Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

ТВ САНАЛ АСУУЛГА БА ҮНЭНИЙ ХУВЬ

Posted by bolod on May 14, 2009

Ерөнхийлөгчийн сонгууль ойртож байгаатай холбоотойгоор, телевизүүдээр “Та 2009 оны ерөнхийлөгчийн сонгуульд хэний төлөө саналаа өгөх вэ?” гэсэн санал асуулга ид явагдаж байна. Хачирхалтай нь ТВ-ийн санал асуулгын дүнгүүд хоорондоо эрс зөрүүтэй байгаа билээ. Тиймээс ч тухайн нэг ТВ-ийн санал асуулгын дүн хэний талд гарч байгаагаас нь хамааруулаад аль нэг нэр дэвшигчийг дэмжиж тэр тал руугаа хэлбийх хандлагатай юм уу даа гэж хардахад хүргэж байна. ТВ9-2 сувгаар авч буй санал асуулгын дүнгээр Н.Энхбаярын саналын хувь байнга илүү байх бөгөөд зарим үед бүр 70 гаруй хувь хүрэх нь ч бий. Гэтэл С1 телевизийн санал асуулгын дүнгээр Ц.Элбэгдорж баталгаатай “ялалт” байгуулж байна. Зарим тохиолдолд мөн л 60 гаран 70 шахуу хувь авах энүүхэнд. Боловсрол ТВ-ийн санал асуулгаар Ц.Элбэгдорж бас л байнга “ялалт” байгуулах ажээ. Энэ дүнд нь зарим үзэгчид сонгогчид итгэж, баярлаж, зарим нь уурлаж бухимдаж, худлаа хэмээн мэтгэлцэх боллоо. Хоорондоо эрс тэрс зөрүүтэй эдгээр “санал асуулгуудын” алинд нь итгэх вэ? Энэ “санал асуулгуудын” дүнд ер нь итгэж болох уу? Хоёр шалтгаанаар итгэх боломжгүй юм. Нэгдүгээрт энэ “санал асуулгад” арга зүй гэж юм угаасаа байхгүй, хоёрдугаарт энэ “санал асуулга” нь жинхэнээсээ санал асуулга авах зорилготой биш ердөө л сурталчилгааны зорилготой учраас тэр.

ТВ-ээр авч байгаа санал асуулгын хувьд зарим нэг давуу тал байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Үзэгчдийн илгээсэн саналууд тэр дороо нэгтгэгдэж, ТВ-ийн дэлгэцнээ үр дүн нь шууд гарах аж. Ийм шуурхай байдал, эргэн мэдээлж байгаа байдал нь сонгогчдын сонирхлыг ихээр татдаг. Дээр нь үзэгчдийг оролцох боломжийг санал болгож, оролцооны аргаар идэвхжүүлдэг. Гэтэл яг энэ шалтгаанаар санал асуулгын үнэний хувь гэдэг юм байхгүй болчихож байгаа юм. Яагаад? Сайн дураараа оролцож байгаа үзэгчид нийт сонгогчдыг төлөөлөх чадваргүй. Энд түүврийн төлөөлөх чадвар гэдэг юм огт байхгүй, түүврийн алдаа гарч байгаа билээ.

Нэгдүгээрт, Тухайн ТВ-ийн үзэгчид хэн бэ? Дор хаяж л тухайн ТВ-ийн үзэгчид, эсвэл тухайн телевизийг тухайн цаг минутад үзэж байгаа үзэгчид саналаа өгөх боломжтой учраас санал асуулгад оролцогчдын боломж хязгаарлагдмал байна. ТВ үзэгчид ихэнхдээ л байнга сувгаа сольж, бүх сувгийг дамжуулан үздэг боловч, нийт массаар нь аваад үзвэл бас ч гэж тухайн сувгийг, тухайн нэвтрүүлгийг үздэг хийгээд үздэггүй үзэгчид тодорхой хэмжээгээр ялгарсан байдаг. Тэгэхээр тухайн ТВ-ийн үзэгчдийн цөм ямар хүмүүс байна гэдэг нь санал асуулгад нөлөөлөх боломжтой.

