Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

ДЭЭД ЭРЭМБИЙН ЧЕНЖ

Posted by bolod on April 15, 2009

2008 оны 11 сарын сүүл үеэс эхлэн Монголд долларын ханш савалж эхэлсэн билээ. Эхэндээ Монгол банк ч сандарч буулгах гэж оролдож байсан байх. Сүүл рүүгээ харин тоглоом өөр шинжтэй болоод явчихлаа. Долларын ханшийг барьж байсан нь нэлээд дээр үеэс ч эхэлсэн байх. Долларын ханшийг барих гэсэн оролдлого нь банкны нэг ерөнхийлөгчийн бүрэн эрхийг дуусгуулалгүй огцрох хүртэл шалтгаан болсон билээ. Дараагийн ерөнхийлөгч нь анхлан долларын ханшийг тогтворжуулна гэж амалж байсан боловч удалгүй би чадахгүй шүү хэмээн мэдэгдэх болсон. Монгол Банкны ерөнхийлөгчтэй ерөнхийлөгчгүй долларын ханш савалж, нэг л огцом огцом үсрэлттэй өөрчлөгдөх болсон. Шалтгаан нь юунд байсан юм бол.

Ватерлогийн тулаан Английг европийн тэргүүн зэргийн гүрэн болгож, Ротшильдынхныг тус тивийн тэргүүн зэргийн банкчид болгосон гэдэг. Гол нууц нь мэдээллийн үнэ цэнийг бодит утгаар нь ашиглаж, мэдээллийн үнийг бодит хөрөнгө болгон хувиргасанд байлаа. Ватерлоогийн дэргэдэх тулалдааны төгсгөлийн тухай мэдээг Лондонгийн биржийнхэн сэтгэл түгшин хүлээж байв. Учир нь энэ тулалдааны үр дүнгээс шалтгаалан хувьцаануудын үнэ хэлбэлзэх байлаа. Хэрэв Ватерлогийн дэргэдэх тулалдаанд Наполеон ялбал Английн засгийн газрын бондын үнэ буурч эхлэх ёстой. Хэрвээ Наполеон ялагдвал түүний эзэнт улс төдхөн нуран унаж цаасан мөнгөний үнэ тэнгэрт хадах байжээ. Ротшильдынхон өөрийн гэсэн шуурхай шуудангийн албыг байгуулсан бөгөөд энэхүү шуурхай шуудангийн албаа энэ удаа дээд зэргээр үр өгөөжтэй ашигласан билээ. 1815 оны 6-р сарын 20-ны үүрээр Натан Ротшильд, Ватерлоогийн дэргэдэх тулаанд Наполеон ялагдсаныг элчээсээ мэдэж, энэ мэдээг дуулсан Англи дахь анхны хүн болжээ. Ийм мэдээ авсан дунд зэргийн бэлтэй банкны эзэн бол Англи улсын засгийн газрын бондыг бүх мөнгөөрөө худалдаж авахыг хичээх байв. Харин Ротшильд эсрэгээр асар ихээр нь зараад эхэлжээ. “Ротшильд худалдаж байна, тэр ямар нэгэн юм мэдсэн хэрэг” гэсэн шуугиан биржээр нэг тарж шуугиж эхэллээ. Ротшильд багц багцаар нь гаргаж шидсээр л. Ханш доод түвшиндээ хүрч унах үеийг хүлээж байгаад биржийнхнийг сэхээ авч амжихаас нь өмнө зарсан бүхнээ ганцхан далайлтаар эргүүлээд авчихжээ. Зарснаасаа илүүг нэрлэсэн үнийнх нь маш өчүүхэн хэсгээр худалдаад авчихаж. Наполеон ялагдсан тухай мэдээ сүүлд нь ирэх үед үнэт цаасны үнэ нь тэнгэрт хадсан нь тодорхой билээ. Ротшильдынхны санхүүгийн операциудаас хамгийн амжилттай нь энэ болсон бөгөөд тэдний удмын сан хөмрөгийн үндсэн суурийг тавьж чадсан асар их ашгийг олсон гэдэг. Тэгээд ч энэ түүх домог болон яригдсаар өдийг хүрсэн хэрэг.

Олонх эдийн засагчид долларын ханшийг нөгөө л улиг болсон эрэлт нийлүүлэлтээр тайлбарлаж байсан. Гэхдээ энэ нь тал үнэн байсан бололтой. Өвлийн саруудад Монголд валютийн нийлүүлэлт буурдаг нь үнэн байх, зэсийн үнэ буурсан нь ч бас үнэн, гадаадаас Монгол руу гуйвуулдаг валютийн хэмжээ ч буурсан нь давхар нөлөөлсөн биз. Гэхдээ л энэ нь ам долларын ханш өдөртөө 100-200 төгрөгөөр савлах хүрэлцээтэй шалтгаан мөн үү? Доллар төгрөгийн эсрэг 50% хүртэл чангарах өөр нарийн шалтгаан байгаа биш биз гэсэн хардлага өөрийн эрхгүй төрж байна. Яахаараа сүүлийн 8-9 жил огтхон ч өөрчлөгдөөгүй ам долларын ханш дөрөвхөн сарын дотор 1150 –аас 1740 хүртэл савладаг байнаа. 

