биз гэж Баяр сайд асуувал тэд одоо юугаа хэлнээ. Өөрсдийгөө болохоор тэд дүрсжүүлж баримтжуулсангүй, азаар Ийгл зэрэг хэдэн ТВ очиж тэднийг хагас хугас баримтжуулжээ.

Хэрэв тэд зөвшөөрөлтэй жагсаал цуглаан хийсэн бол хэн зөвшөөрөл өгсөн бэ? Цагдаагийн ажилтнуудыг жагсахыг хэн зөвшөөрөв? Тэгээд бүр дүрэмт хувцастайгаа шүү. Жагсаалд хичнээн хүн оролцох хийгээд хэдий болтол үргэлжлэх, жагсаалын зорилго энэ тэрийн талаар бодвол дурдсан л байгаа даа. Тэд төрийн тусгай хамгаалалтын бүс рүү нэвтэрсэн юм биш биз. Хэрэв тэд зөвшөөрөлтэй цугласан бол зөвшөөрөл олгосон этгээд энэхүү хууль бус шийдвэрийнхээ хариуцлагыг хүлээх учиртай. Гэвч ямар ч тохиолдолд хууль зөрчсөн болж таарах ийм нөхцөл байдалд манайд гэм буруутан олддоггүй, хууль хэрэгждэггүй муу жишиг тогтсон юм. Ялангуяа үүнд төрийн байгууллагын томоохон эрх мэдэлтнүүд хутгалдсан бол.

Жагсаж буй цагдаа нар мэдүүлэг өгөв. Жагсагчид цуглаан хийх далимдаа, ярилцлага өгч, сайн дураар “мэдүүлэг” өгцгөөв. “Төрийг хамгаалж байсан төрийн цагдаа хэлмэгдэх ёсгүй”. Нийгмийн хэв журам, иргэдийн амгалан тайван байдлыг сахиулах учиртай цагдаагийн институц өөрсдийгөө төрийг хамгаалах үүрэгтэй гэж боддог ажээ. Тэд төрийн институц мөн боловч, төрийг хамгаалах биш, иргэдээ хамгаалах үүрэгтэй юм сан. Төр гэх нэрээр үүрэг өгөгч хэнийг ч болов, аягүй бол дарангуйлагчдыг ч хамгаалж болохнээ. Тэд үүнийгээ төрийг хамгаалж байгаа, үүргээ гүйцэтгэж байгаа гэж хэлэх нь байна. Энд л нөгөө эрх мэдлийн хуваарилалт чинь, цагдаагийн бие даасан байдлын асуудал хөндөгдөнө. Тэрчлэн МАХН-ын цагаан байрыг хамгаалж байсныгаа тэд төрийг хамгаалж байна хэмээн мэдэгдэв. Төр гэдэг чинь МАХН байгаа юм хэмээн шууд хэлсэнтэй адил. Уг нь Олон цагдаагийн ажилтнууд аль нэг намын харьяалалгүй, нам бусчууд, сонгуульд намыг нь бус хүнийг нь харж саналаа өгсөн хэмээн цагдаагийн зарим нэг удирдлагууд ч ярилцлага өгсөн байгаа.

Жагсаж буй цагдаа нар мэдүүлэгтээ үргэлжлүүлэн, бид тушаал л биелүүлсэн, тушаал биелүүлсэн цагдаагийн албан хаагчдыг хэлмэгдүүлэхээ зогсоо хэмээн шаардав. Амарболд дарга УИХ-ын танхимд, УИХ-н эрхэм гишүүдийн өмнө хариуцлагатайгаар, байлдааны сум галт хэрэгсэл тавьж олгоогүй, байлдааны хэрэгсэл ашиглах тушаал хэн ч өгөөгүй хэмээн мэдэгдэж байсан. Гэхдээ бас араас нь бүх сум хэрэгслийг тоолж хүлээж авсан акт нь байгаа хэмээн үүнийгээ “баталгаажуулан” хүч нэмэгдүүлсэн. Хариуд нь цагдаагийн бие бүрэлдэхүүн төв талбайдаа жагсаж байгаад, бид дээрээс өгсөн тушаалыг л биелүүлсэн хэмээн мэдэгдлээ. Логик дүгнэлт хийе. Цагдаагийн албан хаагч 10 ажилтанг, Онц байдал зарлах үеэр зөвшөөрөлгүйгээр гал нээж, байлдааны сум хэрэгслээ ашигласан, улмаар хүний амь нас бүрэлгэсэн байж болзошгүй гэдэг үндэслэлээр сэжигтнээр татаж саатуулсан байгаа. Цагдаа нар, үгүй бид тушаал биелүүлсэн хэмээн мэдэгдэв. Бүр биш түр, баривчилсан биш саатуулсан байхад цагдаа нар яагаад бухимдав. Тэгэхээр цагдаа нарын хэлж байгаагаар тушаал өгсөн байж таарах нь, буудсан байж таарах нь. Харин тушаал өгсөн бол хэн тушаал өгсөн бэ гэдэг асуудал нээлттэй үлдэв? Амарболд, тушаал өгөөгүй гэж мэдэгдсэн. Гэхдээ УИХ-ын гишүүн УИХ-ын танхимд хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй гэсэн заалт байдаг боловч УИХ-ын танхимд үг хэлсэн хэн боловч хариуцлага хүлээхгүй хэмээн хавтгайруулан нялзаах боломжгүй. Тушаал өгөөгүй бол буудсан нь буруутай, тушаал өгсөн бол тушаал өгсөн нь буруутай. Өөрөөр байх боломжгүй.

