Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

Archive for the ‘Улс төрч’ Category

ЛОЙДОР

Posted by bolod on May 24, 2012

Өнөөдөр Монголд дээд шүүхэд бүртгэлтэй хорь гаран улс төрийн нам байна. Үзэл баримтлал, зохион байгуулалт, байгуулагдсан зорилго, шалтгаан, цаг үе, түүх, амбицаараа өөр хоорондоо бүгд ялгаатай боловч парламентийн сонгуульд өрсөлдөж, амжилт гаргах амбицтай цөөхөн хэдэн нам бий. АН, МАН хоёроос гадна энэ хоёр намтай өрсөлдөх цанхаалах санаатай намууд өөрсдийгөө улс төрийн гурав дахь хүч, улс төрийн шинэ хүч, улс төрийн тэргүүлэх хүч гэхчлэн янз янзаар л нэрлэж, өргөмжилдөг боловч бодитой өрсөлдөгч өнөөг болтол гарч ирээгүй л байсан юм. Энэ орон зай дээр тоглох сонирхолтой улс төрчид 2005 оноос ажиллаж эхэлсний үр дүнд УИХ-ын сонгуульд амжилт гаргах харьцангуй боломжтой ИЗНН, МАХН, МҮАН гэсэн гурван нам үүсч байгуулагдаж, шинээр зохион байгуулагдаад байгаа билээ. Хэн нь гурав дахь хүчний орон зайд ялалт байгуулах вэ? Read the rest of this entry »

Posted in Сонгууль--2012, Улс төрч | Tagged: | Leave a Comment »

УЛС ТӨРИЙН АРИУН ЦЭВЭР

Posted by bolod on May 21, 2012

Ц.Нямдорж сайдыг огцруулах асуудлыг анх удаа түүний өөрийнх нь нам дотроос, өөрийнх нь намын гишүүд санаачлан УИХ-д оруулж ирсэн билээ. Тэрбишдагва тэргүүтэй МАН-ын 7 гишүүн хуульзүйн сайдыг огцруулах санал тавьж, АН-ын бүлэг түүнийг нь дэмжив. Хамгийн гайхалтай нь өөрсдийгөө УИХ дахь сөрөг хүчин, улс төрийн гурав дахь хүчин энэ тэр хэмээн цоллох дуртай ИЗНН-ынхан эсэргүүцэв. Хэрэв Нямдорж сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн эхний өдрийн хуралдаан дээр Д.Энхбат, С.Оюун, З.Алтай нарын гурван гишүүн оролцож, сайдыг огцруулах талд саналаа өгсөн бол Нямдорж сайд гарцаагүй огцрох байлаа. Гэвч тэр гурван “цэвэрхэн” гишүүн түүнд оролцсонгүй. Read the rest of this entry »

Posted in УЛС ТӨР, Улс төрч | Tagged: , | Leave a Comment »

ЯДУУРАЛ БУУРЧИХСАН

Posted by bolod on April 30, 2012

Та нар одоо ядуу биш. Төр иргэддээ тэгж хэлж байна. Оны эхэнд ядуурлын түвшин 39,2% хүрсэн гэж мэдээлэл хийж байсан бол өнгөрсөн богино хугацаанд ядуурал арван хувиар буурч 29%-тай болсон хэмээн Үндэсний статистикийн хороо болон Үндэсний шинэтгэлийн хорооныхон мэдэгдэж байна. Энэ хурдаараа бол сонгууль болтол ядуурал дахин 5% -иар буурч, оны эцэст 9%-тай болно гэсэн үг. Read the rest of this entry »

Posted in Бачимдал, Улс төрч, ЭДИЙН ЗАСАГ | Tagged: | 1 Comment »

МЭДЭЭЛЭЛГҮЙ ИРГЭД

Posted by bolod on April 28, 2012

Ц.Нямдорж сайдын “Би юу ч хараагүй, би юу ч сонсоогүй, би юу ч хэлэхгүй” гэсэн мэдэгдэл олон хүний дургүйг хүргэсэн бололтой. Мэдээлэлгүй, мэдлэггүй сайд, унтаа сайд гэсэн нэр зүүж, орох оронгүй, арай л оочих аягагүй гэж дайруулах нь халаг байна. Нямдорж сайдыг 85 настай эмгэн “Би сайдад ТV бэлэглэнэ, миний хүү гарч ирж TV-гээ ав аа” хэмээн дайруулж, олон хүн дэмжин тавлаж байна. Яая гэхэв. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг дээ. Ингүүлэх юмаа өөрөө хийсэн хүн, хэлсэн үг хийсэн үйлдэл болгоноороо алдаа гаргаж, улс төрийн нэр хүндээ шатааж байгаа хүн. Цагтаа “Н.Энхбаярын дөрвөн Дорж” гэж нэрлэгдэж байсан Доржуудын сүүлийнх нь Доржийн улстөр дэх нэр хүнд ийнхүү ганхаж эхэллээ. 2012 оны сонгуульд сонгогдох магадлал нь их л багасах шиг боллоо доо. Read the rest of this entry »

Posted in Улс төрч, Хэвлэл мэдээлэл | 5 Comments »

“МАНАЙ КЛУБИЙНХЭН”

