Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН

Posted by bolod on April 12, 2009

Ерөнхийлөгчийн сонгууль эхэлж байгаатай холбогдуулан МАХН-аас өрсөлдөгч талдаа шударга байгаач, шударгаар өрсөлдье гэсэн анхааруулга ч юм уу уриалга ч юм уу зүйлийг хэллээ. Хариуд нь АН бас Хэвлэлийн бага хурал хийж мэдэгдэл гарган, санамж бичигт гарын үсэг зурцгаая хэмээн уриаллаа. Хүний хэлээр бол шударга бус байгаа талаа л шударга байгаач хэмээн хэлээд байгаа хэрэг. Хоёрхон тал өрсөлдөж байгаа, хоёулаа шударга байхыг уриалаад байхыг бодоход өөрсдөө нуль шударга улсууд бололтой. Хоёр тал хоёулаа шударгын талд орсон болохоор шударгуу бус талыг хайгаад хайгаад олох газаргүй мэт. Хожил хоёр тийшээ гэхээс өөрөөр юу гэлтэй билээ. Эсвэл шударга байцгаая гэж сонгогчдоо уриалаад байгаа хэрэг үү? Сонгогчид л шударга бус зүйл хийж, шударга бусаар саналаа худалдаж, шударга бусаар амлалтад хууртаж, шударга бусаар бор шувуунд автаж, шударга бусаар царцааны нүүдэл дагадаг болж таарлаа. Муусайн сонгогчид оо сонсоцгоо, та нар шударга байцгаа.

Шударга байхтай холбогдуулан, АН-ын зүгээс нэг маш зөв зүйтэй санал дэвшүүлжээ. Энэ нь Засгийн газрыг ерөнхийлөгчийн сонгуульд хутгалдуулахгүй байхыг уриалсан нь юм. Юу гэвэл Засгийн газрын тэргүүн маань МАХН-ын сонгуулийн штабыг даргалах болсонтой холбоотой билээ. Яаж ч бодсон засгийн газрын тэргүүн нь сонгууль удирдаад явчихаар, кабинет нь дагаад намирахаас өөр яах билээ. Гэтэл шадар сайд нь АН-ын хүн байдаг. Тэр нь тэгээд зүгээр ч үгүй АН-ын дарга бөгөөд бас л сонгуулийг удирдах маягтай болоод явчихлаа. Намын даргын хувьд өөрийн намын нэр дэвшигчийн төлөө ажиллах уу, Засгийн Газрын гишүүний хувьд Засгийн газрын тэргүүнийхээ үгийг дагах уу гэдэг нь ойлгомжгүй л асуудал. Ер нь ч эвслийн намууд хоорондоо ингэж өрсөлдөж байгаа нь тэртээ тэргүй ойлгомжгүй байгаа билээ. Тэгээд ч Ерөнхийлөгчийн сонгуулийн урианд ЭВ гэсэн “эвслийн утгатай”, логикоороо эвслийн засаг тэр чигээрээ миний талд гэсэн утгатай үг байгаа нь зүгээр ч нэг үг биш билээ. Эвсэхдээ ЗГ-аа 60:40 гэсэн харьцаагаар бүрдүүлнэ гээд байсанчлан ЗГ маань ерөнхийлөгчийн сонгуульд 60:40 гэсэн харьцаагаар хутгалдан оролцож, ерөнхийлөгчөө 60:40 гэсэн харьцаагаар дэмжихнээ дээ. 

Үндсэн асуудалдаа эргээд оръё. Засгийн газар ерөнхийлөгчийн сонгуульд хутгалдах нь огт утгагүй зүйл. Нэгдүгээрт, Засгийн газарт тэртээ тэргүй хаврын тариалалт, санхүүгийн хямрал, мал төллөлт, бензиний үнэ, долларын ханш гээд хийх ажил мундахгүй бий. Түүнээсээ хийж гийгүүлж, нааштайгаар шийдсэн гавьтай зүйл одоогоор байхгүй. Өмнөх ажлаа яая гэж байж, юун илүү юманд дурладаг юм гээд хөөгөөд гаргамаар байгаа юм. Хоёрдугаарт, ерөнхийлөгчийн институци нь УИХ, Засгийн газраас үл хамаарах бие даасан бүтэц. Тэднээс үл хамаарсан байхын тулд, бие даасан байхын тулд байгуулсан. Тэгэхээр одоо ЗГ нь хөөцөлдөж байгаад сонгуульд ялуулчихаар ЗГ-аас үл хамаарах байж чадах уу гэдэг нь ихээхэн эргэлзээтэй болоод явчихна. Гуравдугаарт, ЗГ-ын бүтцийг сонгуульд дайчилчихаар төсвийн мөнгө, татвар төлөгчдийн мөнгө нэг намын төлөө үйлчлээд, зарцуулагдаад дуусдаг юм байгаа биз дээ.
Тэгэхээр Ерөнхийлөгчийн сонгуульд Засгийн газрын гишүүдийг хутгалдуулахыг эрс хатуу хориглох нь зүйтэй билээ. Энэ тал дээр би АН-н гишүүдтэй санал нэг байна. Х.Тэмүүжин гишүүнийг хоёр гараа өргөөд дэмжиж байгаа бөгөөд энэ асуудлаа сөхөөд байр суурин дээрээ тууштай байж цаашилбал яг энэ асуудлыг тусгасан хуулийн төсөл боловсруулж хуульчилж авах нь зөв гэж бодож байна.