Төрийн эргэлт. Зөвшөөрөл авсан эсэх болон хэн буруутай зэрэг нь хууль шүүхийнхний шийдэх харьцангуй “жижиг” асуудал. Энэ асуудлууд нь хувь хүмүүсийн хоорондын асуудал байлаа. Харин энэ удаад төрийн нэг институц нөгөө институцтэйгээ цанхаалж байгаа ажээ. Цагдаа нар гэмт хэрэгт сэжиглэгдэн, түр саатуулагдсан цагдаагийн албан хаагчдын эрх ашгийг хамгаалж, тэднийгээ өмөөрөх далимд дараа дараагийн удаад хэн нь ч баригдаж мэдэх учраас далимд нь өөрсдийнхөө эрх ашгийг урьдчилан хамгаалж прокурорын байгууллагад шахалт үзүүлж байгаа нь энэ аж.

Эргүүл тусгай хамгаалалтын дугаар ангийн захирагч хурандааг барьж саатуулжээ. Инхүү хууль, хүчний байгууллагынхан гэж бидний нэгтгэн багцалж, нэг талд оруулан ойлгодог байсан төрийн хоёр тусдаа институц хоорондоо сөргөлдөж эхэллээ. Гаднаас нь харахад хэдэн цагдаа л жагсаж байгаа юм. Нарийвчилж сайтар шинжилбэл төрийн институцүүдийн хоорондын үл ойлголцол, мөргөлдөөний эх нь тавигдаж байна. Энэ нь төр чадваргүй байгааг харуулаад зогсохгүй, төрийн замбараагүйдал, мухардал задралын илрэл юм. Төрийн механизм гацаж, жам ёсоороо ажиллаж чадахаа байж, одоо хэн олон хүнтэй жагсаж чадсан нь, эсвэл хэн чанга дуугарсан нь дийлэх болох нь.

Цагдаа, шүүх, поркурорын байгууллагыг бид бөөнд нь хууль хүчний байгууллага хэмээн нэрлэж ойлгож заншсан боловч төрийн энэ гурван институцийн хувьд тодорхой эрх мэдлийн хуваарилалт бий. Гэтэл жагсаж буй мөрдэстэй цагдаа нар прокурорын байгууллагын хараат бус бие даасан байдалд дарамт үзүүлэх замаар халдав. Улсын прокурорын байгууллагын дэргэдэх мөрдөн байцаах хэлтэс ажлаа хэвийн явуулах боломжгүй болов. Нэг талаас нь харахад түр саатуулагдсан, дээр нь бие муутай цагдаагийн хурандааг батлан даалтад гаргаж байгаа л хэрэг. Нөгөө талаас нь харвал цагдаагийн ажилтнууд төрийн механизмыг гацааж, төрийн эргэлт хийж байгаа хэрэг. О.Магнай л гэхэд ар гэрээс нь хүсэлт гаргасан, эрүүл мэндийн хувьд тааруухан гээд батлан даалтад гаргаж болох ав адилхан үндэслэл байхад батлан даалтад гаргаагүй мөртлөө цагдаагийн хурандааг болохоор яг энэ үндэслэлийг нь харгалзан батлан даалтад гаргав. Цагдаагийн хурандаа болохоор тэрүү, цагдаа нар жагссан болохоор тэр үү. Би хууль шүүхийн талаар мэдэхгүй. Гэхдээ зандалчин гэж хүн алдаг, цаазалдаг хүнийг хэлдэг биз дээ. Гэтэл хүн алаагүй хүнд зандалчлах гэсэн зүйл заалтаар эрүү үүсгээд, хүн алахад хүргэсэн тушаалыг биелүүлсэн байж болзошгүй хүнд болохоор өөр зүйл ангиар эрүү үүсгээд байгаа нь надад л лав огт ойлгомжгүй юм даа.

Хэдэн цагдаа жагсахад л хэн ч юу ч хийж чадахгүй бууж өгч байна. Цагдаа цаашлаад энэнээс илүү шаардлага тавихгүй гэх баталгаа бий юу, тэр үед хэн тэднийг зогсоох юм бэ? Латин Америкт, Африкт цэргийн түрүүч нар л цэргийн эргэлт хийдэг бол манайд цагдаагийн хурандаа л төрийн эргэлт хийж чадах юм байна.

Ц.Болд

 

Posted in 7 САРЫН 1, Хэрүүлийн чанартай, Цанхаархал | Tagged: | 1 Comment »

ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ЦУГЛААН

Posted by bolod on August 14, 2008

Монголчууд олимпийн аваргатай болов. Энэ нь яах аргагүй үндэсний баяр болж байна. Сүхбаатарын талбайд энэ баяраа тэмдэглэхээр иргэд олноороо цуглажээ. Хүмүүс цуглахаа хүрэхээр хэнээр ч албадуулалгүй цугладагийг энэ удаагийн цуглаан батлан харууллаа. Байз гэхдээ, цуглаан хийх зөвшөөрөл авсан хүн байгаа болов уу? Олимпийн аваргын барилдаан ажлын цаг дууссан хойно болсон. Тэгэхээр ажлын цаг дууссанаас хойш хэн ч цуглаан хийх зөвшөөрөл авч амжаагүй байх. Read the rest of this entry »

Posted in Хэрүүлийн чанартай, Цанхаархал | Leave a Comment »

Хэн нь үнэн яриад байнаа?