Posted by bolod on September 30, 2010

Өнгөрөгч пүрэв гаригт “Дуусдаггүй яриа” нэвтрүүлэг дахин гарч эхэлжээ. Элдэв хэлэлцүүлгүүд сонирхол татахаа байж, элдэв нүүр тулсан ярилцлагууд газар авахаа байгаад, улс төр сонирхолтой сэдэв биш больж, улс төрийг сонирхолтойгоор үзүүлэхээ байчихсан, улс төр сонирхол татахуйц өрнөхөө байгаад мөлгөр хөшүүн, магтаал суртаал л гарах болсон энэ зурвасхан үед бас ч гэж сонирхол татаж болохуйц нэвтрүүлэг. Урьд нь би энэ нэвтрүүлэгт оролцогчдын бүрэлдэхүүнийг эсэргүүдүү гишүүд цуглачихаж гэж харж томъёолж байсан. Бас ч гэж нийгэмд үзүүлэх нөлөөг харж эерэг хүлээлттэй байсан. Одоо харин үүндээ эргэлзэж эхэллээ. Read the rest of this entry »

Posted in Улс төрч, Хэвлэл мэдээлэл | 2 Comments »

БАЯРЫН ОГЦОРСНЫ ДАРААХ ЭДИЙН ЗАСАГ

Posted by bolod on November 29, 2009

Монгол улсын Засгийн Газрын ерөнхий сайд асан С.Баяр бие чилээрхсэний улмаас чөлөө мэдүүлж үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн билээ. Улс төр судлаачид, улс төр сонирхогчид, улс төрчдийн хүрээнд ийнхүү Ерөнхий сайд сайн дураараа ажлаасаа буух нь гэнэтийн сонин зүйл байсан билээ. Тэд С.Баяр гэдэг хүн юуны учир ажлаа өгсөн болохыг шүүн хэлэлцэж, үүнээс улбаалан өрнөж болох үйл явдлуудыг өөр өөрийнхөөрөө таамаглацгаасан. Баярын дараах улс төр хэмээх нийтлэл бичигдэж, мэддэг мэддэггүй хүн бүхэн л өөр өөрийнхөө хувилбарыг дэвшүүлж, зөв буруу баахан бурлаа. Миний хувьд харин Баярын дараах улс төр төдийлөн сонирхолтой биш байна. Баярын дараах улс төр байх даа ч яахав. Ямар бурхан болоод төрөл арилжчихсан биш. Их улстөрөөс бүр гарчихсан ч биш. Харин С.Баярын огцорсны дараах эдийн засаг ямар байх вэ гэдэг л онц сонирхолтой байлаа. Read the rest of this entry »

Posted in Улс төрч, Үйл явдал | Tagged: | 1 Comment »

ХОЁР ҮЗҮҮРТЭЙ ЗҮҮ

Posted by bolod on April 21, 2009

Аль нодлин бичсэн юм. Политикс.мн сайтад тавьсан боловч өөрийнхөө блогт тавихаа мартчихаж. Олон хүн С.Баярыг тэр үед тахин шүтэж байсан, би харин болгоомжилж байсан. Нэг их цэцэн мэргэн, ухаантайдаа биш. Зүгээр л энэ улстөрчдөд итгэж бодохгүй гэдэг үүднээс бичиж байсан байх.

С.Баяр гэх эрхэм их боловсролтой, чадвартай, дипломатач, стратегич, дээр нь шийдэмгий, хурдтай ажилладаг гэсэн имижээр нийгэмд танигдаж олны дэмжлэгийг авч байна. Гэвч хэлсэн ярьсанд нь хий зөрүү гарсаар.

МАХН-ын 25-р ИХ дээр намын дарга, ЗГ-ын Ерөнхий сайдын албан тушаалыг салгах нь зүйтэй гэж санал оруулж, намын дүрмэндээ өөрчлөлт оруулж авсан. Гэвч намын даргын сонгуульд ялангуутаа “Эрх мэдлийг минь олгооч” хэмээн Ерөнхий сайдын албан тушаалыг  шаардав.

ЗГ-ын бүрэлдэхүүн хэт нүсэр, оновчгүй, үрэлгэн бүтэц хэмээн шүүмжилж, бүтцийн шинэчлэлийн тухай ярьсаар байлаа. Харин өөрөө Ерөнхий сайд болонгуутаа, Засгийн газрын бүтэц бол ард түмэнд хүртээлтэй зүйл биш хэмээн мэдэгдэж, өмнөх бүтцийг бараг өөрчлөлгүй, зөвхөн эрхэлсэн сайд гэх ургацаг төдий зүйлийг л танах төдийхнөөр бүтцийн өөрчлөлтөө хязгаарлав. Засгийн Газрын бүтцийг танасан уу, танасан. Яамдын тоо хэвээрээ юу хэвээрээ. Ёстой л хонь бүтэн, чоно цатгалан гэдэг шиг. Read the rest of this entry »

Posted in Сонгууль-2008, Улс төрч | Leave a Comment »

Алтайгийн “25”

