Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

2008 ОНЫ “МУУЧЛАХ” ҮЙЛ ЯВДЛУУД

Нэгэн он өнгөрч байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд оны ОНЦЛОХ үйл явдлуудыг нэрлэж зарлаж дууслаа. Тун удахгүй цагаан сар болж, мөн л хулгана жилийн Онцлох үйл явдлуудыг, хулгана жилийн алдартнуудтай зэрэгцүүлэн зарлах болно. Өнгөрсөн нэг жилийг дүгнэж цэгнэх нь зөв ч биз. Гэхдээ дандаа сайн талаас нь яриад байхаар нэг л утгагүй, худлаа, социалист агуулгатай сонсогдоод байх юм. Баяр болж байна, баярын уур амьсгалыг нураана гээд муу мэдээгээ дардаг ч биз. Шинэ он гарах гэж байна хэмээн бэлгэшээдэг ч биз. Харин зарим ТВ –үүд болохоор “Онц”-лох үйл явдал гэсэн мөртлөө ихэвчлэн хар бараан мэдээнүүдийг танилцуулж байна. Тэгэхээр тэдгээрийг ер нь “ОНЦ”-лох гэлгүй “МУУ”-члах үйл явдал гэж нэрлэвэл зохилтой мэт. Миний хувьд оны муучлах үйл явлуудыг дурдаж байгаа нь бүхнийг хараар будах гэсэндээ биш, алдаа оноогоо эргэцүүлж өнгөрснөөсөө сургамж авах гэснийх. Тэгээд ч онцлох үйл явдлуудыг хэвлэл мэдээллээр пологттол ярьж байгаа болохоор надаар л дутав гэж. Ингээд миний хувьд 2008 оны Монголын муучлах үйл явлуудад дараах үйл явдлуудыг багтаалаа. Ингээд нэлээд уламжлалт байдлаар дөрвөн хүрээнд хувааж дурдвал:

УЛС ТӨРИЙН ХҮРЭЭ

Сонгуулийн хууль. МАХН-ын дарга, ЗГ-ын шинэхэн ерөнхий сайд С.Баяр таван төгөлдөршилтийн хүрээнд сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулах санал тавьж, 2008 оны УИХ-ын сонгуулийг хувь тэнцүүлсэн хувилбараар явуулахаар санаачилсан боловч АН-ын голлох улс төрчид татгалзав. Ардчилагчид олон жилийн турш үглэн дуулаад байсан боловч МАХН-ыг санаачлангуут нь жадлан эсэргүүцэж хүлээж аваагүй явдлыг муучлах үйл явдлаар нэрлэж байна. Тиймээс Ц.Нямдоржийн засварласан, хүчин төгөлдөр эсэх нь тодорхойгүй, яаж ч бодсон мөнгөтэй болоод хууччуулд ашигтай, хоёр намд давуу боломж олгосон, хүнд хэцүү томсгосон тойргийн хувилбараар сонгууль явахад хүргэсэн билээ. Үүнээс улбаалан олон олон муу үйл явдлууд шил дараалан хөвөрсөн юм. Хамгийн гол нь эрх мэдлийн төлөө улайрч сонгуульд ялахыг хүсэж байгаагийн хувьд ардчилсан ч бай хувьсгалт ч бай ялгаагүй, нам л юм болохоор сонгуулийн хуулийг өөрт ашигтай хувилбараар батлахын төлөө улс төржицгөөдөг болох нь батлагдав. Улс орны эрх ашиг, ардчиллын зарчим, тэгш эрх, эрх чөлөө, сонгох сонгогдох эрх, эрх зүйт төр энээ тэрээ бол урдаа барьсан халхавч самбай төдий зүйл ажээ.