Яг энэ логикоор, УИХ-ын гишүүдийг ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилд оролцохыг хуульчлан хориглох нь зүйд нийцнэ. Хууль тогтоох институцийг Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлаас “чөлөөлье”. Яахав тэглээ гэхэд Х.Тэмүүжин гишүүн болоод бусад дал гаран гишүүн ерөнхийлөгчийн сонгуульд гар бие оролцох эрхгүй болох боловч энэ нь шударга өрсөлдье гэсэн үндсэн шаардлагад нийцэж байгаа билээ. Тэглээ гээд Монгол улсад хожоотой юу гэхээс хохиролгүй нь хэнд ч ойлгомжтой. 76 маань хуулиа бүтээгээд хуралдаад хэрэлдээд л байж байна биз. Тэдний өмнө ч мундахгүй их ажил бий. УИХ-д сонгогдохдоо ярьж байсан зүйлүүдийг нь жагсаагаад үзэхэд хэдийд амжих юм гэмээр их ажил байсан санагдана.

Цааш нь дэлгэрүүлье. Одоогийн ерөнхийлөгч маань нэгэнт “ерөнхийлөгч” гэдэг чухал албан тушаалтай тул мөн л ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлаас чөлөөлчихмөөр байгаа юм,   уг нь. Гэвч нэгэнт өөрөө дахин нэр дэвшиж байгаа тул яахин хорьж болох билээ. Гэхдээ л шударга биш байгаад байдаг. Болдог бол ажлаас нь чөлөөлөөд сонгуульд нь оролцуулдаг бол? Тэглээ гээд ямар ерөнхийлөгчгүй байлтай биш. Эсвэл ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч гэлтэй нь биш. Тэгэхээр ядаж ерөнхийлөгчийн институцийг энэхүү сонгуулийн ажилд оролцохыг нь хуулиар хориглочихмоор байна. Татвар төлөгчдийн мөнгө нэг талд нь үйлчлэх гээд байна шүү дээ. Хэрэв өрсөлдөгч нь ялчихбал ЕТГ-ынхан бид нар таны эсрэг ажиллаж байсан нь цэвэр ажлаа хийж байсан л хэрэг, одоо таны төлөө үнэнчээр ажиллахад бэлэн хэмээн тайлбарлах боломжгүй шүү дээ.

Асуудлыг улам задалъя. Сонгуулийн тойрог хэсгийн хороодод ер нь төрийн албан хаагчдыг ажиллуулах нь шударга бус юм байна. Өөр ажилтай, төсвөөс мөнгө цалин авч байгаа хэн нэгэн сонгууль монгууль гэж ажил цалгардуулах эрхгүй байхаар хуульчилчихмаар байгаа юм. Цалин авдаг ажлаа гэх үү, сонгуулийн ажлаа гэх үү. Аль нэг ажил нь орхигдож л таараа. Тэгэхээр тэд цалин авдаг ажлаа л хийж байг. Хороо хорины дарга, орон нутгийн удирдлага, эвэртэн туруутангууд өмнөх ажлаа л хийж байцгааг. Эмч, багш нар санаа амар сэтгэл хоёрдохгүйгээр өмнөх ажилдаа сэтгэл шулуудаг. Сонгууль зохион байгуулах ажлыг өөр бусдад нь даатгая. Төр захиргааны бүтэц, төсвийн байгууллагуудыг сонгуулийн зохион байгуулалт, сонгуулийн кампанит ажил гэх мэт бохир заваан улс төрөөс тусгаарлая, карантийлъя.