Posted by bolod on July 14, 2008

2008 оны УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүрэгт бие даан нэр дэвшиж ялалт байгуулсан З.Алтайгийн гол тодотгол нь “25-ын Алтай” байлаа. Үнэхээр Алтайг Зоригийн гэхээсээ илүүтэйгээр 25-ын Алтай гэхээр хүн болгон мэддэг. 25 телевиз гэхээр бас л Алтай юун түрүүнд санагддаг. З.Алтайгийн гол гавъяа нь ч 25 ТВ-ийг байгуулсан явдал байж магадгүй.
1996 -2000 онуудад 25 телевиз МАХН-ын талыг барьж байх шиг санагддаг байв. 25 ТВ-ээр л МАХН-ыг дэмжсэн, нааштайгаар харуулсан, тэдний байр суурийг харуулсан нэвтрүүлгүүд илүүтэй гарч байх шиг байсан. 25 телевиз Хувьсгалт намын телевиз шиг л Ардчилсан Холбоо эвслийн засгийн газрыг шүүмжилж, “ардчиллын” партизануудыг муулж хаядаг байлаа.
2000-2004 онд АН-ыг дэмжиж, МАХН-ыг хурцаар шүүмжилдэг, зоригтой хэлдэг, хэлүүлдэг ТВ нь ганцхан 25 байсан гэхэд хилсдэхгүй биз. Тэр үеэр нэг хэсэг Eagle телевиз ч хаагдсан байсан санагдана. Сөрөг хүчний үзэл бодлыг олон нийтэд хүргэж, сөрөг хүчний байрь суурийг өмөөрч, дуу хоолой нь болж байсан ТВ нь 25 л болж байлаа. Үнэндээ нэг их сүртэй сөрж байгаагүй ч мэдээлэл хаалттай байсан тэр үедээ л хангалттай зориг гарган сөрөг хүчнийг дэмжиж дуу хоолойг нь аль чадахаараа л гаргасан гэж боддог. Read the rest of this entry »

Posted in Сонгууль-2008, Улс төрч, Хэвлэл мэдээлэл | 1 Comment »

МАВР ХИЙДГЭЭ ХИЙСЭН БОЛ МАВР ЯВАХ ЁСТОЙ

Posted by bolod on May 15, 2008

“Бүү март, мартвал сөнөнө” гэж товхимол 80-аад оны сүүлээр гар гар дамжин уншигдсаар тухайн үедээ л шуугиан тарьж байлаа. Хэн нь бүү мэд Баабар гэдэг хүн бичсэн байлаа. Тэндээс л анх “Амьтан бүхэн тэгш эрхтэй, гахай илүү тэгш эрхтэй” гэх мэт үгсийг уншиж билээ. Тэнд л ганцхан Оросын булаан эзлэлт газарзүйн томоохон нээлтийн дайтай байсан гэсэн сонин дүгнэлт, Орос ахын том хөнжил гэх мэт гажиг хэллэгийг уншиж байв. “XX зууны Монгол: Нүүдэл суудал, гарз олз ном” гарлаа. Баабар бичжээ. Монголын түүхийг хялбаршуулсан хэллэгээр, харьцуулал, эсрэгцэл бүхий өвөрмөц дүгнэлтүүд хийн бичсэн нь надад л лав таалагдсан.

Тэндээс л би, Ийм агуу их хэрмийг бариулахад хүргэсэн ард түмэн түүнээс дутахгүй агуу их түүхтэй байж таарна гэх мэт омгорхол бардамнал бүхий мөрүүдийг олж харсан. Алдарт Мильтон Фридманы “Хувь заяагаа сонгох нь” номыг орчуулан гаргажээ. Хэн орчуулсан юм бол, Баабарын нэр байж байнаа. Эхнэр нь ихэнхийг нь орчуулсан, Цэнгүүн ивээн тэтгэсэн энэ тэр гэх нь ямар хамаа байна, Брэнд нь Баабарынх. Энэ ном монголчуудын эдийн засгийн сэтгэлгээнд эргэлт авчирсан, салхийг нь хагалсан. Бусдын хувьд ямрыг нь мэдэхгүй, уртаашаа ганцхан хэлтэйгүүдийн хувьд энэ ном элсэнд асгасан ус шиг л шингэж байсан. Гэх мэтчилэн жагсаавал түүний хийсэн, хэлсэн, бүтээсэн нь нэн их.

90-ээд оноос хойшхи Монголын нийгмийн сэтгэл зүйн төлөвшилд Баабарын үүрэг асар их байлаа. Монголчуудын сэтгэлгээний хувьсгалыг өдөөгч нь ТЭР л байсан. Түүний нөлөөгөөр Монголын сэтгүүлзүйн салбарт бичлэгийн шинэ стиль орж ирсэн гэхэд хилсдэхгүй байхаа. ТҮҮНИЙ ачаар л монголын хэвлэл мэдээлэл МОНЦАМЭ –гийн модон хэллэгээс салж, өдөр тутмын амьдралын явган хэллэг, хараал ерөөлөөр баяжсан. ТҮҮНИЙ хэт задгай бичлэг, оновчтой зүйрлэл, хэтрүүлэг, ёгтлол нь монголчуудын хошин шогийн мэдрэмжид яг таарч байсны зэрэгцээ тухайлан үгүйлэгдэж байсан сэтгэлгээний тэр л орон зайд нь тоглож чадсан юм. Түүний номын төлөө залуучууд гараа тулгартал зодолдож, оюутан залуус олон хавар хийрхэж, гар бичмэл нь дэлэвч гуявч алавчан завсар дэн дун нуугдаж байсан гэх гээгүй ч нийтлэлийг нь унших гэж эрдэг хайдаг, уншсан нь бусдадаа хэлдэг байлаа.