Сонгуулийн амлалт. Өмнөх парламентийн үеэс эрчээ авсан хавтгайруулсан халамжийн бодлогын үргэлжлэл болгож буян амалж бурхад далласан амлалтын бодлого моодонд оров. АН-ын “Эрдэнийн хувь” –Иргэн бүрт 1 сая төгрөг олгох амлалтын үнийг цохиж, МАХН “Эх орны хишиг” нэртэй 1,5 сая төгрөгийг амаллаа. С.Баяр, “1 сая төгрөгийг ямар үндэслэлээр яаж өгөх гээд байгаа юм бэ, тооцоо судалгаа хийсэн юм уу?” гэж үгүйсгэж байснаа хэдхэн хоногийн дараагаар “Бүрэн бололцоотой зүйл” хэмээн бардамнаж, амнаасаа том амлав. Хэдийгээр энэхүү амлалтыг нь мөрийн хөтөлбөрт нь тусгагдаагүй, хууль бус гэхчлэн эсэргүүцсэн ч бөх нүүртэнгүүд гүрийсээр амласаар сонгуульд орж явчихсаныг 2008 оны муучлах үйл явдлаар нэрлэж байна. Энэ амлалтын мөнгөн дүн нь 2008 оны Монгол улсын Дотоодын нийт бүтээгдэхүүнтэй бардаагаар тэнцэх бөгөөд өртөг нь Монгол улсын Үндэсний аюулгүй байдал хийгээд, тусгаар тогтнолтой ч дүйж мэднэ. Үүнээс үүдэн гарах хортой хийгээд, муу үр дагавруудыг төсөөлшгүй бөгөөд бодохоос гол харламаар.

Эрийн цээнд хүрсэн нам. АН-ын дарга Ц.Элбэгдорж (тухайн үед), “АН байгуулагдаад 18 жил болж байна, АН бол эрийн цээнд хүрсэн нам” гэхчлэн донгодов. Ингэж хэлж байхдаа тэр ялалтынхаа мөрөөдөлд автчихсан, бараг итгэчихсэн сэрүүн зүүдэлж байлаа. Тиймээс ч АН, сонгуульд хэнтэй ч эвсэхгүй, дангаараа оролцоно хэмээх хатуу байр суурийг баримталж, өөрөөсөө бүгдийг түлхсэн. Ц.Элбэгдорж, ялалтдаа хатуу итгэж, итгэл төгс, эрч хүчтэй, хатуу байр суурьтай, шийдэмгий байсан ч, уран гоё жиргэж байсан ч дайварт нь муу улс төрч, тааруухан дипломатч болохоо батлан харуулав. Яг ийм нөхцөл байдалд М.Энхсайхан хоёр удаа сонгууль удирдаж, хоёуланд нь Эвсэл байгуулж, хоёр ч удаа сонгуульд амжилт байгуулсан байдаг. Эрийн цээнд хүрсэн нам далаараа цэвэр тавиулж сонгуульд ялагдсан явдлыг ардчилагчдын нялхсын өвчин байсан хэмээн 2008 оны муучлах үйл явдлаар нэрлэж байна. Хэрэв Элбэгээ ингэж ихэрхээгүй бол, Элбэгээ жаахан алсыг харсан бол, Элбэгээ илүү ухаантай туршлагатай, зальтай байсан бол, Элбэгээг ингэж хөөрхөн хошгируулж молигодоогүй бол Сонгуульд амжилт гаргаж болох ч байсан юм билүү?

Луйврын сонгууль. Энэ жилийн сонгууль урьд хожид дуулдаагүй, бохир заваан, луйвар булхайн дунд болж өнгөрөв. Хэн илүү булхайцсан, хэн увайгүй байсан нь, хэн илүү хууль зөрчсөн нь, хэн мөнгөтэй, илүү их мөнгө цацсан нь сонгуульд ялалт байгуулж байлаа. Нэр дэвшигчид хавтгайдаа хууль зөрчиж, хуугаараа булхайцав. Сонгуульд хэн булхайцсан бэ гэдгийг тодруулснаас хэн булхайцаагүй, луйвардаагүй вэ гэдгийг тодруулсан нь илүү амар бизээ. СЕХ гэж дураараа байгууллагын зоргоороо дарга хүссэнээрээ будлиулж дураараа тонгочив. Сонгуулийг яаж завааруулж болохыг үлгэр жишээгээр харуулав. СЕХ-нд эрх мэдэл өгвөл, УИХ, ЗГ болоод ерөнхийлөгчийг яаж хүчгүйдүүлж, үнэгүйдүүлж болохыг харуулав. УИХ-ын гишүүд СЕХ-ны өмнө хэн ч биш болохыг батлан харуулав. 2008 оны УИХ сонгууль нь цаашид ч олонтаа дурсагдах муу сонгууль болсон учраас түүнийг 2008 оны муучлах үйл явдлаар зүй ёсоор нэрлэж байна. Хуулийг хэрхэн завхруулж, гажуудуулж, улмаар ямар ч хариуцлага хүлээхгүй, харин ч хууль батлагчдыг нь баалж, бурууг чихэж сууж болохыг харуулав. Тэд ч дээ чааваас өөрөөр байж чадахгүй, ингүүлэхдээ таарсан улс аж.

