Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

Posts Tagged ‘цагдаагийн жагсаал’

ДАХИАД Л ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ЖАГСААЛ

Posted by bolod on August 23, 2008

Зөвшөөрөл авсан уу? Энэ удаад цагдаа жагсав. Дүрэмт хувцастайгаа, мөрдэсээ гялалзуулан жагсав. Цэрэгжсэн улс болохоор зохион байгуулалт сайтай, юунаас ч үл шантарч, ухарч няцашгүйгээр, мөр зэрэгцэн, эгээ л хөл тавьж парад хийлгүйгээр жагсав. Тэд ч бас хүн юм болохоор жагсах цуглах, эвлэлдэн нэгдэх, үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй л байлгүй яахав.

Гэхдээ тэд зөвшөөрөл авсан болов уу? Зөвшөөрөлгүй жагсаал цуглаан хийлээ хэмээн бусдыг чирч гулдран баривчилж, бороохойдож, буудан тараадаг улсууд өөрсдөө зөвшөөрөл мөвшөөрөл гэлгүй цуглаан хийж, их жанжныхаа талбайд жагсаж байлаа. Хэрэв тэд зөвшөөрөлгүй жагсаал цуглаан хийсэн бол өмнөх жишгээр тэднийг хөөж тараах ёстой, зохион байгуулагч, турхирагчдыг нь баривчлах ч ёстой бизээ. Гэтэл тарааж хөөх, баривчлах ёстой улсууд нь өөрсдөө жагсаж байгаа учир энэ удаад тэднийг тараах, хөөх субъект үгүй байлаа. Ямар ёс журам дуудалтай биш, тэд нь ч дунд нь байсан юм билүү хэн мэдлээ.

Дүрэмт хувцастайгаа жагсаж байна гэдэг нь албан үүргээ гүйцэтгэж байхдаа жагсаж байсан болж таарлаа. Үүнийг нөгөө талаас нь харвал тэд зүгээр л ажил хаясан байна гэж ойлгож болно. “Хэрэв бидний шаардлагыг хүлээж авахгүй бол бид дараа дараагийн эрс шийдэмгий арга хэмжээг авч цагдаагийн ажил хаялтыг ч зохион байгуулна. Цагдаа нар хэдий ажил хаях эрхгүй ч гэсэн…” Яг ингэж хэлж байх мөчдөө тэд үнэндээ ажил хаялт хийж байгаагаа ухаарч байгаа болов уу? Хэрэв аль нэг эмнэлгийн эмч нар цагаан халаадтайгаа талбай дээр цуглаад, 7 сарын 1 –ний үймээний үеэр ТВ -д ярилцлага өгснийхөө төлөө ажлаасаа халагдсан нэгдүгээр эмнэлгийн эмч нарыг эргүүлэн ажилд нь авахгүй бол бид ажил хаялт зарлана хэмээн мэдэгдэж байвал та үүнийг цуглаан гэж үзэх үү ажилт хаялт гэж нэрлэх үү?

Харамсалтай нь энэ үеэр Баяр сайдын үүрэг даалгаврыг хэн ч биелүүлсэнгүй, ойшоосонгүй. Жагсаал болгон дээр байдаг сайн дурын операторууд, цагдаагийн мөрдэстэй зураглаачид алга байлаа. Уг нь тэд бүх зүйлийг дүрсжүүлж баримтжуулах “үүрэгтэй” сэн. Бүгдийг сайн бичсэн биз, бүгдийг нь сайн баримтжуулсан биз гэж Баяр сайд асуувал тэд одоо юугаа хэлнээ. Өөрсдийгөө болохоор тэд дүрсжүүлж баримтжуулсангүй, азаар Ийгл зэрэг хэдэн ТВ очиж тэднийг хагас хугас баримтжуулжээ.

Хэрэв тэд зөвшөөрөлтэй жагсаал цуглаан хийсэн бол хэн зөвшөөрөл өгсөн бэ? Цагдаагийн ажилтнуудыг жагсахыг хэн зөвшөөрөв? Тэгээд бүр дүрэмт хувцастайгаа шүү. Жагсаалд хичнээн хүн оролцох хийгээд хэдий болтол үргэлжлэх, жагсаалын зорилго энэ тэрийн талаар бодвол дурдсан л байгаа даа. Тэд төрийн тусгай хамгаалалтын бүс рүү нэвтэрсэн юм биш биз. Хэрэв тэд зөвшөөрөлтэй цугласан бол зөвшөөрөл олгосон этгээд энэхүү хууль бус шийдвэрийнхээ хариуцлагыг хүлээх учиртай. Гэвч ямар ч тохиолдолд хууль зөрчсөн болж таарах ийм нөхцөл байдалд манайд гэм буруутан олддоггүй, хууль хэрэгждэггүй муу жишиг тогтсон юм. Ялангуяа үүнд төрийн байгууллагын томоохон эрх мэдэлтнүүд хутгалдсан бол.