Түүний дэндүү гэмээр хатуу үг, ёжтой мушийлт, ТВ-ийн дэлгэцээр хумсаа цэвэрлэх, чихээ маажих, хамраа ухах гэх мэтийн бүдүүлэгдүү гэмээр хэнэггүй төрх нь байгаа тэр л байдлаараа монголчуудад хүрч заримд нь таалагдаж заримыг нь эгдүүцүүлсээр өдгөө нэгэнт өөрийн гэсэн тогтсон фээнүүдтэй болгожээ. Ийм хүн төрдөг ажгуу. ТҮҮНИЙ хэлснээр ийм хүн зуун мянгад нэг төрдөг бол, ТЭРЭЭР хоёр саяд цор ганцхан төржээ. Бүхэл бүтэн нэг үеийнхэн Баабарын нийтлэлийг уншиж өндийсөн бөгөөд ТҮҮНИЙ нийтлэлийг уншихын тулд л “ӨС” –ыг захиалдаг захиалагчид ч бий. Тиймээс ТЭР яах аргагүй үзэгдэл юм. ТҮҮНИЙ бий болгосон энэ оюуны орон зай нийгмийн баялаг болжээ. Нэгэнт нийгмийн баялаг болсон болохоор одоо бүхэлдээ түүний өмч биш, ориг Баабар өөрийн бий болгосон ертөнцийн хэсэг төдий л болж. БААБАР хийдгээ хийжээ.

ТҮҮНИЙ бардамнал аархал нь янзтай. “Надад дивтаат болж ард түмнээ ганц сайн харж үзэх сонирхол алга”, “Би эрх чөлөөгөө хэнд ч, тэр байтугай Чингисийн хүргэнд ч булаалгахгүй”, “Багабанди бол монголын нийгэмд учирсан гай түйтгэр, шулмын хорлол мөн. Би ядахдаа ингэж бодох эрхтэй.”, “Тэгэх тусам нь би өдөж байна, надаас юу ч гарахгүй гэдгийг мэдэж байгаа учраас ухалдвал ухалдсан шиг ухалдая”, “Чам шиг юманд үзэг байтугай ухнын хөгнө тоож бэлэглэх тэнэг хорвоо дээр үгүй”, “Сүүлд нь уучлалт гуйх гэж би бичдэггүй” гэх мэт. Цус огшооно.

ТҮҮНИЙ “Албан ёсны мангуу”, “Тогос хээр”, Хэнтийн гурван тэнэг”, “XXI зуунд Бокасса цөөрсөн”, “Спортын мастер МАО”, “ВЭЭРС” гэх мэт “сэтгүүлзүйн алив нэг төрөл жанрт хамаарахгүй” нийтлэлүүд үнэхээр жаатай. Цул кайф. “Өвөлжөөний чинь үүдэнд хүртэл мянганы зам тавина, өөрийг чинь өндөр хүчдэлээр орооно”, Эсвэл “газар газрын тэнэгүүд ганц ганцаараа явдаг, хэнтийн тэнэгүүд хэлхээтэйгээ явахийм”, “Равдан гай болоод гавьяат болоо л биз”, “мөнгөө оймсондоо ороож орон доогуураа хадгалдаг”, “Эхнэрийнх нь чихийг сэт татчихмаар сүүжин ээмэг, өвөртөө данх хийчихсэн юм уу гэмээр том хөөрөг”, “Компани, театр хоёр өлгүүр дүүжлүүр шиг ялгаатай” гэх зэрэг уран сайхны хэтрүүлгүүд нь үнэн кайф. Үзэгдэлээ үзэгдэл.

“Албан ёсны мангуу”, “Харвардын коммунист”, “улаан хацарласан хотын хүн”, “хотын мээрмаа”, “уртаашаа ганцхан хэлтэй, тэрүүгээрээ ч олигтой ярьж чадахгүй”, “ургац Өөлдийн өөрийнх толгой дээрхээс илүү өтгөнгүй”, “Ганди: Голомт банк нь мөнгийг угааж, угааж явуулчихдаг, гээд хоёр алгаа хооронд нь үрчин үнэхээр юм угааж байгаа айлын авгайн дүр гаргалаа”, “Баатарлаг улаан хуурга”, “Улаан хүний өмнөөс ягаан хүн”, “Нямдорж тагнуул биш”, “хүүхдэд бүү ойртуул”, “МАХН-ын идэвхтэн гээд, хаалтан дотор энэ бол хүний нэр гэсэн тодруулга”, “Бат-Үүлийг шоронд суулгаж Нобелийн шагналд нэр дэвшүүлж буй нь шударга ёсыг алдуулж байна” гэх мэт “баримтууд нь баттай бус хов живийн шинжтэй” материалууд нь траге-комеди, загатнасан газар маажих мэт, хар тамхинд донтох мэт бусдыг дагуулах шидтэй. Үнэн Шидээвэр.

Сүүлийн үед “балайраад баримттай гүтгэдэг” болчихоод байгаа болохоос. ТЭРЭЭР Гандид ялагдаад ухаан алдаж унаж байсныг нь бодоход тийм ч мундаг мэргэжлийн улс төрч биш дэг. “Миний ард харагдаж байгаа энэ саарал ордонд Монгол улсын бүх хөрөнгө мөнгийг хэрхэн зарцуулахыг шийддэг. Хэрэв би хоёр өрөө байр, унах унаатай болъё гэвэл хоёр жил зүтгээд л олчихно. Харин түүнээс арай илүү ихийг бүтээхийг хүсч байгаа учраас би энэ саарал ордонд орохыг хүсч байна. Надад итгэ” гээд сонгогдсон, дараагийн сонгуулиар ялагдсаныг бодоход итгэсний хэрээр зүтгээгүй бололтой. “УИХ гэдэг чинь өөрөө өөртөө ажил олж зугаацахгүй л бол хийх ажил олддоггүй санаа амар ажил шүү дээ” гээд “гудамжинд” гарав.