7 сарын 1. Бас л С.Баяраас эш татъя. “Онц байдал л гэнэ. Ямар юмных нь онц байдал байх вэ дээ. Угтаа бол их л онцгүй нөхцөл байдал юм шүү дээ” хэмээн цэцэрхэж философидож байсан бичлэг нь хадгалагдаж үлджээ. Түүний хэлсэн хийсэн олон үг өгүүлбэр, үйлдэл, баримт болон үлдсэн болохыг үл өгүүлэн цааш өгүүлэх нь. 7 сарын 1-ний нийтийг хамарсан эмх замбараагүй байдал… Харж байгаа биз, Хүн болгон тэр үйл явдлыг одоо ингэж л нэрлэж байгаа. Нийтийн гэдэг чинь их л олон хүнийг хамарсан эзэн биегүй, нөгөө талаас ихээ бодитой эзэнтэй, оролцогчид нь бүгдээрээ буруутай, нөгөө талаас буруугүй гэсэн үг ажээ. Харгис хатуугаараа алдартай Нямдорж сайдтан хүртэл, “гол зохион байгуулсан өдөөн турхирсан буруутай эзэд ард нь үлдчихээд, буруугүй баахан хүүхдүүд шоронд орчихлоо шүү дээ” гэхчлэн ТВ-ээр ярьж билээ. 7 сарын 1 бол нэг талаас бухимдсан олны бухимдлын илрэл, нийгмийн сэтгэл зүйн тэсрэлт, төр засгийн арчаагүйн баталгаа байлаа. Нөгөө талаас төрийн эрхийн төлөө юу ч хийхээс сийхгүй, юуг ч золиослоход бэлэн шийдчихсэн улс төрчдийн хатуу тоглоом, шатрын нүүдэл байлаа. Энэ үйл явдлыг оны муучлах үйл явдлаар зүй ёсоор нэрлэж байна. Ийм явдал гаргуулахгүй байж болох байсан. Гэвч гаргуулахаар барахгүй, гараа хумхиж суусаар дэвэргэсэн. Ийм зүйл болохыг байтугай, МАХН-ын цагаан байшин шатахыг зарим хүн урьдчилан мэдэж байсан болтой байдаг. Тодорхой хүрээнд цагдаагийн бие бүрэлдэхүүн албан ажлаасаа яг энэ үеэр чөлөө авч, энэ аюулыг тойрсон, яг урьд шөнө нь төрийн ордныг тойруулан хаалт бариулсан гээд сэжиглэх олон баримт бий. Энэхүү 7 сарын 1-ний муу дээрээ муу, оны байтугай хамгийн муучлах үйл явдал нь санамсаргүй зүйл огтхон ч биш, харин ч санаатай, эрх баригчдын зүгээс дэглэсэн жүжиг байж болох талаар олон таамаг нийгэмд хэсүүчлэн явж байна.