Бүр даваръя. Ер нь УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид ч гэсэн хэрэв төрийн алба хааж байсан бол үүрэгт ажлаасаа чөлөөлөгддөг. Тэр жишгээр, УИХ-ын гишүүд ч гэсэн нэр дэвшихдээ УИХ-ын гишүүнээсээ түтгэлзэж, УИХ-ын гишүүний халдашгүй дархан байдал, цалин хөлс, ахуйн хангамжаасаа татгалзаж, ЗГ-ын гишүүний үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байж сонгуульд нэр дэвшиж өрсөлддөг байх нь шударга болох юм. Одоогийн жишгээр бол УИХ гишүүн нь дараагийн УИХ-д нэр дэвшихдээ тойрогтоо ажиллах нэрээр төсөвтэй мөнгөтэй, томлолттой ажиллаад байдаг, бусад нь бор зүрхээрээ үзээд байдаг, нэг л шударга бус байна. Дараа дараагийн сонгуульд ер нь тийм жишигт шилжих нь зүйтэй. УИХ-ын гишүүний бүрэн эрхийг 4 жил биш. 3 жил 11 сараар олгож байх нь зүйтэй болов уу? Сүүлийн нэг сард нь жирийн сул иргэн болж сонгууль юмандаа нэр дэвшиж өрсөлдвөл өрсөлдөнө л биз. Эсвэл тэд нэр дэвшилгүйгээр ажлаа хийгээд л байж байг. Эсвэл УИХ-д сонгогдсон гишүүн дахин нэр дэвшдэггүй байсан ч яагаад болохгүй гэж аан. 

Нэр дэвшигчид төрийн машиныг огтхон ч ашиглалгүйгээр бие дааж мөнгөө босгоод, бие дааж сонгуулийн кампаниа явуулаг. Ингэвэл өрсөлдөөн шударга болно. Ингэвэл ижил тэгш нөхцөлд сонгууль болох билээ.

Эцэст нь хэлэхэд, намуудыг сонгуулийн кампанид оролцохыг нь ч хорьчих нь зүйтэй. Намууд яахаараа татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжиж, тэгээд сонгуульд өрсөлдөж байх ёстой гэж. Энэ муусайн намуудыг санхүүжүүлэх гэж би нэг төгрөг ч төлмөөргүй байна. Өөрсдөө дээрэмдэж авчихаад өөрсдөдөө хуваарилчихаад л баясаад байгаа болохоос. Намын гишүүдийг сонгуулиас хол байлгая. За энэ ч арай даварсан хэрэг болох байх. Гэхдээ энэ талаар дараа өгүүлэмз.

2 Responses to “ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН”

  1. Үндсэн хуулийн логик нь нэг хүн хоёр удаа л ерөнхийлөгчид сонгогдох эрхтэй гэж /8 жил ерөнхийлөгч байх / би ойлгодог. Тэрнээс завсартайгаар хэдэн ч удаа сонгогдож болно гэсэн утга байхгүй байх гэж найдъя. Багшийн дэвшүүлсэн асуудал нэн сонирхолтой байна л даа. Ерөнхийлөгч улиран сонгогдохгүйгээр 2 удаа сонгогдож болно гээд хуулчилбал ямар бэ?

  2. Tsogtoo said

    1. Яаж ч бодсон ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн сурталчилгааны ажил эхэлмэгц Ерөнхийлөгчийг ажлаас нь чөлөөлж, өрсөлдөөнд гарааны ижил нөхцөл бүрдүүлэх хэрэгтэй. Бүр чөлөөлчихвөл ерөнхийлөгчид нэр дэвшигч гээд Ерөнхийлөгчийн үүргийг нь дэд ерөнхийлөгчөөр гүйцэтгүүлж байя. Дэд ерөнхийлөгч нь УИХ-ын дарга байж болно. Эсвэл таны хэлдгээр ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, нэр дэвшигч гэдэг нэрээр явах нь зөв.

    2. Мөн Засгийн газар, УИХ-ын гишүүд, ерөөсөө төрийн аппаратыг сонгуульд ашиглах /сонгууль зохион байгуулахаас бусад/ явдлыг таслан зогсоох нь зөв. Таны энэ саналыг дэмжиж байна. Үүнийг тусдаа гэхээсээ илүүтэйгээр холбогдох хуулиуд нь нэмэлт өөрчлөлт оруулах замаар шийдэж болох юм. Бүр даврах юм бол сонгууль зохион байгуулах ажлыг төрийн үүргээс чөлөөлчихвөл яадгым!

Leave a comment