Гэтэл саяхнаас “Нүүрс үнс болов, нүүрсний үнэ шалдаа бууж нүүрс үнс хоёрын үнэ яг тэнцэнэ гэж тэртээ 20 жилийн өмнө би хэлж байсан санагдана” хэмээн пиардах болов. Ингэж пиардахтай зэрэгцээд Баабар Шаабар болов. Нэр хүнд нь Шийвэртэв. Баабар нийтлэлчийн хувьд сайн нийтлэлч байж болох ч пиарчийн хувьд тааруухан бололтой. Би гудамжны хүн хэмээн гудамжинд гарч лааз өшиглөөдөхсөн чинь золтой л жинхэнээсээ лааз өшиглөчихөөгүй. Ноолуур, ном хоёрын нэгийг сонго гэж байгаад сонгуульд бүдэрч байлаа. Таван толгойн реклам хийх гээд БИД ЧАДНА гээдэхсэн чинь Иргэний Холбоог дуурайсан болоод амжилт олдоггүй. Алдаагаа засах гээд нүүрсний үнийг үнсний үнэтэй адил болно гээд төлөгчлөөдөхсөн чинь өөрийнхөө нэр хүндийг үнс нурам чандруутай хутгаад хаячихваа. ТЭМБЭРЖҮРЖИГ.

 Харин нүүрсчид нь уралдаад нүүрснийхээ үнийг чөлөөл гээд жагсаж, ажил хаяж эхэллээ. Кааш. Гэхдээ байз. Баабарын хэлсэн болгоныг шууд утгаар нь ойлгож хүлээж авч болохгүй. ЦААДАХ чинь нохойтож байгаа юм биш биз. ТЭРЭЭР, “Би бусдыг өөрийнхөө (мэдээж Баабарын) бичсэнийг ойлгох ухаантай гэж боддог” хэмээн ам алддаг. ТЭР заримдаа асуудлыг эсрэг талаас нь харуулж, нөгөө талд нь хүч хаясан уянгын хэтрүүлгийг өргөнөөр ашигладаг. БИ хэзээ ч худалдагдахгүй хэмээн тангарагладаг. Бусдын цуураад байгаа шиг ТЭР, МАС –аас (Монголын Авлигын Сүлжээ) мөнгө авч МААСЫН сэтгэл зүйгээр тоглоогүй байх. Харин өөрсдийнх нь мөнгөөр өөрсдийнх нь эсрэг пиар хийсэн байж таарна. Хоржоонтой байгаа биз. Яг л тэгсэн болж таарлаа. Том толгой пийдаалуудаас нь мөнгө аваад Таван толгойг пиардаж нүүрсний үнийг биш, харин лицензийнх нь, хувьцааных нь, карьерийнх нь үнийг үнс нурамтай хутгачихлаа. Зарим нь ТҮҮНИЙ хэлснийг ойлголгүй, биднийг рекламдаж байна гэж сэтгээд мөнгө төлж л байдаг, Бусад нь түүний хэлснийг ойлголгүй ТҮҮНД уурлаж шоронд хийж шонд хатаахаар зэхэж л байдаг… ДООЗ-ыг нь хэтрүүлчихжээ.

ЦААДАХ чинь ирэх 2008 онд Ардчилсан Намын гол ПИАРЧИН болохоор тохиролцсон юм гэнэ лээ. Тэгээд ч ҮЗХ –д нь орсон. Зарим нь ТҮҮНИЙГ АН-ыг аврах гэж байна гэж бодож байгаа. Харин “Ардчилсан нам өөд болов” гэж бичсэнчлэнгээр ясыг нь барих гэж байгаа байхнээ. Хувь заяаны шоглоом юм даа. Чоноо чоно. Алдагдсан үеийнхэн нийтлэлд бичсэнчлэн 40-60 насныхан л ачааг үүрдэг. Тэгвэл БААБАР аль хэдийн 50 гарчихжээ. Улс төрчдийн хувьд карьер хийдэг нас нь 10-15 жил. Тэгвэл Баабар улс төр хийгээд аль хэдийн 20 жил болж байна. Мавр хийдгээ хийсэн бол Мавр явах ёстой гэх хэллэг түүний нийтлэлүүдэд байн байн үзэгддэг. ХАРИН БААБАР ХИЙДГЭЭ ХИЙСЭН ҮҮ? БААБАР ЗАЙЛАХ ЁСТОЙ ЮУ?

2007 оны 7 сарын 25

Posted in Улс төрч | Leave a Comment »

ХАР ТОЛБОГҮЙ УИХ-ЫН ДАРГА

Posted by bolod on May 15, 2008

Виктор Гюго нэгэнтээ “Гэмт хэрэгтэн эзэн хааны титэмтэй ч бай, хоригдлын эрээн хувцастай ч бай гэмт хэрэгтэн хэвээрээ үлдэнэ” гэж хэлжээ. “Хууль, шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй” манай орны хувьд бол байдал арай өөр. Эрхэм Гюго авгай энд алд дэлэм алдсанаа хүлээхээс аргагүй. Эзэн хааны титэмгүй ч гэлээ эрх мэдэлтэй хүмүүн бол илүү тэгш эрхтэй байдгийм. Илүү тэгш эрхтэнгүүд хууль цаазын дээгүүр байдгийм. Эрх мэдлийн өмнө хууль цааз толгой гудайдгийм. Энэ бол цөвүүн цагийн өнгө аяс.