Төр иргэдээ буудав. Сонгуулийн будлианаас үүдэлтэй эмх замбараагүй явдлыг зохицуулж чадаагүй төрийн цагдаа нар иргэд рүү гал нээж, албан ёсны тоогоор 5 хүний аминд хүрэв. Хэвлэлээр гарсан зарим мэдээллээр бол хар машинтай цагдаа нар иргэдийг хөөж, гэрэлтүүлж, бараг л агнаж байсан гэдэг. Хүмүүнлэг иргэний нийгэм байгуулж байгаа эрх зүйт төртэй чөлөөт ардчилсан Монгол улсад эрх чөлөөт иргэдийнхээ амьд явах эрхэд төр нь халдав, амийг нь егүүтгэв. Ингэхээр чинь МАХН-ыг алуурчдын нам гэхгүй яах юм бэ? 32 оны самуун, 37 оны хядлагаас хойш төр иргэд рүүгээ ингэж илэрхий буу шагайгаагүй болов уу. Цагдаагийн газрын дарга нь байлдааны буу зэвсэг тавьж олгоогүй гэх мөртлөө, буцааж тоолж хурааж авсан акт нь байгаа гэхчлэн орооцолдсон зүйлийг УИХ-ын танхимд ярьж байлаа. 5 иргэн амь насаа алдсан гэх боловч, өөр хичнээн хүн нас барсан болохыг одоо хэн ч баримттайгаар хэлж чадахгүй болжээ. Баттай эх сурвалжийн мэдээгээр шархадсан хүмүүсийн тоо 30 холоо гараад явчихсан гэдэг. Манай төр үхсэн алсанаа байтугай амьд байгаагаа ч тоолж чаддаггүй юм. Буудуулсан шархадсан иргэдийн дотор хүүхэд эмэгтэйчүүд байсныг эрх баригчид тас нуулаа. Эгээ 37 он шиг. Энэ удаад азаар жирэмсэн эмэгтэй өртсөнгүй, хохирсонгүй. Төр иргэд рүүгээ буудсан энэ үйл явдлыг 2008 оны байтугай МУУЧЛАХ үйл явдлаар нэрлэж байна. Цаашид ч нэрлэх болно. С.Баярын Засгийн газрын үед цагдаа нь иргэд рүүгээ гал нээж 5 хүний амь нас хохирсон явдал түүхийн гашуун сургамж, ардчиллын хар толбо болон үлдэнэ. Бусад нь юу ч үгүй мартагдана. Дүгнэвэл С.Баяр азтай ерөнхий сайд огтхон ч биш, ёстой азгүй ерөнхий сайд, намын байраа шатаалгачихсан өөдгүй намын дарга болж түүхэнд нэр нь үүрд мөнхрөх бизээ.

247 иргэнээ яллав. 7 сарын 1-ний үймээнд оролцсон хэргээр иргэдийг олноор нь хэрэгтэн болгов. Хэргийг арав арваар нь багцалж, бөөндөж, нэгдсэн журмаар, зохион байгуулалттайгаар хаалттай хуралдаж, бодлогоор хүнд ял оноов. 3 чулуу шидсэн гэж хэрэг тулган хүлээлгээд 3 жилийн ял өгчээ. 14 тэрбумыг луйвардсан хүнд 10 жил өгч байна. Дүйцүүлбэл нэг чулуу 4,2 тэрбумын үнэд хүрчээ. Эмх замбараагүй байдал бий болгосон, өдөөн турхирсан гэх боловч нийтийн самуунд ухамсаргүйгээр автагдсан хүүхэд залуучууд хохирчээ. Нямдоржийн хар хууль чухам үүнд зориулсан юм шиг үйлчилж байна. Түр саатуулсан гэх нэрээр шоронд хоригдсон иргэдийн эрх бүх талаар зөрчигджээ. Хүний Эрхийн Комис, хүний эрх огтхон ч зөрчигдөөгүй гэхчлэн хариуцлагагүй мэдэгдэл хийгээд сууж байлаа.  МАХН байраа шатаалгасныхаа хонзонг тайлах мэт хатуу шийтгэлийг оноож байна. Энэ явдлаар далимдуулан нийгмийг айдаст автуулах гэж буй мэт харгис хатуу шийтгэж байна. Хүчирхийлэл хүчирхийллийг төрүүлдэг гэдэг. Үүний хортой үр дагаврыг урьдчилж тооцоолох аргагүй бөгөөд нийгэмд ихээ хор уршигтай, урхаг архаг буглааг үүсгэлээ. Иргэд нийгэмдээ, төр засагтаа өширхөж эхэлж байна. Үүний хариуцлагыг хэн хүлээх нь тодорхойгүй.