Нэг талаас Монгол улс ам доллараас “хараат” болсон нь үнэний хувьтай. Гэхдээ гэнэтхэн нэг өдөр ийм болчихоогүй. Санхүүчид нэг л өдөр хуулиа санаж дагаж мөрдөхөөр далайлгах нь шударга бус. Гаалийн татварыг төр нь ам доллараар тооцож аваад байхад оруулж ирсэн бараагаа доллараар зарж болохгүй гэж муйхарлан тулгах нь дэндүү увайгүй зүйл биш үү? Ямар сайндаа л доллараар зарж байх вэ дээ. Хэрэв төр нь төр шиг, төгрөг нь мөнгө шиг байдаг бол хэнд ч ам доллар юм уу эсвэл рубль паунд евро, вон иен юань, бат сум тенгээг шүтээд мөргөөд заавал түүгээр арилжаа наймаа хийх гээд зүтгээд мачийгаад байх шалтгаан байхгүй билээ. Энэ юуг харуулж байна гэхээр төгрөгт итгэх итгэл иргэдийн дунд төдийгүй, бизнесийн байгууллагууд, цаашилбал төр засгийн түвшинд ч салам унаж, төгрөг нэр хүндгүй болсонтой холбоотой.

Нөгөө талаас энэхүү долларын хаанчлалыг ашиглаад валютийн ханшийн зөрүүгээр тоглолт хийгээд байгаа бүлэглэлүүд байгаа бололтой. Эргэцүүлье. Долларын ханшийг өсгөх нь хэнд ашигтай вэ? Мэдээж доллартай хүнд л ашигтай байж таарна. Гэхдээ цалингийн 200-300 доллартай хүний тухай хэлээгүй байна. Өдөртөө хэдхэн мянган доллар эргэлдүүлж байгаа валютийн ченжүүдийн тухай ч хэлээгүй байна. Тэд нийт валютийн гүйлгээний 0,5 –хан хувийг хийдэг гэж байгаа биз дээ. Доллар өсөх нь наймаачдад ашигтай юу, мэдээж ашиггүй, үйлдвэрлэгчдэд ашигтай юу бас л ашиггүй, жирийн иргэдэд ашигтай юу, ашиггүй. Тэгэхээр долларын асар их нөөцтэй, өөрөөр хэлбэл Ротшильд шиг тоглож чадах бэнчинтэй хүмүүст л ашигтай байж таарна. Улс төр бизнесийн томоохон бүлэглэлүүд л үүнээс ашиг хүртэх боломжтой болж таарч байна. Тэрчлэн төр засаг үүнээс ашиг гаргах боломжтой харагдаж байна. Доллар хомсдоод ирэх үед зохиомол хомсдол бий болголоо гэх үг хэл ганц нэг дуулдаж байсан. Гэхдээ тэгсгээд намжаагаад байсан билээ. Иргэдийг долларын өндөр ханшинд аажим аажмаар дасгаад л эргүүлж багахан буулгаад л дахин өсгөөд л 3 сарын турш нийгмийн сэтгэл зүйг дасгаж, ситемтэйгээр ханшийг нь өсгөсөн. Давхар доллар худалдаж авах сонирхлыг хөөрөгдөж, турхирч байлаа. Монгол банкны шинэ ерөнхийлөгч “оны эцсээр доллар тэртээ тэргүй дутагдалтай байгаа” гэх мэт мэдэгдлийг мэдээллийн хэрэгслээр ил тод цацсан. Дагаад долларын ханш гозойтлоо өссөн санагддаг юм.