Хоёрдугаарт, Оролцох боломж хүн бүрт нээлттэй юу? Тухайн ТВ-үүд орон даяар гарч чадахгүй тул нийт сонгогчдыг төлөөлж чадахгүй, нэн ялангуяа хөдөө орон нутгийн сонгогчдын санал тусгагдахгүй үлдэх магадлалтай. С1, Боловсрол, ТВ9-2 сувгууд орон даяар цацагдаж байгаа юу, цацагдаж байгаа бол өдөр бүр цацагдаж байгаа юу, өдөр өдөрт ээлжлэн цацагдаж байгаа юу, цацагдахдаа хэдэн цагаар цацагдаж байгаа вэ? Яг энэ санал асуулгын үеэр цацагдаж байгаа юу гэхчлэн олон асуудал бий. Өөрөөр хэлбэл Завхан аймгийн Баянхайрхан сумын малчин, Баянгол дүүргийн Туулын гудамжны иргэн хоёрын санал асуулгад оролцох боломж ижил байж чадахгүй гэсэн үг.

Гуравдугаарт, Саналууд ижил жинтэй юу? Нэг хүн саналаа хэд хэд дахин өгөх боломж нээлттэй. Санал асуулгуудыг хараад байхад утсаар, мессежээр авдаг ажээ. Нэг дугаараас нэг санал авна гэсэн хязгаарлалт бараг л байхгүй болов уу. Учир нь санал асуулгын далимаар давхар бизнес явж байгаа учраас аль болох олон хүнийг хамруулах, олон удаагийн хандалтыг дэмжиж байгаа. За яахав, нэг дугаараас нэг удаа л оролцох боломжтой гэе. Тухайн үзэгч, гэрийнхээ утсаар нэг удаа, гар утаснаасаа нэжгээд удаа (хоёр гурван гар утастай хүн цөөнгүй бий), гэр бүлийнхнийхээ утсаар тус бүр нэг удаа өгчихөд түүнийг хянах, тооцох боломж байхгүй билээ.

Дөрөвдүгээрт. Санал асуулгад хэн оролцож байна вэ? Санал асуулгад хамгийн идэвхтэй хэсэг нь л оролцож байгаа. Санал асуулгын дүн, оролцогчдын саналаар л гарна. Харин сонгуулийн дүн, сонгуульд оролцогчдын саналаар гарах болно. Энэ хоёрын хооронд зөрүү гарах нь ойлгомжтой боловч тэр зөрүү байж болох хэмжээнээс даваад бүр хэтрээд байгаад л асуудал байгаа билээ. Жишээ нь яг адилхан хоёр сонгогчийн нэг нь Н.Энхбаярыг дэмжиж байгаа, нөгөө нь Ц.Элбэгдоржийг дэмжиж байгаа гэж саная. Хоёулаа бүр улаан фонат, идэвхтэй дэмжигч гэж саная. Гэхдээ санал асуулгад оролцох болохоор нэг нь идэвхтэй нэг нь идэвхгүй байж болох юм. Өөрөөр хэлбэл улс төрийн идэвх, хэн нэг нэр дэвшигчийг дэмжих идэвх, тухайн ТВ-ийг үзэх идэвх, санал асуулгад оролцох идэвх бүгд өөр зүйл билээ.

Тавдугаарт. Нийгмийн бүлгүүд бүгдээрээ санал асуулгад хамрагдаж байгаа юу? Сонголтод нөлөөлж болох нийгэм хүн ам зүйн олон хүчин зүйл бий. Гэтэл энэ санал асуулгад хэн хэн оролцож байгааг хянах шалгах боломж байхгүй. Тиймээс дүнг жигнэж, дүгнэх ч боломжгүй. Эрэгтэй эмэгтэй, хөгшин залуу, ажилтай ажилгүй, өндөр боловсролтой хийгээд бага дунд боловсролтой, нийгмийн идэвхтэй идэвхгүй, баян хоосон, намын гишүүн болоод нам бус, хот хөдөөгийн, хотын дотроо хотын төвийн ба захын хорооллын, орон сууцны болоод гэр хорооллын, ТВ-тэй ТВ-гүй, утастай утасгүй гэх мэтээр олон янзын хүчин зүйл байгаа боловч эдгээрийг тооцох ямарч боломж үндсэндээ байхгүй билээ. Дор хаяж л ТВ-гүй, утасгүйчүүд нь санал өгөх боломжгүй болчихож байна. Мессеж бичдэг хэсгийнхэн л санал асуулгад оролцдог юм бол гар утасгүй, эсхүл мессеж бичиж чаддаггүй, мессеж бичихээсээ залхуурдаг, илүү зардал гэж төвөгшөөдөг, санал асуулгыг ойшоодоггүй боловсрол өндөртэй, нас тогтсон суурь хэсгийнхэн энэхүү санал асуулгын гадна үлдэж байна. Өөрөөр хэлбэл идэвхтэй мессежерүүд л энэ санал асуулгыг дүүргэнэ. Тэд нь голдуу оюутан залуус, дээр нь сонгуулийн насанд хүрээгүй хүүхдүүд (энэ л гэхэд санал асуулгын ач холбогдлыг бууруулах маш ноцтой хүчин зүйл мөн), улс төрийн намын идэвхтнүүд, захиалгаар санал өгөгчид, сонгуулийн штабынхан л санал асуулгад оролцож байгаа гэж болно.