Иргэний хөдөлгөөнүүд унтрав. Сонгуульд амжилт гаргаж чадаагүй Иргэний хөдөлгөөний лидерүүд 7 сарын 1 –ний хэрэгт сэжиглэгдэн баригдаж хоригдов. Баригдаагүй нь ч дуугаа хураажээ. Цор цор гэсэн болгоныг барьж хорьж, дарж дарамталж байна. Сонгуульд луйвардуулж, сонгогчдод итгэлээ алдсан, урам нь хугарсан дээр нь гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, өмчийг нь битүүмжилж, нэр төрийг нь гутааж байна. Лидерүүдийг нь дарамталж айдаст автуулахтай зэрэгцэн иргэний хөдөлгөөнүүд дарагдаж унтарлаа. Бүтэн 5 жил тэмцсэн иргэний хөдөлгөөнүүдийн тэмцэл зогсонги байдалд орж нэгэн цикл нь дуусч байх шиг байна. Иргэний хөдөлгөөнүүдийг дарах далд давхар санаа ч байгаа бололтой. Тэдний амыг хамхиж байгаад эвслийн нэртэй засгийн газар, эвссэн гэгдэх хоёр нам, Эх орноо хувааж худалдах, хувьдаа завших далд санаархлаа хэрэгжүүлж эхлэх нь. Өнгөрсөн бүх бурууг Иргэний хөдөлгөөнүүд дээр овоолов, булав. Тэд л чухам Засгийн эрхийг барьж байсан бололтой. УИХ, Засгийн Газар чинь ямар ч эрх мэдэлгүй, de facto иргэний хөдөлгөөнүүдэд санаачлагаа алдаж төрийн эрхийг шилжүүлчихсэн юм аятай зүйлийг өнөөдөр ярьж байна. Иргэний хөдөлгөөнүүд унтарч, эрч хүч нь суларсан явдлыг 2008 оны муучлах үйл явдлаар нэрлэж байна. Гэвч Иргэний хөдөлгөөнүүд бүр мөсөн дарагдсан гэсэн үг биш. Дараагийн давалгаа шинэ эрч хүчээр давалгаалах нь гарцаагүй. Тэр үед эрхэм эрх баригчдын яахыг харин харах юм хуна.

Стандарт бус Засгийн газар. МАХН амжилтандаа хэт итгэлтэй байлаа. Сонгуулийн дүн гарах байтугай зарим газар тоолж эхлээ ч үгүй байхад тэд амжилтаа тэмдэглэж, цэцэг барьж эхэлсэн. Тэд дийлэнх олонхийн суудлыг авсан боловч харин засгийн эрхийг дангаар барихаас татгалзав. Үүнийгээ стандарт бус нөхцөл байдалтай холбон тайлбарлаж, хамтдаа улс орноо үсрэнгүй хөгжүүлэхийн тулд хэмээн ухуулав. Болтугай, болтугай. МАХН-ын сонгуулийн нэг мессеж нь “БАЯРЫГ БАГААР НЬ” гэж байлаа. Баярын баг нам дамнасан баг байжээ. Стандарт бусдаа ч биш. Нам дамнасан Баярын баг байгуулагдах нь гэдгийг Оросууд Монголчуудаас ч өмнө мэдэж байснаар барахгүй хэвлэл мэдээллээр нь 7 сарын 2-ны өдөр хамтарсан ЗГ байгуулагдах гэж байгааг бичсэн байлаа. Баярын шийдвэрийг Оросууд мэдэж байв уу, Баяр Оросуудын шийдвэрийг дагав уу? Ер нь Баярын багт нам дамнасан олиггүйчүүд цуглажээ. С.Баярын байн байн хэлээд байсан “хатуу хариуцлага тооцно” гэсэн жинтэй үгийн үзүүр улс төрчид рүү биш иргэд рүү чиглэсэн байж. Стандарт бус ЗГ-ын сайдууд нь ч стандарт бус байдаг аж. ЗГ-т багтах нь байтугай, худагтай газар байх учиртай муу нэртэнгүүд элбэг арвинаар шинэ засгийн газрын бүрэлдэхүүнд оров. Үүнийг нь харин стандарт бус ЗГ гэж нэрлэх нь нэн тохиромжтой юм. Тиймээс энэхүү стандарт бус ЗГ-ыг 2008 оны муучлах үйл явдлаар нэрлэхээс өөр арга алга даа. Угаасаа С.Баяр Ерөнхий сайд болсон явдал нь ч муу үйл явдал. Монгол улсын түүхэнд хоёронтаа ерөнхий сайд болж байсан тохиолдол бий ч дараалан улираан Ерөнхий сайдаар сонгож байсан удаа үгүй. Тэр тусмаа ийм их алдаа завхрал гаргаж, нийгмийн хөгжлийг ухрааж, Монгол улсын нэр хүндийг олон улсын тавцанд унагаасан, чадваргүй нь тодорхой хүнийг улираан томилсон нь энэ бүх стандарт бус буруу замаар будаа тээсэн шил дарсан олон шийдвэрийн эхлэл нь юм даа. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ-ын гишүүд ЗГ-т орж ажилладаг болсон жишгийг энэ засгийн газар тойрсонгүй дайрав. Засаглал хуваах зарчим алдагдаж, төр засгийн хямрал гүнзгийрэв. Засгийн газар нь УИХ-даа агуулагдаж, хяналтаас гарсан байдлыг өөгшүүлж, сөрөг хүчин нь эрх баригчиддаа дагаар орон ууссан энэ үйл явдал нь өнөөгийн монголын засгийн газрыг хяналтаас гаргаж, Зөвшилцөл бол фашизм гэх үгийг дахин баталж байна. Хяналтгүй, стандарт бус, эвслийн нэртэй үгслийн ЗГ нь яах аргагүй 2008 оны муучлах үйл явдал мөн. Энэ ЗГ хэр удаан тэсэх нь харин өөрөө асуудал шүү.