Posted by bolod on July 21, 2008

2008 оны УИХ-ын сонгуулийн урьдчилсан төлөв байдлын талаар намууд хэт эртдэн баяр хөөртэйгөөр мэдэгдэл хийснээс хойш, 7 сарын 1 -ний үйл явдлын дараагаар, Ерөнхийлөгч Онц байдал зарласны сүүлчээр, 86 жилийн түүхтэй МАХН-ын Цагаан байшин Цогтын цагаан байшин шиг шатсанаас улбаалан олон хүн, улс төрч, субъектүүд байр сууриа илэрхийлж үзэл бодлоо илэрхийлсэн. Тэр дундаас хариуцлагатай албан тушаалтнуудын хэлсэн үг, хийсэн мэдэгдлүүд нь ямар ч хий зөрүүгүй үнэнийг өгүүлсэн байх учиртай байлаа. Хий зөрүү гарч байвал, худлаа ярьж байна гэсэн үг. Read the rest of this entry »

Posted in 7 САРЫН 1, Цанхаархал | Leave a Comment »

АФРИК МАЯГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛ

Posted by bolod on May 29, 2008

2008 оны Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад “Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл” багтжээ. Нийгмийн даатгалын тогтолцоонд шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай талаар бид олон жилийн өмнөөс ярьж бичиж байсан бөгөөд өдгөө энэ нь буруу чиг хандлагатай явах гээд байгаа тул энэхүү хэлэлцүүлгийг дахин сэргээж байна. Бид, 2006 оны 12 сарын 21 –нд “Зууны мэдээ” сонинд “Нийгмийн даатгал уу, нийгмийн дайчилгаа юу?” нэртэй өгүүллийг нийтлүүлсэн билээ. Үүний хариуд эдийн засагч доктор Ч.Дагвадорж зууны мэдээ сонины 2007 оны 1 сарын 9 –ний дугаарт шүүмж, нийтлэл бичин хэвлүүлсэн юм. Түүний хариуд бичсэн дараах захидлыг тухайн үед хэвлэх сонин хэвлэл олдоогүй билээ.

Эдийн засгийн ухааны доктор Ч.Дагвадорж танаа.

Бид өөрсдийгөө эрдэмтэн ч гэж зарлаагүй, судлаач ч гэж нэрлээгүй. Харин та биднийг их л тоож ийнхүү өргөмжлөн, бас бидний хийсэн бяцхан тооцоонд их л эмзэглэсэн бололтой юм. Насаараа нийгмийн хамгааллын салбарт зүтгэсэн, тэр тусмаа эдийн засгийн ухааны доктор хүнтэй бид яаж зиндаархах вэ дээ.

Нэгдүгээрт бид багш нар, асуудалд тал бүрээс нь хандах арга туршлагад л сургахыг эрхэмлэдэг болохоос, аль нь зөв аль нь худлаа болохыг тулган хүлээлгэдэггүй юм. Оюутнуудад задлан шинжлэх дүгнэх эрхийг нээлттэй үлдээе. Түрүүлж гарсан чихнээс сүүлд гарсан эвэр урт гэж… Бид оюутанд буруу үлгэр дуурайл үзүүлдэг “эсэргүү” багш нар бололтой. Гэтэл бид ганцаараа биш, бидний эргэн тойронд ийм эсэргүү багш нар олон байдаг юм байна. Түүн дотроо эдийн засгийн багш нар ч гэсэн ийм эсэргүү бодолтой байгаад зогсохгүй, бизнесийн байгууллагын, олон улсын байгууллагын, төсвийн байгууллагын олон арван ийм эсэргүү үзэл бодолтой хүмүүс байгаа нь нэгэнт зохион байгуулалттай эсэргүү бүлгийн түвшинд хүрсэн байна.

Хоёрдугаарт, Социологи хэмээх шинжлэх ухаан нь асуудалд социал аспектаар ханддагаараа ялгагддаг тул бид тэр өнцгөөр л харж энэхүү тооцоог хийлээ. Эдийн засагч, доктор хүний хувьд бол эдийн засгийн утга нь, мөнгөн дүн нь чухал биз ээ. Бид ямар эдийн засагч биш. Гэхдээ энэ зэргийн тооцоог танаас илүү юу гэхээс дутуугүй хийчих чадалтай гэдгээ хэлье.

Гуравдугаарт. Бид өндөр настан, олон сайхан буянтай буурлуудыг харж байгаа. Гэхдээ төр тэдэнд зүгээр мөнгөө өгөөгүй, тэдний НДШ нэрээр төлсөн мөнгөний хүүтэй тэнцэх, түүнээс ч бага мөнгийг л өгч байгаа гэдгийг хэлж байна. 36 жил төсвийн байгууллагад ажиллаж НДШ төлсөн хүн, төлсөн мөнгө нь нэг тэрбум долоон зуун сая төгрөг болж өсөх боломжтой байхад яахаараа амь зогоох төдийхөн хэмжээний мөнгийг гуйж жагсаж байж авах ёстой болж байна.