Сонгуульд санал өгөхөд нөлөөлж болох бусад олон хүчин зүйлүүдийг тооцолгүйгээр зөвхөн ТВ-ийн санал асуулгад нөлөөлж болох хүрээнд л дурдахад ийм бөгөөд үүнээс улбаалан ТВ санал асуулгын дүнд итгэх боломжгүй болчихож байгаа юм. Гэхдээ энэ нь санал асуулгыг бүхэлд нь жадлан эсэргүүцэж байгаа хэрэг биш шүү. ТВ –үүд юугаа гаргах нь тэдний дурын хэрэг. Үзэгчдийг татах тэдний арга ч байж болно. Энэ санал асуулга нь бизнесийн зорилготой, тодорхой хэмжээний ашигтай бонустай байхыг ч үгүйсгэхгүй. Давхар энэ нь сурталчилгааны шинжтэй гэдэг нь ч нууц биш. Санал асуулга нэрээр баахан амьтны цөсийг хөөргөж, санал хурааж, хөөсрүүлж хөөсрүүлж, тэр нь тэдэн хувьтай ялж байна гэхчлэн зарлахаар үүнд нь ухамсаргүйгээр итгэдэг, автдаг сонгогчдын бүлэг, хөвдөг дагадаг сонгогчид ч бий билээ.

Дүгнэвэл, эдгээр ТВ санал асуулгуудыг шинжлэх ухааны үндэлэлтэй судалгааны зорилготой санал асуулга гэж үзэх ямар ч боломжгүй бөгөөд гагцхүү нийгмийн сэтгэл зүйг удирдах чиглүүлэх гэсэн зорилготой, сурталчилгааны шинжтэй санал асуулга, PR-ын нэг арга гэж ойлгож болох буюу.

2 Responses to “ТВ САНАЛ АСУУЛГА БА ҮНЭНИЙ ХУВЬ”

  1. zorigtsoc said

    Өргөн нэвтрүүлгийн 13 телевизийн 7 нь МАХН талдаа, 5 нь АН талдаа,2 нь төвийг сахисан байдалтай байгаа гэсэн судалгааны мониторинг байна. Аль намын үзэл баримтлалыг илэрхийлж байна тухайн нэр дэвшигчийн рейтинг өндөр гарч байгаа нь илт байна. Иймээс зөрчилтэй, таны хэлдэгээр аргазүйгүй санал асуулгад итгэх арга байхгүй.
    Ер нь сонин, интернет, телевиз, дөрвөн оронтой лавлах ашиглан хийгдсэн судалгаанууд реформ илэрхийлэх боловч шинжлэх ухаанлаг байдал илэрхийлэхгүй юм.

  2. amur said

    Мэргэжлийн судлаачийн дуу хоолой.
    Таалагдаж байна.

    Зарим нэг хүмүүс аа муу нэг телевизийн жижигхэн худал үнэн нь мэдэгдэхгүй асуулга гэдэгч хүмүүсийн сэтгэл зүйд үнэхээр их нөлөөлдөг. Жишээлбэл суваг солих явцад өөрийнх нь дэмжигчийн реитинг муу байвал бөөн уур болж уураа ойр орчимдоо тараана.

    Ер нь ямар ч үндэслэл, хяналтгүй энэ мэт таны хэлдэгээр худлаа хөөсийг хоригловол таарна.

Leave a reply to amur Cancel reply