Сөрөг хүчин мөхөв. Гадасынхан Баярын ЗГ-т орсноор намынхаа нэр хүндээр дэнчин тавилаа. Хамтарсан ЗГ нэрээр ЗГ- т тавих хяналтыг албан ёсоор устгав, хэдэн сайдын суудлаар арилжив. Сөрөг хүчин гэж байхгүй учраас АН гэж ярихад ч хэл ам эвлэхээргүй болов. АН ялагдсан чигтээ, хяналтаа тавиад явсан бол нэр хүнд нь өсөж Монголын улс төрийн тэргүүлэх хүчин болох алтан боломжийг албан тушаалд дурласан хэдэн адгийн шаар наймаалчихлаа. Ингэснээр АН сонгогчдын нүдэн дээр үнэн арчаагүй адгийн байдалд орж, сонгогчид дур нь гутжээ. АН –ын нэр хүнд сэргэх, цэвэршихийн тулд энэ гутамшгаасаа салах ёстой бөгөөд үүнд доод тал нь хоёроос дөрвөн жил хэрэгтэй. 8 сарын 14-ний өдөр Монгол улс олимпийн аваргатай болох тэр агшинд хуйвалдаж байсан адгийн шаарууд талбай дээр согтуу гарч ирсэн билээ. Хэрвээ сайн анзаарвал тэнд согтуу хашгирч байсан нөхдүүд одоо гол дүрд тоглоод байгааг харж болно. Гадасын луйварчид ЗГ-т орсноор дан ганц АН-ын нэр хүндийг шившигт хутгаад зогссонгүй, монголын ардчилсан хүчнийг тамирдуулав. Иргэдийн ардчилсан нам, ардчилсан хүчнүүдэд итгэх итгэлийг унтрааж, урмыг мохоов. Ардчиллын үйл явц, ололт амжилтыг хэдэн жилээр хойш татлаа. Ардчилсан хүчний уналтыг 2008 оны муучлах үйл явдлаар нэрлэж байна.