Бараг ядуу хүн. “Тул” эдийн засагч Дашзэвэг, УИХ-ын даргыг өмөөрч ядахдаа, “Ц.Нямдорж дарга бол бараг ядуу хүн” хэмээжээ. Тиймээ Нямдорж дарга “бараг” ядуу хүн. ТЭР улсаас ердөө л гуравхан байр авсан юм. ТҮҮНД өөрийн гэсэн газар байхгүй, ТЭРЭЭР лицензийн наймаа хийгээгүй, ӨӨРИЙН гэсэн аж ахуйн нэгж компани үгүй, түүнд зөвхөн өөрийнх нь баталсан, засварласан хуулиуд л бий. Ц.Элбэгдорж ядууралтай дайн зарлана гэж хэлэхдээ ТҮҮНД дайн зарласан юм биш байгаа. Монголд ядуурлын түвшин сүүлийн 3-4 жилд 36% дээр л хадагдчихлаа. Энэ яасан сонин хөдөлдөггүй тоо вэ? Ирэх жил судлаад байх хэрэг ч байхгүй бас л 36% гарна. Гэхдээ энэ ядуучуудын тоонд Ц.Нямдорж дарга орж байгаа болохоор монголчуудын 36% ядуу гэдэгт хэн итгэх юм бэ? Намбар вантай харьцуулахад Ц.Нямдорж бараг ядуу хүн мөн. Надтай харьцуулахад харин бараг тэрбумтан мөн. Юм бүхэн харьцангуй гэж юутай үнэн бэ? Нямдорж ядуу юм бол монголд ядуурлын түвшин 99,36% -тай байгаа биз. Эсвэл Нямдоржийн чинээний хүн ядуучуудын тоонд ордог юм бол монгол шиг баячуудын орныг хаанаас ч хайгаад олохгүй. Ядууралтай зарласан дайнд яллаа. Элбэгдорж мандтугай. Түмнээ ядуурлаас аварлаа. Энхбаяр мандтугай. Америк энэ тэр хойшоо бай. Азийн бар мар дуугүй бай. Наана чинь Монгол эдийн засагч үгээ хэлж байна. Тул эдийн засгийн томъёолол энэ.

Бараг авлигач биш. Муу Баабар бол бараг авлигач, УИХ-ын гишүүн байхдаа энд тэндээс баахан бэлэг авсан байснаа цагийг нь олж улсад тушаасан. Хэрэв тушаагаагүй бол цалингаасаа илүү өндөр үнэтэй бэлэг авсан хэргээр авлигач болох нь бараг тодорхой байлаа. Тэр үнэтэй бэлэг дотор нь “асар үнэтэй” үзэг мэтийн зүйлүүд байлаа. Төрийн төмөр нүүр түүнийг тойрохгүй дайрах байлаа. Тиймээс Баабар үүнийг авлига гэж үзэн улсын хөрөнгө болгожээ. Харин Ц.Нямдорж бол бараг авлигач биш. Жишээлбэл төрийн албан хаагчийн амьдарлын баталгааг төр хариуцаж, улсаас орон сууцаар хангах ёстой гэнэ. Тэрээр ийм байдлаар улсаас гурван ч байр авсан бололтой юм. Yүний дотор гаалийн гэх байр ордог бололтой. “Yүнийг авлигал гэж үзэхийм үү үгүй юу, Би бол авлигал гаж үзэхгүй байгаа” гэнээ. Нямдоржтоны хувьд байр майр мэтхэнийг авлига гэж үзэхгүй. Энэ нь түүний орлоготой харьцуулахад хамаагүй бага зүйл учраас авлига биш. Авлига гэдэг чинь тэрбумаас доошгүй тоотой юм байх ёстой. Тиймээс ТЭРЭЭР бараг авлигач биш. Насаараа улсад ажиллаад хэдхэн төгрөгийн тэтгэвэр тогтоолгоод түүнийгээ нэмүүлэх гэж зовж байгаа улсын дэргэд… ТЭРЭЭР авлигач мөн үү, биш үү. Набор, цэцэгхэн авдаг эмч багш нарын дэргэд тэрээр махан тэжээлт авлигачин мөн.