Дөрөвдүгээрт. Улсад насаараа ажиллачихаад, НДШ төлчихөөд ганц ч төгрөгний тэтгэвэр авч чадаагүй бурхан болсон олон зуун иргэд, тэдний ар гэр оршуулгын зардал гэх хэдхэн төгрөгөнд хууртагдан суугааг та бас харахгүй байна уу. Оршуулгын зардлаа авахад хүртэл, дор хаяж арван жил НДШ төлсөн байх учиртай, гэхдээ тэр нь 1995 оноос хойш төлсөн байх ёстой гэсэн нугалааг та мэдэх үү. Насаараа нэгдлийн мал малласан, мөн л НДШ төлсөн олон мянган малчид нэг ч төгрөгний тэтгэвэр авч чадахгүй хорвоогийн мөнх бусыг үзүүлээд дуусч байгааг та нүдээ аниад өнгөрөөж байна уу. 90-ээд оноос өмнө улсад ажиллаж байсан олон мянган ажилчид, таны хэлээд байгаа орон тооны цомхтголд орсон, бүтцийн өөрчлөлтөд хамрагдсан, эрт тэтгэвэр тогтоолгосон иргэд тэтгэврийн зөрүүгээс болоод арав гаран жил хохирч байгааг та мэдэхгүй гэх үү. Тэтгэврийн хэмжээг сүүлийн таван жилийн цалингийн дунджийн 45%-иар тогтоож байгаа. Түүнийг сүүлийн 8 жилийн цалингийн дунжаар тогтоодог болгох гэж өөрчлөх гэж байгаагийнхаа үндэслэлийг хэлж өгч чадах уу? 8 жил гэдэг тэтгэвэр тогтоолгох минимум хугацааны бараг тал нь, бараг арван жилийн хугацаанд Монгол улсад мөнгөний ханш хоёр дахин унаж байгаа. Ингээд бодвол тэтгэврийн хэмжээг цалингийн дунджийн 20 хувиар тогтоосноос юуны ялгаатай юм бэ? Их хурлын гишүүдийн тойрогтоо хуваарилуулан авч байгаа мөнгөний хэмжээ 2000 оноос хойш 25 дахин нэмэгдсэн. Энэ жишгээр бодвол мөнгөний ханш 7 жилд 25 дахин унаж, миний тогтоолгох тэтгэврийн ханш мөн төчнөөн дахин унаж байна.

Тавдугаарт. Тэтгэврийн насыг тэд эд байлгах нь зохимжтой, нэмэх шаардлагатай гэх мэт дүгнэлтийг бид хийгээгүй, харин та тийм дүгнэлт хийх байтугай, эмэгтэйчүүдийн тэтгэвэрт гарах насыг 60, эрэгтэйчүүдийнхийг 65 болгох талаар хуулийн төсөл боловсруулаад лобидож байгаа бололтой. Энд таны ашигласан “Эрт тэтгэвэрт гарах нь үхэл” гэсэн дүгнэлт бас л өрөөсгөл юм. Гадаадын судлаач гэхээр л үнэн гэж хүлээж авах нь зөв үү. Энэ нь аль орны иргэдийн хувьд хийсэн судалгааны дүгнэлт юм бол, Монголд хэр тохирох юм бол доо? Би хувьдаа эргэлзэж байна. 59-тэй эмээ хүүхдэд үсэг заагаад, өдөржин зогсоогоороо шал угааж, хүнд өвчтэй хүмүүсийг эмчилж, шөнөөр жижүүрлэн хонох гэж хүсэх үү? 64 –тэй өвөө галч, жижүүр, манаач хийж, ачаа зөөж, машин барьж, онгоц жолоодож болох уу, бие нь дийлэх болов уу. Тэтгэврийн насыг заавал 5 жилээр уртасгах гээд байгаа юм бол балетчид, уран нугараачид 45 хүртлээ бүжиглэж, нугараг, бөхчүүд, хөлбөмбөгчид, шигшээгийнхэн зодог тайлна майлна гэж битгий донгосцгоо. Кёкшюзан Батбаярыг ч гэсэн Япон руу нь хөөгөөд явуул, дахиад 5 жил барилдаг. Шаравжамц ч гэсэн дахиад 5 жил сагс тоглох ёстой. Бат–Эрдэнэ аварга бас дахиад 5 жил түрүүлэг. Тэр цагаан сарын барилдаанд түрүүлдэг л юм чинь.

Зургадугаарт. Тэтгэврийн нас хэд байх нь хамаагүй. Хэрэв тухайн иргэн хүсвэл, ажиллуулах байгууллага олдвол 70 хүртлээ ч хамаагүй ажиллаг. Тухайн хүн НДШ төлсөн л бол түүнийхээ мөнгөн дүнг, нэрийн дансыг өөрөө хянах эрхтэй, түүнийхээ тодорхой хувийг эргүүлэн авах ч эрхтэй. Түүнээс биш сарын хүүтэй нь тэнцэх хэмжээний мөнгийг авах ёсгүй.