Зөвшөөрөлгүй жагсаал. Энэ удаад цагдаа жагсав. Дүрэмт хувцастайгаа, мөрдэсээ гялалзуулан жагсав. Цэрэгжсэн улс болохоор зохион байгуулалт сайтай, юунаас ч үл шантарч, ухарч няцашгүйгээр, мөр зэрэгцэн, эгээ л хөл тавьж парад хийлгүйгээр жагсав. Тэд ч бас хүн юм болохоор жагсах цуглах, эвлэлдэн нэгдэх, үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй л байлгүй яахав. Гэхдээ тэд зөвшөөрөл авсан болов уу? Зөвшөөрөлгүй жагсаал цуглаан хийлээ хэмээн бусдыг чирч гулдран баривчилж, бороохойдож, буудан тараадаг улсууд өөрсдөө зөвшөөрөл мөвшөөрөл гэлгүй цуглаан хийж, их жанжныхаа талбайд жагсаж байлаа. Дүрэмт хувцастайгаа жагсаж байна гэдэг нь албан үүргээ гүйцэтгэж байхдаа жагсаж байсан болж таарлаа. Үүнийг нөгөө талаас нь харвал тэд зүгээр л ажил хаясан байна гэж ойлгож болно. Энэхүү цагдаагийн жагсаалыг зүй ёсоор 2008 оны муучлах үйл явдлаар нэрлэж байна.
Гаднаас нь харахад хэдэн цагдаа л жагсаж байгаа юм. Нарийвчилж сайтар шинжилбэл төрийн институцүүдийн хоорондын үл ойлголцол, мөргөлдөөний эх нь тавигдаж байна. Энэ нь төр чадваргүй байгааг харуулаад зогсохгүй, төрийн замбараагүйдал, мухардал задралын илрэл юм. Төрийн механизм гацаж, жам ёсоороо ажиллаж чадахаа байж, одоо хэн олон хүнтэй жагсаж чадсан нь, эсвэл хэн чанга дуугарсан нь дийлэх болох нь.
Хэдэн цагдаа жагсахад л хэн ч юу ч хийж чадахгүй бууж өгч байна. Цагдаа цаашлаад энэнээс илүү шаардлага тавихгүй гэх баталгаа бий юу, тэр үед хэн тэднийг зогсоох юм бэ? Латин Америкт, Африкт цэргийн түрүүч нар л цэргийн эргэлт хийдэг бол манайд цагдаагийн хурандаа л төрийн эргэлт хийж чадах юм байна. Тиймээс төрийн цагдаа нь төрийнхөө эсрэг анх удаа жагссан энэ үйл явдлыг 2008 оны муучлах үйл явдлаар нэрлэж байна.