Жагсаж буй цагдаа нар мэдүүлэг өгөв. Жагсагчид цуглаан хийх далимдаа, ярилцлага өгч, сайн дураар “мэдүүлэг” өгцгөөв. “Төрийг хамгаалж байсан төрийн цагдаа хэлмэгдэх ёсгүй”. Нийгмийн хэв журам, иргэдийн амгалан тайван байдлыг сахиулах учиртай цагдаагийн институц өөрсдийгөө төрийг хамгаалах үүрэгтэй гэж боддог ажээ. Тэд төрийн институц мөн боловч, төрийг хамгаалах биш, иргэдээ хамгаалах үүрэгтэй юм сан. Төр гэх нэрээр үүрэг өгөгч хэнийг ч болов, аягүй бол дарангуйлагчдыг ч хамгаалж болохнээ. Тэд үүнийгээ төрийг хамгаалж байгаа, үүргээ гүйцэтгэж байгаа гэж хэлэх нь байна. Энд л нөгөө эрх мэдлийн хуваарилалт чинь, цагдаагийн бие даасан байдлын асуудал хөндөгдөнө. Тэрчлэн МАХН-ын цагаан байрыг хамгаалж байсныгаа тэд төрийг хамгаалж байна хэмээн мэдэгдэв. Төр гэдэг чинь МАХН байгаа юм хэмээн шууд хэлсэнтэй адил. Уг нь Олон цагдаагийн ажилтнууд аль нэг намын харьяалалгүй, нам бусчууд, сонгуульд намыг нь бус хүнийг нь харж саналаа өгсөн хэмээн цагдаагийн зарим нэг удирдлагууд ч ярилцлага өгсөн байгаа.

Жагсаж буй цагдаа нар мэдүүлэгтээ үргэлжлүүлэн, бид тушаал л биелүүлсэн, тушаал биелүүлсэн цагдаагийн албан хаагчдыг хэлмэгдүүлэхээ зогсоо хэмээн шаардав. Амарболд дарга УИХ-ын танхимд, УИХ-н эрхэм гишүүдийн өмнө хариуцлагатайгаар, байлдааны сум галт хэрэгсэл тавьж олгоогүй, байлдааны хэрэгсэл ашиглах тушаал хэн ч өгөөгүй хэмээн мэдэгдэж байсан. Гэхдээ бас араас нь бүх сум хэрэгслийг тоолж хүлээж авсан акт нь байгаа хэмээн үүнийгээ “баталгаажуулан” хүч нэмэгдүүлсэн. Хариуд нь цагдаагийн бие бүрэлдэхүүн төв талбайдаа жагсаж байгаад, бид дээрээс өгсөн тушаалыг л биелүүлсэн хэмээн мэдэгдлээ. Логик дүгнэлт хийе. Цагдаагийн албан хаагч 10 ажилтанг, Онц байдал зарлах үеэр зөвшөөрөлгүйгээр гал нээж, байлдааны сум хэрэгслээ ашигласан, улмаар хүний амь нас бүрэлгэсэн байж болзошгүй гэдэг үндэслэлээр сэжигтнээр татаж саатуулсан байгаа. Цагдаа нар, үгүй бид тушаал биелүүлсэн хэмээн мэдэгдэв. Бүр биш түр, баривчилсан биш саатуулсан байхад цагдаа нар яагаад бухимдав. Тэгэхээр цагдаа нарын хэлж байгаагаар тушаал өгсөн байж таарах нь, буудсан байж таарах нь. Харин тушаал өгсөн бол хэн тушаал өгсөн бэ гэдэг асуудал нээлттэй үлдэв? Амарболд, тушаал өгөөгүй гэж мэдэгдсэн. Гэхдээ УИХ-ын гишүүн УИХ-ын танхимд хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй гэсэн заалт байдаг боловч УИХ-ын танхимд үг хэлсэн хэн боловч хариуцлага хүлээхгүй хэмээн хавтгайруулан нялзаах боломжгүй. Тушаал өгөөгүй бол буудсан нь буруутай, тушаал өгсөн бол тушаал өгсөн нь буруутай. Өөрөөр байх боломжгүй.