 Долдугаарт. Нэрийн дансан дахь мөнгө сарын 0,5% -ийн хүүтэйгээр өсөж байх ёстой хуулийн заалтыг та зориуд хэрэгжүүлэхгүй байна уу. Аль эсвэл мэдэн будлиад байна уу. Энэхүү өсөлт дор хаяж мөнгөний ханшны уналтаас сэргийлж байх ёстой юм. Энэ талаар та яагаад дугарсангүй вэ? Зориуд чимээгүй өнгөрөөв үү?

Наймдугаарт. Даатгал гэдэг бол сайн дурын, зөвхөн сайн дурын л байх ёстой. Шинээр боловсруулж байгаа хуулиар бол иргэн бүр албан даатгал гэгчийг төлдөг болох юм байх. Заавал төлөх ёстой л юм бол энэ нь даатгал биш татвар болчихно. Яагаад заавал миний өмнөөс, миний хувь заяаны төлөө санаа зовоод, миний төлөө шийдвэр гаргах гээд байгаа юм бэ. Хэн нэг Дагвадорж гэдэг хүнийг би өөрөөсөө ухаантай гэж бодохгүй байна. Би, тэр хүн миний төлөө санаа тавьж чадахаас илүүгээр, өөрийнхөө төлөө санаа тавьж чадна. Чадахгүй бол түүнийхээ төлөө би өөрөө л хариуцлага хүлээнэ. Миний даатгал бол миний үр хүүхэд, сайн хүмүүжилтэй, сайн боловсролтой, чадвартай хүүхэд. Түүний төлөө би одоо зээл өгч байгаа бөгөөд хөгшрөх үедээ зээлээ эргүүлэн авах болно.

Есдүгээрт. Хар ажилчид хамгийн хүнд ажлыг хийж, богино насалдаг гэдгийг хүн бүхэн мэднэ. Цагаан захтнууд хөнгөн ажил хийж, өндөр цалин авч, өндөр насалж, тэр хэрээр өндөр тэтгэврийг олон жилээр хүртдэг. Түүн дотор докторууд (эдийн засгийнх нь ч орно) багтах бөгөөд таны хэлээд байгаа 13-18 жил тэтгэвэр хүртэгчдийн дийлэнх нь сэхээтнүүд болохыг та мэдэж л байгаа шүү дээ.

Та олон судлаачдын нэр зээлдсэн учир бид ч гэсэн яаж зүгээр байх вэ? МУИС-ийн ЭЗС-ийн багш Б.Мөнхжаргал нар Монголын хүн амын сэтгүүлийн 2006 оны 14-р дугаарт, “Монгол улсын тэтгэврийн даатгалын сангийн алдагдал ба түүнд нөлөөлөх хүчин зүйлс” хэмээх бүтээлийг хэвлүүлж, тэтгэврийн даатгалын сангийн алдагдал жил бүр нэмэгдэж байгааг дурджээ. Энэ талаар л эрхэм доктор таны шийдэл хэрэгтэй болохоос бус, бид мэтийг шүүмжлэх хүн захаас аваад олдоно.

Бастиа ингэж хэлж байна: “Төр гэдэг бол бусдын хөлс хүчээр амьдрахыг хичээж байдаг хүмүүсийн амьдрах арга зам болсон асар том, зохиомол, хоосон зүйл юм… Төрийн албанд буй хүн энэ арчаагүй хүслээ бусдаас, тэрч бүү хэл өөрөөсөө ч нууж байдаг. (доктор Ц.Батчулуунаас дам ишлэв) НДЕГ –тай холбоотой хэл ам байнга гардаг нь дээрх үгийг л батлаад байх шиг.

2003 оны хавар Манчестр хотноо хуралдсан дэлхийн ядуурлыг бууруулах хорооны чуулга уулзалтад оролцох завшаан надад таарч билээ. Тэр чуулганы үеэр нэгэн инээдтэй бөгөөд эмгэнэлтэй жишээг ярьсан нь санагдаж байна. Африкийн нэгэн оронд нийгмийн хамгааллын асуудлыг бүрэн шийджээ. (Аль орон гэдгийг нэрлээд яахав) Хэрэв хүн хөдөлмөр эрхэлж, тэтгэврийн насанд хүрэх юм бол түүнд ерөнхий сайдын цалингаас ч өндөр тэтгэвэр олгож, байр хоол, унааны зардлыг улсаас дааж, байр олгож, торгонд ороож тосонд өнхрүүлэх юм гэнэ. Гэхдээ тэтгэврийн нас нь 70 бөгөөд тухайн орны иргэдийн дундаж наслалт тавь гаруйхан байж билээ. Иргэд өдрийн 10-12 цаг ажиллаж, өчүүхэн бага хөлсөөр амиа зогоосоор азаар 70 насалж чадвал түүнийг хойд насанд нь биш энэ насанд нь диваажингийн амьдрал хүлээж байх юм. Ийм тунхаглалын шинжтэй нийгмийн хамгааллын бодлого Африкийн орнуудын хувьд нийтлэг бөгөөд манай халамжлагч төр иймэрхүү жишиг рүү явах гээд байна уу даа.

Хэрвээ иргэн бүр НДШ заавал төлдөг болоод, тэтгэврийн насыг нэмэгдүүлээд, тэтгэврийн хэмжээг сүүлийн найман жилийн дунджаар тогтоодог болох юм бол Африк маягийн нийгмийн хамгааллын бодлогоос юугаараа ялгагдах юм бол доо. Үүний хариултыг л эрхэм эдийн засгийн доктор Дагвадорж танаас хичээнгүйлэн асуух байна.