Ийм чухал албан тушаалын хүн иймэрхүү хариуцлагагүй мэдэгдлийг ийм ил тод хийх нь нийгмийн сэтгэл зүйд айхавтар нөлөөлнө. Санамсаргүй юу, эсвэл санаатай юу? 2 сарын өмнө хоёр найз маань мурий тавьсан билээ. 4 сарын 1 гэхэд долларын ханш 1800 хүрнэ гэж. Хэдийгээр 1800 хүрээгүй ч тун ч дөхсөн билээ. 1800 хүрээгүй ч миний мэдэхээр 1740 хүрсэн. 4 сарын 1 –нд биш ч 10-аадхан хоногоор зөрүүлсэн юм. Таамаглал бараг биелсэн байгаа биз. Тийм мундаг таамаглал гаргахад хэр баргийн эдийн засагч байгаад ч сачий нь дутах байлгүй. Тэгэхээр юу гэж дүгнэж болох вэ? Хэн нэг нь энэ талаар мэдээлэлтэй байсан байж таарна. Банк хавиас иймэрхүү мэдээлэл авч түүгээрээ гул барьсан хэрэг. Үүнээс үндэслээд ам долларын ханшийг зохиомлоор хөөрөгдөнө гэдгийг тодорхой хүрээний хүмүүс мэдэж байсан болж таарна. Хэн ингэж чадах вэ? Ротшильд шиг их гарын бэлтэй хүн л валютийн ханшаар тоглоод байх шиг байна. Үүнд зарим нэг банкийг буруутгах явдал ч гарсан. Ганц банк ч ийм махниац хийхэд хүчин мөхөсдөнө. Тэгэхээр нэлээд дээд эрэмбийн зохион байгуулалт орсон байж таарах гээд байна. Голомт банк байлаа ч дангаараа үүнийг хийж чадахгүй. Тэд ч өөрсдөө учраа олохгүй гайхаад байсныг тун ойрын эх сурвалжаас би тодруулсан билээ.

Одоо та бүхэн дүгнэлтээ хийгээд үз. Дээшээ л явах гээд байгаа биз. Дээшээ бүр дээшээ эзэн нь байгаа бололтой. Ямар зорилготой байж болох вэ? Зарим нэг хардлага эзэнгүй тэнэж явна. УИХ-ын 2008 оны сонгуулийн шархаа нөхөх гэсэн бизнес бүлэглэлийнхэн байж магадгүй гэж. Энэ нь төдийлөн магадлал муутай санагдаж байна. Банкууд, алдагдлаа нөхөх гээд том хэмжээний валютийн ченж хийж байна гэсэн нэг таамаглал бий. Магадгүй л юм. Гэхдээ өөрсдийн бизнесийн нэр хүндээр тэгж тоглох шаардлага байгаа гэж үү? Хэтэрхий эрсдэлтэй алхам болох сон. Тэгвэл тэрнээс дээш гэхээр Засгийн Газрын түвшинд эсвэл бүр тэрнээс дээд эрэмбийн тоглолт байж магадгүй гэсэн хувилбар л үлдэж байна. 1997 оны хямралаар ноён Сорос их хэмжээний санхүүгийн гүйлгээ хийж ихээхэн хэмжээний ашиг олсон гэдэг. Бараг л хямралыг зохиомлоор бий болгож, түүнийг бизнес болгосон аятай домог шиг түүх сонсогддог. Ноён Сорос шиг их гарын хүн Монголын зах зээлээр тэгж тоглох шаардлага бий гэж үү. Бас л магадлал муутай оргиод байна. Тэгэхээр үлдсэн хувилбар нь л магадгүй гэж харагдаж байна. Засгийн газраас доохнуур байна уу, Монгол Банкнаас дээхнүүр байна уу, ямар нэг албан бус бүтцээс ийм үйл ажиллагаа явагдаад байна уу даа гэж. Гэхдээ энэ бол хардлага төдий зүйл гэдгийг та ойлгож байгаа. Би зүгээр л сэрдлэгээ сийрүүлж байгаа юм. Ханшийн зөрүүгээр хямралаас гарах мөнгөнд нэмэр болгож чадах уу? Ханшийн зөрүүгээр төсвийн алдагдлаа багасгаж чадах уу? Ханшийн зөрүүгээр гадаад худалдааны алдагдлыг бууруулж болох уу? Ханшийн зөрүүгээр валютийн нөөцөө нэмэгдүүлж чадах уу? Ямартай ч сүүлийн хэд хоногт Монгол Банк валютийн нөөцөө 10 гаран сая доллараар нэмэгдүүлчихсэн гэж байгаа.
Долларын ханш огцом өсөж 1800 шүргээд, дараа нь хэдхэн хоногт навс унаж 1300 дээр унаад, дараа нь дахиад л 1500 хүрч өсөөд байгаа нь хэдхэн муу валютийн ченж тоглоод байгаадаа ч биш, дэлхийн зах зээл дээр долларын ханш огцом савлаад байгаа даа ч биш, монгол дахь долларын нийлүүлэлт огцом өсөж багасаад байгаа даа ч биш, харин хэн нэг нь л зохиомлоор савлуулж зөрүүгээс нь ашиг унагаад байгаа юм биш биз гэсэн хардлагыг төрүүлж байна. Гэхдээ тэр нь хэн бэ?

One Response to “ДЭЭД ЭРЭМБИЙН ЧЕНЖ”

  1. Tsogtoo said

    Байж болох л хувилбар байна.

    Эдийн засгийн хямрал, төв банкны бодлоготой холбоотой гайгүй нийтлэлүүд байна лээ.
    Сонирхвол уншаарай. Линкийг нь тавьлаа!

    http://news.gogo.mn/r/46966

    http://news.gogo.mn/r/46189

    http://news.gogo.mn/r/45860

Leave a comment