Бараг шударга хүн. MN-25 телевизийн захирал З.Алтай “Найз нараа больё л доо. Ц.Нямдоржоос өөр шударга хүн хаана байнаа” хэмээн дуу алдаж байх юм. Буруу сонсоогүй байгаа даа. Тиймээ тэр шударга хүн. Бусадтай харьцуулахад тэрээр харьцангуй “бараг” шударга хүн, үгүйдээ л шударга хүний дүр эсгэдэг хүн. ТҮҮНИЙ эргэн тойрондхи хүмүүстэй харьцуулахад тэр шударга хүний дүрээр товойж байвч, жинхэнэ шударга ёсны шалгуураар авч үзвэл хэр шударга вэ гэдгийг хэлэхэд хэцүү. Ц.Нямдорж сайдтан телевизээр ярихдаа өөрийнхөө шударга үнэнчийг хором бүрт л гайхаж, гайхуулж байх юм. Тэрээр бусдаасаа харьцангуй шударга байж болохтой. Гэхдээ шударга үнэний шалгуур, идеал загвар гэхэд арай л биш шиг. Хэрэв тийм шударга юм бол энэ олон жил хажуу хавирганыхан чинь авлига аваад, хууль бус зүйл хийгээд байхад юугаа хийж байсан юм бэ? Дуугүй байх эрх байгаа юм уу. “…Гүндалай чиний спиртийн хэргийг сөхнө шүү, …энэ төрд 36 муу муухай, бузар булайтай холбогдсон хүн орж ирлээ, …сэтгэлээ онгойтол ярьчихмаар л байгаа байхгүй юу, …тэгвэл би хэний ч санаанд ороогүй шийдвэрийг гаргаж чадна, …улс төр бизнесийн бүлэглэлийн эрх ашиг” гэж ярихын оронд түүний хажуугаар яагаад дуугүй яваад байсан болж байна. Хүний мөс муудлаа, хөөрхий Баатар гэхдээ түүний авлигын хэргийг мартчихсан юм болов уу.

Бараг хамгийн сайн хуульч. УИХ –ын чуулган дээр манай луг хийгээд буг парламентач Лүндээжанцан: “Ц.Нямдорж бол манай урдаа барих шилдэг хуульчдын нэг” хэмээн мэдэгдэж байх юм. Тиймээ ТЭР “бараг” шилдэг хуульч. Батлалцсан, засалцсан хуулийнхаа тоогоор ТЭР хэнийг ч дагуулахгүй Монголын “шилдэг” хуульч ажээ. Монголдоо ганц олдох хуульч учраас бүх хуулийг орондоо ч тэр онгоцонд ч тэр засч, зассан хуулийнхаа цэг таслал бүрийн төлөө ТЭРЭЭР хариуцлага хүлээхэд бэлэн хэмээн мэдэгдэж, хувьчилж, ёсчилсон хуулийнхаа ориг эхийг хувийн өмч хэмээн гэртээ хадгалдаг гэнэ. Ардчилсан төрийн хамаг хуулийг батлалцсан засалцсан хүний хувьд ТЭР бол өнөөгийн “эрх зүйт төрийн” загалмайлсан эцэг мөн. Тэгэхээр Ардчилсан засаг, МАХНам, ДОЯАМ, эрх зүйт төр энэ тэр гэдэг чинь ТЭР л байгаа юм. Монголын бараг цорын ганц “хуульч”-ийн хувьд, өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бүх хуулийг эх барилцсаны хувьд өнөөгийн эрх зүйн хямралын хариуцлагыг хүлээх ёстой хүний нэг нь ч ТЭР яах аргагүй мөн. Гэхдээ хууль зүйн ухааны доктор, академич С.Нарангэрэл бугайн үнэлснээр, “ТЭРЭЭР бакалаврын боловсролтой гэж хэлэхэд ахдахаар муу боловсролтой хуульч” ажээ.

…Элдэв хуулийг өөрөө баталж

Эцэст нь тэрнийгээ өөрөө зөрчиж

Эрүүгийн хэрэгтний сандалд сууж

Элгэн саднаараа зовлон болдог… (Р.Чойном)

Бараг хууль зөрчөөгүй. Үндсэн хуулийн цэц, Ц.Нямдоржийг үндсэн хуулийг удаа дараа зөрчсөн, хууль засварласан хэмээн буруутгаж дүгнэлтээ нэгэнт гаргасан билээ. Гэхдээ ҮХЦ энэ тэрийн шийдвэр, УИХ-ын гишүүдэд, журмын нөхдөд нь хамаагүй ажээ. Үндсэн хуулийн шийдвэр “эцсийнх” биш ажээ. Тиймээс цэцийн шийдвэрийг хэлэлцэж болно. Хэлэлцээд, нууцаар санал хураагаад Ц.Нямдоржийг огцруулах шаардлагагүй гэж үзлээ. Өөрөөр хэлбэл олонхоороо түүнийг “бараг” хууль зөрчөөгүй гэж үзэж ивээлдээ авч байгаа ажгуу. Гэхдээ ТЭРЭЭР “бараг” шударга хүн учраас өөрөө саналаараа ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгч байгаа юм. Хэрэв тэр хууль зөрчсөн бол огцруулах асуудал яригдах байсан бол “бараг хууль зөрчөөгүй” учраас түүний чөлөөлөгдөх хүсэлтийг авч хэлэлцэж түүнийг нь хүлээн авч ёсчилж байгаа юм. Үхэхдээ үхэр буугаа тавина гэж, ТЭРЭЭР “тэрэндээ хүрвэл би хэний ч санаанд ороогүй улс төрийн шийдвэр гаргах болно” хэмээн сүрдүүлж ч үзэв.