2007 оны 1 сарын 15

Posted in Нийгмийн даатгал, Цанхаархал | 2 Comments »

Илүү тэгш эрх

Posted by bolod on May 15, 2008

“Ерөнхий боловсролыг 11 жил цаашилбал 12 жилийн тогтолцоонд шилжүүлнэ. Ингэснээр манай ЕБС төгссөн хүүхдүүд гадаад дотоодын их дээд сургуулиудад шууд элсэн суралцах эрхтэй болох юм. Урьд нь манай ерөнхий боловсролын гэрчилгээг өндөр хөгжилтэй орнууд хүлээн зөвшөөрдөггүй байсан юм. Одоо манай хүүхдүүд аль ч орны дуртай сургуульдаа элсэн суралцах боломжтой боллоо.” Анх сонсоход сайхан сонсогдож байгаа биз.
Ганц нэг эгэл ардын хүүхэд гадагшаа сургуульд явж болох л юм. Гэвч гадаадын их дээд сургуульд хэн явж суралцдаг вэ гээд бодохоор дийлэнх нь дарга сайд баячуудын хүүхэд байх юм. Тэгэхлээр энэ өөрчлөлт нь тэдэнд илүү тэгш эрх эдлүүлэх илүү боломж олгосон шийдвэр болж үйлчилж байна. Хүүхдээ гадны өндөр төлбөртэй сургуульд оруулахын тулд тэнд 1-2 жил өндөр төлбөр төлж байснаас энд 2 жил аргацаагаад явуулах нь мэдээж тэдэнд хямдхан тусна. Гэтэл 11 жилийн тогтолцоонд шилжих бэлтгэл ажлыг хангахад л 2004 онд 16 тэрбум төгрөгийг илүү зарцуулсан, 11 жилийн тогтолцоонд шилжсэнээр жил бүр л төсөвт илүү ачаалал ирсээр байна. Энэ бүхэн юуны тулд вэ? Ерөнхий сайдын, их хурлын даргын төрийн нарийн бичгийн даргын хүүхдийг гадаадад сургахын тулд. Тэдний мөнгийг хэмнэхийн тулд. Хүүхэд бүр ЕБС-ийг үнэ төлбөргүй эзэмших тэгш эрхтэй ажээ. Цаашилбал хүүхэд бүр гадаад дотоодын дуртай их дээд сургуульдаа суралцах тэгш эрхтэй.

Төр, өөрийн албан хаагчдын ахуй хангамжийг сайжруулах, орон сууцны нөхцөлийг сайжруулах эрхтэй ажээ. УИХ-д насаараа сууж буй эрхэм 3 хүртэл, түүнээс ч дээш байр орон сууцыг өмчилж, хувьчилж авах эрхтэй. Энэ нь түүний улсад хийсэн ажил байгуулсан гавьяатай нь харьцуулбал юу ч биш гэнэ. Харин насаараа багшилсан багш, улсын эмнэлгийн эмч, төсвийн байгууллагын ажилчдад хүүхдээ их дээд сургуульд үнэ төлбөргүй сургах эрх л олдоно. Сэлэнгэ аймгийн төвийн арван жилд Энхсайхан гэж математикийн багш бий. Тэрээр урьд нь Хүдэр суманд ажиллаж байсан бөгөөд аймгийн төв рүү шилжиж ирэхэд нь сайн багшийгаа дагаад 4-10 дугаар ангийн 16 хүүхэд төв рүү шилжиж ирээд зогсохгүй, гэрт нь амьдарч, хооллож ундалж байлаа. Энэ багшийг ажлаа ингэж сайн хийсний төлөө төрөөс ахуй хангамжийг нь сайжруулахын тулд юу ч хийгээгүй, тэрээр өөрөө ч юу ч гуйгаагүй. Зөвхөн нэг хүүхдийнхээ дээд сургуулийн төлбөрийг төрөөс даалгахын тулд ажлаа хийж байна. Төр албан хаагчдынхаа ахуй нөхцөлийг сайжруулах харж үзэх ёстой ажээ. Гэхдээ УИХ-ын гишүүд илүү тэгш эрхтэй ажээ.
Төрийн албан хаагчийн хүүхдийн их дээд сургуулийн сургалтын төлбөрийг төрөөс даадаг, өмнөөс нь төлдөг. Хувиараа бизнес эрхлэгч, төрийн бус байгууллагын ажилтан албан хаагчдад ийм хөнгөлөлт байхгүй. Тэр талаараа төрийн албан хаагчийн хүүхдүүд илүү тэгш эрхтэй ажгуу.

1995 онд батлагдсан нийгмийн даатгалын багц хууль, түүнчлэн түүнээс өмнө мөрдөгдөж байсан тэтгэврийн хуулиар Монгол улсын 55 нас хүрсэн эмэгтэй, 60 нас хүрсэн эрэгтэй иргэд, 20-оос доошгүй жил ажил хөдөлмөр эрхэлж НДШ төлсөн бол тэтгэвэр авах эрх эдэлнэ. Өнөөдрийн байдлаар Монголчуудын дундаж наслалт 64 бөгөөд эмэгтэйчүүд дунджаар 67.7, эрэгтэйчүүд дунджаар 61.6 насалж байна. Эрчүүд эмэгтэйчүүдээсээ 5 жил илүү хөдөлмөрлөж, тэтгэврээ 6 жилээр дутуу хүртдэг байх юм. Энэ талаараа эмэгтэйчүүд эрчүүдээсээ илүү тэгш эрхтэй ажээ. Жендэр судлаачид үүнийг анхаартугай.