Төрийн эргэлт. Зөвшөөрөл авсан эсэх болон хэн буруутай зэрэг нь хууль шүүхийнхний шийдэх харьцангуй “жижиг” асуудал. Энэ асуудлууд нь хувь хүмүүсийн хоорондын асуудал байлаа. Харин энэ удаад төрийн нэг институц нөгөө институцтэйгээ цанхаалж байгаа ажээ. Цагдаа нар гэмт хэрэгт сэжиглэгдэн, түр саатуулагдсан цагдаагийн албан хаагчдын эрх ашгийг хамгаалж, тэднийгээ өмөөрөх далимд дараа дараагийн удаад хэн нь ч баригдаж мэдэх учраас далимд нь өөрсдийнхөө эрх ашгийг урьдчилан хамгаалж прокурорын байгууллагад шахалт үзүүлж байгаа нь энэ аж.

Эргүүл тусгай хамгаалалтын дугаар ангийн захирагч хурандааг барьж саатуулжээ. Инхүү хууль, хүчний байгууллагынхан гэж бидний нэгтгэн багцалж, нэг талд оруулан ойлгодог байсан төрийн хоёр тусдаа институц хоорондоо сөргөлдөж эхэллээ. Гаднаас нь харахад хэдэн цагдаа л жагсаж байгаа юм. Нарийвчилж сайтар шинжилбэл төрийн институцүүдийн хоорондын үл ойлголцол, мөргөлдөөний эх нь тавигдаж байна. Энэ нь төр чадваргүй байгааг харуулаад зогсохгүй, төрийн замбараагүйдал, мухардал задралын илрэл юм. Төрийн механизм гацаж, жам ёсоороо ажиллаж чадахаа байж, одоо хэн олон хүнтэй жагсаж чадсан нь, эсвэл хэн чанга дуугарсан нь дийлэх болох нь.

Цагдаа, шүүх, поркурорын байгууллагыг бид бөөнд нь хууль хүчний байгууллага хэмээн нэрлэж ойлгож заншсан боловч төрийн энэ гурван институцийн хувьд тодорхой эрх мэдлийн хуваарилалт бий. Гэтэл жагсаж буй мөрдэстэй цагдаа нар прокурорын байгууллагын хараат бус бие даасан байдалд дарамт үзүүлэх замаар халдав. Улсын прокурорын байгууллагын дэргэдэх мөрдөн байцаах хэлтэс ажлаа хэвийн явуулах боломжгүй болов. Нэг талаас нь харахад түр саатуулагдсан, дээр нь бие муутай цагдаагийн хурандааг батлан даалтад гаргаж байгаа л хэрэг. Нөгөө талаас нь харвал цагдаагийн ажилтнууд төрийн механизмыг гацааж, төрийн эргэлт хийж байгаа хэрэг. О.Магнай л гэхэд ар гэрээс нь хүсэлт гаргасан, эрүүл мэндийн хувьд тааруухан гээд батлан даалтад гаргаж болох ав адилхан үндэслэл байхад батлан даалтад гаргаагүй мөртлөө цагдаагийн хурандааг болохоор яг энэ үндэслэлийг нь харгалзан батлан даалтад гаргав. Цагдаагийн хурандаа болохоор тэрүү, цагдаа нар жагссан болохоор тэр үү. Би хууль шүүхийн талаар мэдэхгүй. Гэхдээ зандалчин гэж хүн алдаг, цаазалдаг хүнийг хэлдэг биз дээ. Гэтэл хүн алаагүй хүнд зандалчлах гэсэн зүйл заалтаар эрүү үүсгээд, хүн алахад хүргэсэн тушаалыг биелүүлсэн байж болзошгүй хүнд болохоор өөр зүйл ангиар эрүү үүсгээд байгаа нь надад л лав огт ойлгомжгүй юм даа.

Хэдэн цагдаа жагсахад л хэн ч юу ч хийж чадахгүй бууж өгч байна. Цагдаа цаашлаад энэнээс илүү шаардлага тавихгүй гэх баталгаа бий юу, тэр үед хэн тэднийг зогсоох юм бэ? Латин Америкт, Африкт цэргийн түрүүч нар л цэргийн эргэлт хийдэг бол манайд цагдаагийн хурандаа л төрийн эргэлт хийж чадах юм байна.

Ц.Болд

 

Advertisements

Posted in 7 САРЫН 1, Хэрүүлийн чанартай, Цанхаархал | Tagged: | 1 Comment »