…Хэтэрхий бөх шорон барьчихаад

Хэрэг тарьж өөрөө орчихоод

Хэл мэдэхгүй адгуус гэмээр

Хэв хэрэггүй орилж цамнадаг… (Р.Чойном)

Бараг хэлмэгдсэн хүн. ҮХЦ-ийн шийдвэрийг хэт нэг талыг барьсан, улс төр бизнесийн бүлэглэлийн эрх ашигт нийцүүлж, тодорхой бүлэглэлийн захиалгаар гаргасан шийдвэр хэмээн УИХ-ын дарга тодорхой хэлсэн. Тэгэхээр, ТЭР бараг “хэлмэгдсэн” хүн. Монголчууд зодуулсан хүнийг өмөөрдөг. Тэгэхээр тэр бол “бараг хууль зөрчөөгүй”, “бараг хэлмэгдсэн”, “улс төр, бизнесийн бүлэглэлийн бодлогын золиос болсон” хүн ажээ. Энэ үйл ажиллагааг өнөөгийн ерөнхийлөгч Н.Энхбаяр түүн рүү чиглүүлж байгаа, улс төр эдийн засгийн бүлэглэл гэдэг нь ерөнхийлөгч Н.Энхбаярын бүлэглэл гэдгийг тэрээр нэгэн утгатайгаар тов тодорхой хэлсэн. УИХ дарга, ерөнхийлөгчийн явуулгын золиос ажээ.

…Өөрсөндөө эцэст нь амар заяа үзүүлэхгүй

Өөдгүй хэнхэг хүнд их эрх эдлүүлээд

Хариуд нь тэрүүндээ үе удмаараа харгислуулж

Гашуун зовлон эдэлдэг хүмүүс минь дээ, хүмүүс минь.

Энэ мэтчилэн та нар зовсоор байх юм уу … (Р.Чойном)

Бараг гэмт хэрэгтэн мөн. Үндсэн байтугай бусад хуулийг зөрчсөн бол хуулийн хариуцлага хүлээдэг. Үүнийг эрх зүйт нийгэм гэнэ. ҮХЦ шийдвэрээ гаргалаа. УИХ-ын дарга үндсэн хууль зөрчиж хууль засварласан учраас УИХ-ын даргаас огцрох ёстой. Огцроод зогсохгүй түүний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх учиртай. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлж түүний хууль зөрчсөн үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгах шаардлагатай. ТЭРЭЭР ийм хариуцлага хүлээх ёстой “гэмт хэрэгтэн” мөн. Гэмт хэрэгтэндээ тэр үндсэн хуулийг удаа дараа зөрчиж, хууль ёсыг уландаа гишгэсэн “давтан гэмт хэрэгтэн” мөн. Түүний боловсруулж, батлуулсан эрүүгийн хуулиар бол давтан гэмт хэрэгтнүүд хуулийн нэлээд хатуухан хариуцлага хүлээх учиртай. Хуулийг хууль бусаар засварласан нь бичиг баримтыг хууль бусаар үйлдсэн гэмт хэрэг мөн. Бичиг баримтыг хууль бусаар үйлдэх нь яах аргагүй эрүүгийн гэмт хэрэг мөн билээ. Хуулийн аливаа субъектийн гэмт буруутай үйлдлийг мэдсээр байж энэ талаар мэдэгдэлгүй, нуун дарагдуулсан бол энэхүү эс үйлдэл нь түүнийг гэмт хэрэгтний хамсаатан болохыг нотлох юм. Тиймээс удаа дараа, тэр дундаа Хууль Зүй Дотоод Хэргийн Яамны сайд байхдаа бусдын гэмт үйлдлийг мэдсээр байж нуун дарагдуулсан түүний энэхүү эс үйлдлийг албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн үзэж хэрэг үүсгэн шалгавал зохино. Улсын өмч хөрөнгийг удаа дараа бэлэг нэрийн дор түүнчлэн төрийн албан хаагчийн ахуйн нөхцөлийг сайжруулж байгаа явдал гэж үзэж бусдаас авч байсан нь түүнийг авлигач байж “магадгүйг” харуулах ба түүнийг авлигын хэрэгт холбогдуулан шалгавал таарна. Авсан байрандаа өөрөө суулгүй бусдад дамлан худалдсан орлогоосоо улсад төлөх ёстой татвараа төлж үү, үгүй юу, татварын алба шалгавал таарна. Татвараа төлөөгүй байвал татвараас зайлсхийсэн хэрэг үүсгэн эдийн засгийн цагдаагийн албанд шилжүүлэх нь зүйтэй. Нэр бүхий хүмүүсийг, тэр дундаа УИХ, ЗГ-ын гишүүдийг хийсэн үйлдэлтэй нь холбогдуулан удаа дараа дайрч давшилж шахаж сүрдүүлж, рекетэлж байсантай нь холбогдуулан түүнд бусдыг дарамталсан хэрэг үүсгэн шалгавал зохиолтой. ХЗХоршоодын зөвшөөрлийн ихэнхэд тэрээр гарын үсэг зурсан гэдэг. Ямартай ч одоо асуудал болоод байгаа ХЗХ-ын ихэнх нь түүнийг ХЗДХЯ-ны сайд байхад байгуулагдсан байдаг. Тэр дундаа эрүүгийн гэмт хэрэгтнүүд зөвшөөрөл аваад, дахин дахин ХЗХ байгуулаад байхад тэрээр анзаараагүй өнгөрснийг ажлын хариуцлага алдсан гэж үзэх үү, албан тушаалаа урвуулан ашигласан гэж үзэх үү гэдэг нь ч маргаантай байна. Товчоор хэлбэл Ц.Нямдорж бол Монголын нийгэмд учирсан гай гамшиг шулмын хорлол мөнөөсөө мөн, хариуцлага тооцвол зохих рецидив гэмт хэрэгтэн юм биш үү?.

 2007 оны 6 сарын 8

Posted in УЛС ТӨР, Улс төрч | Leave a Comment »