Согтуу жагсаал. Монголчууд олимпийн аваргатай болов. Сүхбаатарын талбайд энэ баяраа тэмдэглэхээр иргэд олноороо цуглажээ. Хүмүүс цуглахаа хүрэхээр хэнээр ч албадуулалгүй цугладгийг энэ удаагийн цуглаан батлан харууллаа. Байз гэхдээ, цуглаан хийх зөвшөөрөл авсан хүн байгаа болов уу? Олимпийн аваргын барилдаан ажлын цаг дууссан хойно болсон. Тэгэхээр ажлын цаг дууссанаас хойш хэн ч цуглаан хийх зөвшөөрөл авч амжаагүй байх. Хэн ч зөвшөөрөл аваагүй, зөвшөөрөл өгөөгүй бол энэхүү цуглаан нь хууль бус цуглаан болж таарах уу? Хууль бус цуглаан хийсэн хэргээр Арслан, Саруул нар баригдаж хоригдсон жишгээр бодвол цуглаанд оролцсон хүмүүс бүгд хууль зөрчигч болж, баригдах буруу хэрэг хийсэн болноо доо. Түүн дотор Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, АН-ын дарга, УИХ-ын дарга, Нийслэлийн захирагч ч багтана. Гэхдээ Нийслэлийн захирагч өөрөө энэ цуглаанд оролцож байгаа болохоор амьд зөвшөөрөл болж байгаа юм болов уу? Тэр өөрөө өөртөө, эсвэл Сүхбаатар дүүргийн засаг даргад үзүүлэх амьд зөвшөөрөл. Тэд зөвшөөрөл олгох илүү эрхтэй учраас зөвшөөрөлгүй ч гэсэн цуглаан хийж болдог юм болов уу?
Цуглаанд олон “согтуу иргэд” оролцож бүр үг хэлцгээв. Үг хэлсэн хүмүүсийн дотор хууль тогтоогчид, хуулийг хэрэгжүүлэх учиртай яамны сайд, хуулийн бэлгэдэл нар байлцсан учраас хууль тэдэнд үл хамаарах ажээ. Хууль тогтоогч, хууль хэрэгжүүлэгч нар хуулийг зөрчиж болдог юм болов уу? Хууль сахиулах учиртай цагдаа нар нь ч гэсэн тэдний энэхүү үйлдлийг хараагүй юм шиг өнгөрүүлж, “баримтжуулалгүй” үлдээв. “Согтуу иргэд” үг хэлээд зогсохгүй бусад “согтуучуудаа” үг хэлэхийг уриалан зарлаж, хууль бус зүйл хийлгэхээр “өдөөн турхирав”. Хууль шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй ч, ТЭД халдашгүй дархан эрхтэй хүн бишүүд учир хамаагүй. Харин “согтуу иргэдийг” баривчилж эрүүлжүүлээгүй цагдаа нар л буруутай.
“Согтуу” иргэн “согтуу” иргэнээ “Монгол улсын ерөнхийлөгч Н.Энхбаяр үг хэлнэ” хэмээн зарлаж барьж өгөөд байхад ч цагдаа тоосонгүй. “Согтуу” иргэн өөрийгөө “Би Монгол улсын ерөнхий сайд Баяр, УРА!” хэмээн хашхирч илчилсэн ч цагдаа нар тоосонгүй. “Согтуу” иргэн өөрийгөө “би азтай ерөнхийлөгч” гэхийн сацуу “согтуу” иргэдээ “Баяр бол азтай ерөнхий сайд”, “Лүндээжанцан азтай УИХ-ын дарга”, “Элбэгдорж азтай АН-ын дарга” хэмээн хуруугаараа зааж чичилж байгаад тодруулсан боловч цагдаа тоосонгүй.
“Согтуу” иргэн төрийн далбаа намируулж, гараараа занган зоригжуулж элдэвлэх явцдаа хөл дээрээ тогтохгүй уначих гээд байх тул араас нь нэг хүн алдалгүй тэвэрч, согтуу гэдгийг нь олон түмэнд бүр илчилж барьж өгөв. Тэрээр өөрөө ч дутахгүй дүвчигнэж Төрийн дууллынхаа үгийг мэдэхгүй мөртлөө, дагаж хашхирч, буруу өнгөөр мөөрч дуулмаглав. Ерөнхий сайд нь төрийн дууллаа мэддэггүй ажээ. Нэг минутад амнаасаа гаргадаг үгийнхээ тоогоор Монголдоо тэргүүлдэг, уран илтгэгч, цаас харж ярих нь битгий хэл нэг ярьснаа давтаж ярьж үзээгүй шилдэг лектор амьдралдаа анх удаа цаас харж шагайж байгаад төрийн дууллаа дуулав. Монгол улсын хошой ерөнхий сайд асан тэрээр төрийнхөө дууллыг мэддэггүй ажээ. Төрийн дууллыг шинэчлэн засварлагч маань харин Төрийн дууллын ремиксийг зохиогчийн хувьд эхний бадгийг ээрч мууралгүй, цаас шагайлгүй, зөв дуулчихав.
Эдгээр “согтуу иргэд” төрийн албан хаагчид байх өндөр магадлалтай бөгөөд аягүй бол ажлын байран дээрээ архидан согтуурсан байж болзошгүй. Яагаад гэвэл тэднийг албаны хувцастайгаа байхыг миний энэ муу хоёр цэхэр нүгэл хурааж харсан билээ. Хэрэв тэд ажлын байран дээрээ архидан согтуурсан бол Ерөнхийлөгчийнхөө зарлигийг зөрчсөн болж таарч байна. Зарлиг гаргагч өөрөө дунд нь байхыг бодвол зарлигаа цуцалсан байж ч болох талтай юм. Зарлиг цуцлагдсан эсэхийг туршиж шалгаж үзэх нь үүнийг сараачигчид ихээхэн эрсдэлтэй алхам болохын учир шалгаж үзэх боломжгүй. Эсвэл зарлиг гаргагчтай цуг байж, зарлиг гаргагчийн дэргэд зарлигийг нь үл хэрэгсэж болдог ч байж болох л юм. Зарлигийн дор тойгтнууд л сөхрөх учиртай болохоос төрчингүүдэд хамаагүй. Энэхүү согтуу жагсаалыг 2008 оны муучлах үйл явдлаар нэрлэж байна.

Үргэлжлэл бий…

Үүнийг уншигч та ч гэсэн нэмж болно.
2008 оны 12 сарын 30 -аас 2009 оны 1 сарын 9

One Response to “2008 ОНЫ “МУУЧЛАХ” ҮЙЛ ЯВДЛУУД”

  1. Suvd said

    Bolod erxemiin amriig ailtgaya. Saichlax taluudiig bas neg ungiiguud uzeerei l dee. Magadgui bid delxiin xemjeenii xamgiin olon gaviyatnuudtai ene jil l bolson.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: