Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

Posts Tagged ‘Оюутолгой’

ОЦЕОЛЫН ГАРЫН ҮСЭГ

Posted by bolod on October 23, 2011

Английн нэрт зохиолч Томас Майн Ридийн зохиолуудыг хүүхэд байхдаа их уншдаг байж билээ. “Зоригт анчин бүсгүй”, “Морь унасан толгойгүй хүн”, “Цагаан бээлий”, “Хурлийз бүсгүй” гээд л. Тэр дундаа “Оцеола баатар” нэрээр орчуулагдан гарсан, америкийн уугуул семинол овгийн индиан Оцеолын тухай номыг мөн ч олон удаа уншсан санагдаж байна.

Зохиолын хэсгээс сонирхуулъя:

“…Өгүүлэл маань үнэндээ түүхийн баримт дээр тулгуурласан учраас Флоридын өнгөрсөн түүхийн талаар хэдэн үг дурдъя. …1821 онд Испанийн далбаа Сан Аугустино, гэгээн Марксын цамхаг дээр намирахаа болиод, Америк тив дэх сүүлчийнх нь эзэмшлийн нэг болох энэ үзэсгэлэнт нутгийг захирах эрхээ алдсан юм. …Гэвч байлдан олсон эх нутгаа удаан хугацаагаар эзэмших хувь индианчуудад олдсонгүй. Цагаан арьстны өөр нэг үндэстэн, тэдэнтэй эр зориг, хүч чадлаараа тэнцүү улс умард зүгээс довтолж эхлэхэд, эрт орой хэзээ нэгэн цагт өөрсдөө ухарна гэдгийг индианчууд ойлгосон юм. Зэвхий царайт засгийн эрх баригчидтай нэг мөргөлдөөд авчээ. Индианчууд ялагдаж, өмнө зүг нутгийн төв хүртэл түрэгдсэн юм. Гэвч энд халдашгүй эрхийн гэрээ байгуулав. Гэрээг ёслол төгөлдөр гүйцэтгэж, газар нутгаа эзэмших эрхийг ёслол төгс тангараг өргөн баталснаар Семинол овгийнхон сэтгэл хангалуун үлдсэн аж. Read the rest of this entry »

Advertisements

Posted in Дуртай ном, Uncategorized | Tagged: | 6 Comments »

ХУУЧИН ТҮҮХ

Posted by bolod on October 12, 2011

Монгол орон зах зээлд дөнгөж шилжиж эхэлж байх үед, хойд дэнжийн мянгын зах Монголчуудын амьдралд чухал үүрэг гүйцэтгэж билээ. Дэлгүүр лангуу хоосорч, бараа хомсдоод, үйлдвэрүүд хаагдаж хувьчлагдаж, үйлдвэрлэл зогсож, ажилгүйчүүдийн эгнээ тэлж, сургууль соёл төрийн албанаас олонх нь дайжиж, нийтээрээ зах руу төвлөрсөн байлаа. Олон хүний ажлын байр нь дэнжийн мянгын зах болж, олон өрхийн орлогын эх үүсвэр нь зах дээр наймаа хийх явдал болж, олонх худалдан авагчид зах дээрээс худалдан авалт хийдэг болсон байв. Тэр үед нэг ийм түүх яригддаг байж билээ. Хүн бүр мэднэ дээ. Read the rest of this entry »

Posted in Жишлэг | Tagged: | Leave a Comment »

ТВ ХОР

Posted by bolod on March 30, 2010

Өнгөрсөн хагас сайны (3 сарын 27-ны) өглөөгүүр, өглөөгүүр ч гэж дээ бага үдэд, ТВ эргүүлж суутал зарим ТВ-үүдээр яг адил нэвтрүүлгийг нэгэн зэрэг нэвтрүүлж байх юм. Энэ ямар чухал үйл явдал болж одов гээд хартал Оюутолгойн логотой байна. Би бүтэн үзээгүй, төгсгөлөөс нь хараад төрсөн сэтгэгдэл гэвэл:

Read the rest of this entry »

Posted in Хэвлэл мэдээлэл | Tagged: | 4 Comments »

ТӨМӨР СОРУУЛ

Posted by bolod on November 30, 2009

Александр Бекийн бичсэн “Волоколамскийн их зам” гэж зохиол бий. Би эх орны дайн, дэлхийн хоёрдугаар дайны тухай олон л ном зохиол уншиж байсан. Үүн шиг гайхамшигтай ном өөрийг мэдэхгүй. Дайн гэж чухам юу болох талаар тэндээс л хамгийн гүнзгий ойлгож мэдэрсэн дээ. Мундаг тагнуулч, хатан зоригтон, эх орончийн талаар бичсэн олон зохиолуудаас энэ ном эрс ялгардаг. Домог болсон генерал Панфиловын тухай ном юм шиг мөртлөө, гол баатар нь тэр биш, түүний двизийн нэгэн батальон захирагчийн тухай. Дэслэгч Момыш-Улы болон генерал Панфилов хоёрын харилцаа, тэд хамтдаа тулалдааны шинэ тактик хэрхэн боловсруулж байгаа нь надад Москвагийн төлөөх тулалдааны мөн чанарыг ойлгуулсан гэж болно. Энэ номыг уншсаны дараа, Орос улс хөгжиж шалиагүй, дэд бүтэц байхгүй, байгалийн саад бэрхшээл нь хэвээрээ онгон дагшин байсан зэрэг нь Гитлерийн германы Цахилгаанчилсан дайны төлөвлөгөөг тасалдуулахад тусалсан юм байна гэж ойлгосон. Read the rest of this entry »

Posted in Uncategorized | Tagged: | 2 Comments »

САХИЛ ХҮРТЭЭД ШАЛ ДОРДОНО

Posted by bolod on November 12, 2009

Ийм нэг хууч яриа байдаг. Хууч ч гэж дээ, бодитой юм гэсэн. Олон нялх нойтон хүүхэдтэй, хүн бүл тааруу хөдөөгийн нэгэн новширсон айлын том хүү нь зайлуул дагавар юм байж. Сэлээгүй өмсдөг дээлтэй, халаагүй хонины ээлжтэй байж. Өвлийн хүйтэн, хаврын хавсарга, зуны халуунд ч ялгаагүй өдөржин хонинд явж явж орой гэртээ ирээд хувь болгон аяганд нь хийж тавьсан хүйтэн нойтон хоолыг идсэн болоод унтдаг байж. Ах нь юм болохоор ажилд дарагдаж, дүү нараасаа дутуу гуцуу идэж баахан шоовдордуу өсөж байгаа том хүүгээ өрөвдөөд ээж нь нэг өдөр хэрэг болгон зөвхөн том хүүдээ зориулан бууз хийж, аяга дүүргэн тавьжээ. Орой болж, хонио хотлуулаад орж ирсэн хүүдээ ээж нь аяга дүүрэн буузаа ид хэмээн өгтөл, хүү учир зүггүй гомдоллон уйлж гарчээ. Яав ийв миний хүү гэтэл, “Надад ийм их бууз тавьсан юм чинь та нар өөрсдөө ямар ихийг идсэн бол” гээд л улам ихээр асгаруулан уйлсан гэдэг. Read the rest of this entry »

Posted in Бачимдал | Tagged: , | 4 Comments »

ДӨРВӨЛЖИН БУРАМ

Posted by bolod on October 31, 2009

Домогт өгүүлэх нь:

Өдгөөгөөс зуу илүү жилийн тэртээ Гандангийн лам нар, хятадын пүүсийн худалдаачдын дунд том зодоон болжээ. Гандангийн зүүн талд байсан хятад пүүсэнд нэг лам орж наймаа хийж байгаад хэрэлдэж гэнэ. Хэрүүл нь сүүлдээ зодоон болж хувираад олон лам нар, хятадууд оролцсон их зодоон болж гэнэ. Энэ зодооноос хятадын пүүсэнд их гарз хохирол болсон юм гэдэг. Манж амбан хятадын пүүсүүдийн хохирлыг барагдуулахаар шахаж, пүүсний юмыг монголчуудаар төлүүлэх болж монголчууд хохирох болсон гэнэ. Олон ноёд аргаа барж Лу гүнээс асуужээ. Лу гүн “Данжаад нараа цуглуул, ярих юм байна” гэж гэнэ. Хятад данжаад нарыг цуглуулж, олон лам нар ч зэрэгцээд цуглаж гэнэ. Лу гүн хэлжээ: “За лам нар пүүсний их юмыг эвдэж сүйтгэсэн байна. Төлөх хэрэгтэй. Данжаад нар ч юмаа төлүүлж авах хэрэгтэй” гэж гэнэ. Тэгэхэд хятадууд инээлдэж их баярлаж байж дээ. Лу гүн цааш нь хэлжээ: “Цаашдаа бас ийм хэрэг гарах магадгүй. Ийм хэрэг гарах шалтгааныг арилгах хэрэгтэй. Энэ зодооны гарсан шалтгаан бол Гандан Хүрээ хоёрын хооронд хятад пүүсүүд байрласнаас болсон байна Амбаны тушаалаар анхнаас байгуулсан Наймаа хот гэж байна. Гандан Хүрээ хоёрын хоорондох пүүснүүдийг долоо хоногийн дотор Наймаа хотод нүүлгэж суурьшуулъя. Лам нарын сүйтгэсэн юмыг ч мөн долоо хоногийн дотор төлүүлж дуусгая” гэж гэнэ. Хятад пүүсүүдийг нүүлгэх зардал нь лам нарын сүйтгэсэн юмнаас хавьгүй их болох байжээ. Тэгэхээр хятадууд ухарч “Юмаа төлүүлэхээ ч больё. Наймаа хот руу нүүхээ ч больё гэж хэлсэн юм гэдэг. хариуд нь эдгээр пүүсүүдийг бүгдийг Наймаа хот руу нүүлгэх шаардлага тавьж нээнтэглэсээр асуудлыг хохиролгүй шийдсэн гэдэг. Хурал тарж, цугласан лам нарын хажуугаар цуван гарах ноёдыг тэд, “Нэг торгонд боодолтой мах, хоёр торгонд боодолтой мах” хэмээн тоолон өнгөрөөж, харин асуудлыг ухаалгаар шийдэж чадсан Лу гүнийг “Энэ нэг дөрвөлжин бурам, Аль ч талаас нь долоосон амттай” хэмээн их л хүндэлж хэд хоног цайлсан юм гэдэг… (“Монгол ардын домог” номоос) Read the rest of this entry »

Posted in Тэрсүү үг | Tagged: | 2 Comments »

ӨГЗӨГНӨӨС ХЯМДХАН ТОЛГОЙ

Posted by bolod on October 13, 2009

Бразилийн супер од Кака –г ид байх үед нь багууд худалдан авахаар 130 сая хүртэл еврог амалж байсан удаатай. Наймаа хийгдээгүй л болохоос. Гэтэл энэ жил залуу од Криштиано Рональдог 96 сая еврогоор худалдаа авчихлаа. Ам доллароор бол 130 сая гаруй доллар. Энэ нь одоогоор түүнийг дэлхийн хамгийн үнэ цэнэтэй тоглогчийн алдарт хүргээд байгаа билээ. Аргагүй дээ, түүн шиг авьяастай, ид үедээ байгаа, үзэгчдийн хайрыг ялангуяа залуу бүсгүйчүүдийн хайрыг татдаг, халуун цустай, сэтгэл татам инээмсэглэдэг, хэрэгтэй цагт хэрэгтэй газраа байж, үүргээ нэр төртэй биелүүлж чаддаг хөлбөмбөгчин одоогоор алга гэж хэлж бараг болно. Гэхдээ тэр чинь нэг л хүн шүү дээ, гээд бодоход толгой эргэмээр асар их мөнгөөр худалдагдсан байгаа юм даа. Гэтэл манай Засгийн Газрын 2009 оны  эхээр оруулж ирсэн Оюутолгойн гэрээний төсөлд, хэрэв төсөл батлагдах юм бол Айвенхоу Майнз компаниас 125 –хан сая долларыг зүгээр ч авахгүй зээлээр, зээл зээлдээ арилжааны нөхцөлөөр зээл авахаар заасан байж билээ. Read the rest of this entry »

Posted in Бачимдал | Tagged: | 7 Comments »

ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ БИШ

Posted by bolod on October 11, 2009

Хагас сайн өдрийн өглөө Ц.Мөнхтөрийн хөтөлж явуулдаг “Ярилцъя” хөтөлбөрт тухайн үеийн цаг үеийн гол үйл явдлууд болон өнгөрч буй долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлуудын талаар голчлон ярьдаг байлаа. Энэ нэвтрүүлэг нэг хэсэг долоо хоногийн онцлох үйл явдлыг нэрлэдэг, түүнийг нь олон нийт хүлээдэг болчихсон байсан. Одоо бол долоо хоногийн онцлох үйл явдлыг ч нэрлэхээ байж. Зүгээр л ярилцъя гэсэн уриатай болчихож. Одоо дахиад нэг шат уруудвал “Хууч хөөрье”, дахиад нэг уруудвал ердөө л “Буу халъя” гэдэг нэвтрүүлэг болох байх даа.

Эрх мэдэлтнүүд, ерөнхийгүүд энэ долоо хоногийн байтугай зууны онцлох үйл явдлаар Оюутолгойн ордын ХОГ-ийн гэрээг нэрлэж байгаа. Энэ гэрээг байгуулсан явдлаа зууны гавьяа хэмээн бодож буй. Харин Ц.Мөнхтөр тэгж бодсонгүй юу, нөгөөдүүл нь ирсэнгүй юу? Ямартай ч гэрээ байгуулагдсан долоо хоногтоо, долоо хоногийн онцлох үйл явдлын шалгуурыг даасангүй. Энэ удаагийн нэвтрүүлэгт тэр талаар дурдсан ч үгүй. Тэгэхээр Оюутолгойн гэрээ байгуулагдсан явдал нь Онцлох үйл явдал огтхон ч биш ажээ.

Posted in Хэвлэл мэдээлэл | Tagged: | Leave a Comment »

АШИГ ЗАНГИ

Posted by bolod on October 10, 2009

1735 онд төрсөн Ашиг занги хэмээгч нь Түшээт хан аймгийн нэгэн хошууны (одоогийн Өмнөговь, Дундговь аймгийн нутаг) занги байсан хүн бөгөөд эгэл ард олондоо ээлтэй, эзэд ноёдод халтай ширүүн, цэцэн мэргэн, алиа хошин хүн байснаараа олны талархлыг хүлээжээ.

Домогт өгүүлэх нь:

…Говь нутагт эмгэн, өвгөн хоёр хүүтэйгээ аж төрөн амьдардаг байжээ. Нэгэн өдөр Засаг хошуунаас эрийн цээнд хүрч байгаа ганц хүүгий нь Алтайн харуулын албанаа дайчлан мордуулжээ. Чингэхэд эцэг нь: За хүү минь харуулын албанд амар мэнд яваарай, Эм хүнтэй битгий хавьтаарай гэж захижээ. Хүү, цэргийн албанд хэдэн жил ч болсон юм бэ, бүү мэд, нэгэн өдөр халагдан буцаж яваад хөндийн эхэнд хадан хясааны завсар жижигхэн бор гэр харагдахад хүү тэднийд буужээ.

“Нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой хүү хаачиж явна? Хэт нутаг хаана вэ? хэрэг зориг хэнд вэ?” гэж лавлан угтаж тухлан амраад явахыг урьжээ. Тэднийх нэг охинтой агаад “Охин минь нэг сайн хүү төрүүлээсэй” хэмээн мөрөөдөн суудаг эмгэн “Охин минь сайн ханьтай ч болж магад” гэж бодож суув. Аавынхаа үгнээс гажиж үзээгүй хүү явахаар завдсан боловч эмгэний гуйлт ятгалгад автаж хонохоор болжээ. Чингээд гөрөөс агнаж өгч.

Хүү алсын замд гарч яван явсаар нутагтаа ирсэн байна. Гэтэл нэг өдөр эцэг нь яагаад ч мэдсэн юм. “Чиний хүүхэд чинь хүү юм уу, охин юм уу? Чи тэгээд эхийг нь төрөхөд юугаар шөл хийж өгсөн юм бэ?” гэж гэнэт асуужээ. Нуусан хэр нь шалгаагаад байхаар нь хүү үнэн учраа тоочжээ. Эцэг нь хүүгээ загнаж элдэвлэсэнгүй. Тэгээд өвгөн алс хязгаараас ач хүүгээ авчрахаар Алтайг зорьжээ.

Өвгөн зорьсон айлдаа хүрч эмгэн хүүхэн хоёрт учирласаар хүүг авахаар тохирчээ. Өвгөнд хүүгээ өгөхдөө эмгэн: “Миний ашиг юм байх гэсэн чинь чиний ашиг юм байж л дээ” гэж хэлжээ. Чингээд тэр хүүг АШИГ хэмээн нэрлэжээ… (“Монгол ардын домог” номоос)

Хожим нь Ашиг занги хэмээн олонд алдаршсан хүүгийн төрсөн түүх тийм. Read the rest of this entry »

Posted in Бачимдал | Tagged: , | 4 Comments »

ЖИНХЭНЭ ПАРЛАМЕНТ

Posted by bolod on August 21, 2009

А.Дюмагийн зохиолуудыг хүүхэд байхдаа мөн ч амтархан уншдаг байж билээ. Тэр дундаа “Шадар гурван цэрэг”, түүний үргэлжлэл болох “Хорин жилийн дараа” зэрэг зохиолуудыг бүр ч шимтэн уншдаг байлаа. Хэдэн удаа давтан уншсан тоогоо алджээ. “Хорин жилийн хойно” зохиол бараг 900 гаад хуудастай бандгар зузаан ном, би хоёрхон шөнө л уншиж дуусгаж билээ. “Арван жилийн дараа” зохиол 3 боть, Монгол хэлээр орчуулагдаагүй, зөвхөн орос хэлээр л байх, гэхдээ төв номын санд 1 ба 3 –р боть нь л байдаг байж билээ. Оросоор сайн ойлгохгүй хэрнээ л захиалан авч, гөрдөн уншиж дуусгасан. Би ямар орос сургууль мургуульд сурсан ч биш, ардын хүүхдүүдтэй адил жирийн монгол сургуульд сурсан. Бушуухан орчуулагдаж гараасай гэж мөн ч их хүлээсэн дээ. Тэгсгээд мартаж орхиж, юун ном момтой манатай нэгэн үе өнгөрсөн юм, Монголд. 20 гаран жил өнгөрсний эцэст монголоор орчуулагдаад гарчихсан байсанд, яамай даа гэж их л олзуурхсан сан. (Гэхдээ орчуулга нь ч тааруухан юм уу, зохиол нь ч сонирхолгүй юм уу, миний хүлээлтэд хүрээгүй) Read the rest of this entry »

Posted in Хэрүүлийн чанартай, Цанхаархал | Tagged: , | 2 Comments »