Сонгуулийн шинэ хуулиар, сонгуульд оролцож байгаа намуудаас нэр дэвшигчид 45 хоног сурталчилгаа хийх эрхтэй, харин бие даан нэр дэвшигчид 15 хоног л сурталчилгаа явуулах эрхтэй юм байна. УИХ-д суудалтай гишүүд жил бүр 10 сая, 100 сая, 250 сая төгрөгийн санхүүжилт авч өөрийгөө сурталчлах эрхтэй. Гудамжинд байгаа улс төрчдөд ийм санхүүжилт байхгүй. Бие даагч 10 сая хүртэлх төгрөгөөр өөрийгөө сурталчлах хязгаарлагдмал эрхтэй. УИХ-ын гишүүн хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээхгүй. Харин гудамжны улс төрчид хэлсэн байтугай хэлэх гэж байсан үгнийхээ төлөө хариуцлага хүлээж магадгүй. УИХ-ын гишүүд хэлсэн үгийнхээ өө, алдааг засаж, нэмэлт тайлбарыг хийж болдог, тэдэнд бүх хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нээлттэй байдаг бол гудамжны улс төрчдөд ийм боломж үгүй. Ордны улс төрчид илүү тэгш эрхтэй ажээ.

Татварын хуулийн шинэчлэн батлагдсан хувилбарын дагуу татварын нэг шатлалд мөдхөн шилжинэ. Үүний үр дүнд 15 хувийн татвар төлдөг байсан аж ахуйн нэгж 10% төлдөг боллоо гэхэд 45% төлдөг байсан томоохон компаниуд мөн 10% төлж татварын хөнгөлөлт нь даруй 4,5 дахин буурч байна. Бага цалинтай, төсвийн байгууллагын ажилчид төлдөг хэдийгээ тоо ёсоор нь толгой бүрэн тушаах л болно. Татварын ачаалал буурна, гэхдээ энэ нь томоохон аж ахуйн нэгжүүдэд, томоохон компаниудад, акулуудад л илүү ашигтай болох нь хэнд ч ойлгомжтой.

Үл хөдлөх хөрөнгөөс татвар авах тухай Yл хөдлөх хөрөнгийн татварын тухай хууль байдаг. Гэхдээ энэ хуулийн үйлчлэх хугацааг хойшлуулж олон жилээр сунгаж байгаа. Хэнд ашигтай вэ? Мэдээж ихээхэн хэмжээний үл хөдлөх хөрөнгөтэй, зочид буудалтай, олон давхар хаустай, оффистой хүнд ашигтай. Харин хашаа байшинтай юм уу гурван өрөө нийтийн орон сууцанд амьдрагчийн хувьд төдийлөн ашиггүй юм. Тэртээ тэргүй хуульд заасанчлан хашааны газар, орон сууцыг үл хөдлөх хөрөнгийн татвараас чөлөөлдөг ажээ. Энэ хөнгөлөлт нь хөрөнгөтнүүдэд зориулагдсан тэдний илүү тэгш эрхийг баталгаажуулсан хууль байна.

НӨАТ-ын хуулиар аж ахуйн нэгжүүд экспортоор оруулж ирсэн бараа материалынхаа нөат-ын зөрүүг эргүүлэн авах эрхтэй. Харин жирийн иргэнд энэ боломж нь хаалттай бололтой. Баячууд, компаний захирлууд эгэл борчуудаас илүү тэгш эрхтэй ажээ.

Боловсролын багц хуулинд заасны дагуу, цэцэрлэг сургуулиуд, МСYТ-үүд тогтмол зардал дээрээ нэмж, хүүхдийнхээ тоогоор хувьсах зардлаар санхүүжилт авах болсон. Харин хувийн сургуулиуд хувьсах зардлаа аваад дээрээс нь нэмж сургалтын төлбөр авна. Энэ тал дээр харин хувийн сургуулиуд илүү тэгш боломжтой ажээ.

Хүн бүр эрүүл аюулгүй орчинд амьдрах, гэх мэтчилэн цаашилбал сонгох сонгогдох эрхтэй. Ерөнхийлөгчид зөвхөн УИХ-д суудалтай намууд нэр дэвшүүлэх эрхтэй. Жирийн иргэн аль нэг намын гишүүн биш ч юм уу, аль нэг намыг дэмжигч биш бол ерөнхийлөгчөөр сонгогдох эрхгүй. Түүнчлэн орон нутгийн сонгуульд, ИТХ-д зөвхөн намууд нэр дэвшүүлэн өрсөлдөцгөөнө. Уг нь нэр нь ИРГЭДИЙН гэж байгаа боловч НАМЫН ГИШҮҮН ИРГЭДИЙН сонгогдох хурал болдог. Намын гишүүн иргэд илүү тэгш эрхтэй ажээ.

Yндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ-ын гишүүд Засгийн Газрын бүрэлдэхүүнд орж ажиллах боломжтой болсон. Yүнээс хойш УИХ-ын гишүүдийг Засгийн газрын гишүүн ба сул гишүүн гэж хувааж болохоор болжээ. УИХ-ын “ЗГ-ын байнгын хорооны” гишүүд сул гишүүдээсээ илүү тэгш эрхтэй. Сул гишүүд зөвхөн УИХ-ын нэгдсэн хуралдаанд л оролцох үг хэлэх эрхтэй бол ЗГ-ын байнгын хорооны гишүүд юу ч хэлэхгүйгээр мөнгө захиран зарцуулах эрхтэй болчихжээ. Парламент нь засгийн газраа хянадаг учиртай юм бол тэрээр өөрөө өөрийгөө хянах эрхийг бас давхар эдэлнэ.

2004 оны сонгуульд нийт сонгогчид нэг л саналын эрхтэй байлаа. Сонгогч гэдэг утгаараа хотын сонгогч болон хөдөөгийн сонгогчид тэгш эрх эдэлнэ. Гэхдээ тойргийн бүтэц алдагдсанаас зарим тойрог арав гаран мянга хүрэхгүй, зарим тойрог 20 мянга шахуу сонгогчтой болсон. 20 000 сонгогчтой тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн ба 10000 сонгогчтой тойргоос сонгогдсон гишүүд кноп дарах, үг хэлэх, хууль санаачлах тэгш эрхтэй. Дүгнэвэл 10000 сонгогчтой тойргийн сонгогчид, 20000 хүнтэй тойргийн сонгогчоос хоёр дахин илүү тэгш эрхтэй ажгуу. Ямар ч гэсэн хотын тойргууд олон сонгогчтой, хөдөөгийн тойргууд цөөн сонгогчтой тул хөдөөгийн сонгогчид хотын сонгогчдоос илүү тэгш эрхтэй ажээ.

Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих (нэгэнт дэмжих гэсэн учраас ёстой дэмжсэн шиг дэмжинэ) хуулиар гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд байгуулагдсан эхний жилүүдэд орлогын албан татвараас чөлөөлөгдөнө. Дээр нь тогтвортой байдлын гэрээ зэрэг хөнгөлөлтүүд нэмэгдэж 5-10 жил татварын хөнгөлөлт эдэлдэг. Дотоодын компаниуд байгуулагдахаасаа эхлээд л хүнд суртлын дарамт, лиценз, зөвшөөрөл, стандарт авилга гэх мэт хэдэн давхар дарамтад орж, байгуулагдсаныхаа маргаашнаас татварын албаны хараанд орно. Хяналт шалгалтын дарамт буурахгүй сүүдэр шиг л дагадаг. Гадаадын компаниуд дотоодын компаниудаас илүү тэгш боломжтой ажээ. Дотоодын компаниуд дотроо ногоон гэрлийн компаниуд арай илүү тэгш эрхтэй.

Онцгой албан татварын хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу, согтууруулах ундаанд ноогдуулах татварын хэмжээг үнийн дүнгээс биш, литрээс нь тогтоох болсон. Нэг литр “Хараа” архи нэг литр вискитэй адил татвартай. Виски нь архи биш, дарс учраас түүнээс авах татварыг винотой адилтган авсугай. Виски хүртэгчид бага татвартай ундааг хэрэглэдгээрээ өндөр татвартай “Хараа” архи хүртэгчдээс илүү тэгш эрхтэй болой. Түүнчлэн хөдөөгийн архины үйлдвэрлэгчид, хотын архи үйлдвэрлэгчдийг бодвол литр тутамд 40 центээр дутуу татвар төлөх илүү тэгш эрхийг эдэлмой.

Эрүүл мэндийн салбарын санхүүжилтын шинэ хуулиар иргэд эрүүл мэндийн үзлэг эмчилгээнд албан ёсоор төлбөртэйгөөр хамрагдах “эрхтэй” боллоо. Хэрэв та, танай гэр бүлийнхний хэн нэг нь өвдвөл та эрүүл мэндийн даатгал төлсөн эсэхээсээ үл хамааран өөрийн аймгийн дүүргийн эмнэлэгт, чанартай чанаргүй нь хамаагүй зайлшгүй төлбөртэйгөөр үйлчлүүлэх болно. Харин ЗГ-ын юм уу УИХ-ын гишүүний бие бяцхан чилээрхвэл, эсвэл чилээрхэж магадгүй гэж санагдвал эмчилгээнийхээ зардлаа төрөөс /таны халааснаас/ төлүүлж, дээр нь замын зардлаа даалган гадаадын өндөр төлбөртэй чанартай, найдвартай эмнэлэгт эмчлүүлэх эрхтэй. Яагаад гэвэл жирийн иргэн өвдсөнөөс УИХ гишүүн өвдвөл илүү гарзтай, илүү зардалтай гэнэ. Тэд та бидний сайн сайхны тлөө, та бидний өмнөөс сайн дураараа амь биеээ зориулж байгаа учраас тэр гэнэ. Тэд жирийн иргэдээсээ эрүүл явах талаараа ч гэсэн, амьд явах баталгаагаараа ч илүү тэгш эрхтэй болой.

Хуулийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй. Ахай илүү тэгш эрхтэй ажээ.

2006 оны 12 сарын 11

 

 

Posted in Цанхаархал, ЭДИЙН ЗАСАГ, Uncategorized | Leave a Comment »